“Баруун талын засуул сонс оо, бөх амлая аа

Сонсъё оо

Бүрэн эрхт Монгол Улсын...” хэмээн бөхийн цол уянгалуулан дуудахад би аавыгаа ихэд үгүйлдэг. Миний аав түмэнд нэртэй, олонд тустай амьдарч, нутаг орондоо Гонгор заан хэмээн нэр нь түгсэн бөх хүн байлаа” хэмээн Г.Дамдинням ам нээж, бидний уулзалт эхлэв. Эрхэм гишүүнтэй яриа эхлүүлэхийн өмнө зориуд аавынх нь тухай асуусан нь энэ. Хүн ер нь эцгийнхээ сургаалийг хэрхэн санаж, бодож, тунгааж байгаагаас олон зүйл нь уншигддаг юм даа. Г.Дамдинням “Аав минь зорилготой, зоригтой, хийморьтой амьдраарай, миний хүү. Золтойхон шиг явна шүү. Эр хүн за гэвэл ёогүй байх ёстой. Бариад авсан бол дуусгаж санаа амраарай гэж захьдаг байлаа. Бараг л амны уншлага болж, тархи толгойд шингэсэн энэ захиас намайг хүн болон төлөвших замд хөтөлж, өдий зэрэгтэй явахад минь хамгийн их шим болсон гэж боддог” хэмээн үргэлжлүүлэн ярив.

Эцгийн захиас нь идэрхэн залууг ирлэж, чин зоригийг барьж, тууштай зүтгэх зүг чиг болсон нь гишгэсэн мөрөөс нь тодхон харагдана. Түмэн олныг төрд төлөөлөх эрхээ авсны дараа Г.Дамдинням Дарханы замыг шахаж шаардан, засаж дуусгуулах түмэн олны захиас даалгаврыг биелүүлэхээр хамгийн эхэлж ханцуй шамлав. Тухайн үед Дарханы зам гэхээр улстөрчдийн толгойны үс нь босдог, эвтэйхэн шиг тойрч гараад холоос ажиглахыг илүүд үздэг үе байлаа. Үүн дээр цар тахал давхацсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Хуулаад хаячихсан зам дээр жил бүр 400 гаруй осол бүртгэгдэж, олон хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байв. Ачааны автомашинууд нь шаварт шигдээд эгнэчихсэн. Иргэд тамын замаар зорчиж азаа туршихын оронд галт тэргэндээ чихцэлдэхээр улайрч, тасалбар нь олдохоо больчихсон, бөөн бухимдал. Энэ болгоныг дуугүйхэн хараад, хэн нэгэнтэй сөргөөлцөлдөхгүйхэн шиг эв эеэ хичээгээд хоног хугацааг барах бодол Гонгор зааны хүүд байсангүй. Тиймээс тэр “Би сонгогч олны элч төлөөлөгч, тэдний хүсэл шаардлагыг хүлээж авахаас аргагүй” хэмээн цээжиндээ бамбай болгон барьж, мөс зүссэн юм. Тухайн цаг үед нөхцөл байдлыг гярхай ажиглаж суусан зарим хөгшин хүртэл “Залуу хүний омголон зангаар л ам гарчихав уу даа” хэмээн эргэлзэнгүй тамхиа нэрж суусан удаатай. Тэгвэл өнөөдөр түмэн олны түгшүүр болоод байсан замын ажил үндсэндээ дуусаж, жигдхэн хурдаар давхихад 2:30 цаг орчим яваад л 210 км замаа туулчихаж байна.

Зам тавих ажил дуусаж байгаа ч Г.Дамдиннямын зүтгэл  дуусаагүй. Дарханы замын ажлыг авлига авах боломж болгон харж, албан тушаалаа урвуулсан, хариуцлага алдсан нөхөдтэй “мэх уралдуулна”. Давж байж санаа амарна. Тэр “Уучлаарай, би салахгүй” гэж эрэмгийхэн өгүүлж байна лээ. Заримдаа Г.Дамдинням хэнхэгдүү гэмээр нөхөр. Нэг наалдахаараа салдаггүй зангуу шиг, нэг ажлаас зуурвал сална гэж мөдгүй. Үүнийгээ “Хүн ер нь ямарваа ажилд томилогдсон л бол ажилласан шиг ажиллах ёстой гэж боддог” гэж цайруулна. Тэрбээр 2010-2012 онд ШУТИС-ийн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректорын алба хашиж байх үедээ орон сууц шаардлагатай гэж хүсэлт гаргасан 550 орчим багшийн талыг нь байртай болгож байв. Үлдсэн багш нарыг газартай болгожээ. Үүнийгээ “Асуудлаа судлаад зөв менежмент хийсэн төдий” гэж даруухан тайлбарлана.

Дөнгөж 27, 28 насандаа энэ зэргийн ачааг тэнцүүлчих бядтай явсан хүү боловсролыг шүтсээр өнөөдрийн Дамдиннямыг бүтээжээ. Дэлхийд нэр хүндтэй Канадын Бритиш Колумбийн их сургуулийг дүүргэж, мэдлэг туршлага хуримтлуулснаа бахархан сонирхуулна. “Боловсрол миний амьдралд асар их тус болсон. Тиймээс энэ салбарт онцгой анхаарал хандуулдаг” гэж эхлээд боловсролын салбарын талаар ярих сэдэв үл дундарна. Хэрэв багш хүнтэй таарвал “данхтай цай” дундаа тавиад залуусын хэлдгээр за тэгээд дуус, дуус.

Боловсролын багц хуулийг боловсруулж, батлуулахад Г.Дамдинням манлайлж, ерөнхий “архитектор”-ийн үүрэг гүйцэтгэсэн. Мөн өөрөөр бас бамбар барьж гүйсэн гэж зүйрлэж болно. Тэрбээр үүгээрээ өндөр боловсролтой, сайн менежер гэдгээ тунхагласан билээ. Нэг хэсэг боловсролын сангийн зээл тойрсон асуудал нийгмийн бухимдлыг өдөөж, талцал хуваагдлын ан цавыг үүсгэх хэмжээний шуугиан тарьж байв. Жирийн ард иргэдийн хүүхдийн боломжийг хулгайлж дээдсийн хүүхдүүд тэтгэлэг авдаг гэх гомдол, зэвүүцэл хүчтэй улалзсан. Суурь шалтгаан нь ерөөсөө л англи хэлийг тойрон өрнөсөн яриа цуурхал. Төвийн, хувийн сургуульд сурч байгаа хүүхэд англи хэлийг бага ангиасаа олон цагаар үзэж, 12 дугаар ангиа төгсөхөд олон улсын тэтгэлгийн хамгийн гол шалгуур болох англи хэлтэй байх нөхцөлийг хангачихдаг шүү дээ. Арга ч үгүй юм. Нийт есөн жил англи хэлээр давтуулчихсан хүүхэд чөлөөтэй ярьж, бичихээс аргагүй. Харин улсын сургуулийн хүүхэд тавдугаар ангид орж байж сая нэг юм англи хэлийг цөөн цагаар үзнэ. Орон нутагт англи хэлний багш дутагдалтай байдаг учир чанар бүр ч тааруу. Ингээд 12 дугаар анги төгсөхөд бусад хичээлдээ сайн ч яг тэтгэлгийн шалгуур хангах англи хэлний түвшингээр гологдчихдог. Ерөөсөө төрөөс тэгш боломж бүрдүүлээгүйд асуудал бий.

Тиймээс энэ болгоныг нарийн мэдэрч, ойлгож, анхаарч, ухаарч ажилласнаараа Г.Дамдинням боловсролын үндсэн гадаад хэл бол англи хэл байна хэмээн тууштай зүтгүүлж байгаагаараа тэгш боломжийг бий болгох асар том өөрчлөлтийг хийж байна. Тэрбээр “Намайг өнгөрсөн дөрвөн жилд эх орондоо юуг бүтээж үлдээсэн бэ гэвэл хамгийн эхэнд англи хэлийг хэлнэ” хэмээн ам дүүрэн өгүүлнэ лээ. 10 жилийн дараа бүх хүүхэд, залуус англи хэлээр төрөлх хэл шигээ ярина. Үүнийг бодлого гэдэг юм. Ганцхан үгийн өөрчлөлтөөр Монголын боловсролын салбарт гарсан асар том ялгаа заагийг арилгах, цаашлаад геополитикийн хувьд бие даасан байдлаа бэхжүүлэх, олон улсын хөгжлийн тавцанд монгол залуусыг гаргах, нийгмийн хуваагдлыг арилгах, гуравдагч хөршийн хамтын ажиллагааг дэмжих олон өөрчлөлтийн суурийг бүрдүүлж чадсан улстөрч Г.Дамдиннямаас өөр нэгэн ховорхон биз ээ. Тэр асуудлаа танин мэдэж, судалж, тунгааж байж өөрчлөлтийн цэгийг олж хатгаж чаддаг.  

Гонгорын хүү улс төрийн зүлэг ногоон дэвжээндээ дахин дэвэн дэвсээр гарч ирэв. Ухааны бяр, туршлага нэгэнт тэгширчээ. Түүнд бодсон бодол, шийдсэн мэх буй. Их соён гэгээрүүлэгч Б.Ринчен гуайн “Хуга татуулахаас хулчийж бөхийдөггүй хатан залуу царс мод шиг бай” хэмээх үгээр бүсийг нь чангалъя. Ард түмэн, /сонгогч олон/ дээлийн чинь захыг мушгиж суугаа шүү.

Нэр дэвшигч Г.Дамдиннямын сонгууль эрхэлсэн байгууллага

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 122 (7366)