С.УЯНГА

 

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн 11 дүгээртойрог Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч "Хөгжлийн тав"-ын хамт иргэд сонгогчидтой уулзлаа. “Авлигын эсрэг хийж байгаа тэмцлийг үргэлжлүүлэхийн төлөө, та бүхний сонголт Сонгинохайрхан дүүрэгтээ хийж буй ирэх дөрвөн жилийн хөрөнгө оруулалт юм шүү. Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө бидний багийг дэмжээрэй" хэмээн уриалаад энэ удаагийн сонгууль ард түмний ялалт байгаад зогсохгүй шинэ 30 жилийн эхлэл байх болно гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Энэ үеэр  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2020 оны УИХ-ын нөхөн сонгуулиар Э.Батшугарыг Улсын Их Хурлын гишүүнээр сонгосон сонгинохайрханчууддаа талархал илэрхийлье. Та бүхний сонголт зөв байсан гэдгийг хэлмээр байна. Э.Батшугар парламентын гишүүн болоод цахим байнгын хороог амь оруулж чадсан. Анх цахимжилтын асуудлыг ярихад олон хүн эсэргүүцэж, байнгын хороог хэн төлөөлөх вэ гэдэг асуудал яригдсан. Харин шинэ залуу парламентын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн элч төлөөлөгч Э.Батшугарт хариуцуулаад үзье гэж бодсон.

Э.Батшугар өндөр боловролтой залуу. Энэ богино хугацаанд цахим үндэстэн болох эрх зүйн хүрээнд 109 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулж чадлаа. Үүнд Э.Батшугарын банкны системийг өөрчлөх том концепц ихээхэн тус болсон гэж үзэж байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд томоохон бодлого процесс дээр Э.Батшугар өндөр түвшний манлайллыг үзүүлж чадсан.

Мөн Э.Батшугарыг дэмжсэн сонгинохайрханчуудын дэмжлэг сонгогдсон цагаас өнөөдрийг хүртэл хоёр дахин өссөн байна. Энэ нь тойргийнхоо иргэдтэйгээ ойрхон ажиллаж байна гэсэн үг.

20 минутын хотын том концепциыг “E-Mongolia” системтэй хамтатган цахим эдийн засгийг бий болгох, хиймэл оюун ухаанд тулгуурлаж их хотыг төлөвлөх  энэ үйлст Засгийн газар, Улсын Их Хурлын хамгийн хүчтэй дуу хоолой байж чадах хүн бол Э.Батшугар. Тиймээс өнөөдрийн энэ цахимжилт бол түүний улс төрийн карьерын эхлэл цэг. Маш их ирээдүй, өсөх нөөц бололцоотой цаг цагаар өсөж байгаа залуу улстөрч.Түүнд ирээдүйн том боломжууд бий болж байна гэж хардаг. Тиймээс Э.Батшугарыг төлөөллөөр сонгосон нь Монгол Улсын төр ялангуяа, цахимжилт, шилэн ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг Сонгинохайрханчууддаа дахин хэлье” гэв.

Сонгинохайрхан дүүрэгт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуй, хүлэмжийн тариалалтыг дэмжих “Агро-сити” төсөл хэрэгжүүлнэ. Мөн арьс шир, ноос ноолуур боловсруулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ-ийг хийж байна. Гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий Баянхошуу, Толгойт дэд төв байгуулахаар ажиллаж буй юм. Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар, П.Сайнзориг нарыг багаар нь дэмжихийг уриаллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 122 (7366)