Б.Нямсүрэн

УИХ-ын 2024 оны сонгуулийн 9-р тойрог  Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Г.Шижирбатыг урьж ярилцлаа.

УИХ-д нэр дэвших болсон шалтгаан

-Би сонгуульд өрсөлдөх шийдвэрээ их  эртнээс  гаргасан. Барилга үйлдвэрлэлийн комбинатын мэргэжилтнүүдтэй уулзах үедээ төр засгийн буруу бодлого шийдвэр дарамт болдгийг мэдсэн. Уг нь барилга үйлдвэрийн комбинатын төсөл нь улс оронд хэрэгтэй, хөгжилд хүргэх боломж дүүрэн байдаг. Үүнийг ашиглаж зарим хүмүүс их хэмжээний мөнгө хувьдаа авч өөр зүйлд зарцуулдаг. Угсармал хорооллыг барих сэтгэлтэй хүмүүс бий.  Гэвч тэдэнд орон сууц барих газар, нөхцөл нь бүрдэхгүй байна. Хийж, бүтээх хүсэлтэй хүмүүсийг би дэмжихээр хичээсэн. Гэвч хуулийн төсөл боловсруулдаг УИХ-ын гишүүний дэмжлэг шаардлагатай байгаа учраас эргэлт буцалтгүй зориглож төрж, өссөн Баянгол дүүрэгтээ энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшиж байгаа минь энэ. Уг нь намаас дэвшихээр хөөцөлдөж үзсэн ч тодорхой шалтгааны улмаас бүтээгүй.

Жирийн хүмүүс улс орныг хөгжүүлэх гарц, гаргалгаа шийдэл ярьдаг. Харин бидний төрд сонгосон улс төрчид боловсролгүй биш. Хийж, бүтээх сэтгэл дутаад байдаг гэж хардаг. Монгол бүх зүйлийг засаж сайжруулах хэрэгтэй байна. Тоглоомын талбай дээр хэсэг хугацаанд суухад олон зүйл ажиглагдах жишээтэй.

Иргэд асар хямд үнээр байртай болох боломжтой

-Нийслэлийнхэн жилийн дөрвөн улирлын турш асуудал дунд амьдарч байна. Үйлдвэр комбинатыг бий болгосоор утаа, хөрсний бохирдол, түгжрэлийн асуудал шийдэгдэх боломжтой. Хөрсний бохирдол дулааны улиралд хүний эрүүл мэндэд асуудал учруулдаг. Хашаандаа ногоо тарьсан хүмүүсийн газрыг нь чөлөөлөхдөө ногооныхны суулгацыг өөр газар руу шилжүүлэх боломжтой.  Гэр хорооллын зарим иргэд газраа чөлөөлөх бодолгүй байдаг юм билээ. Нүүрс түлж, модон жорлонгоор орчноо бохирдуулахгүй байх чухал. Үүнийг дэлхий даяар шийдэж, халсан байдаг. Мөн хашаанд байшин, хауст  амьдрах сонирхолтой хүмүүсийг хотоо тэлж амьдрахад нь анхаарна. Иргэд болон барилгын компанийг хохирохгүй байх шийдвэрийг эрэлхийлнэ.

Угсармал хорооллын нэг давуу тал нь иргэд асар хямд үнээр байртай болох боломж бүрдэж байгаа юм. Барилгын ажил нь хэдэн сар жилийн турш үргэлжлэхгүй хурдан хугацаанд техник тоног төхөөрөмж буюу краны тусламжтайгаар барина. Цутгамал барилга ашиглалтад ортлоо их асуудал дагуулдаг. Харин угсармал барилга нь цахилгааны шугам сүлжээ, сантехникийн асуудал нь хүртэл хурдан шийдэгдэнэ. Судлаад үзэхэд угсармал барилгыг Орос улс их барьсан байдаг. Харин манай улс нутагшуулж чадахгүй байна. Оросоос Монголд угсармал хорооллыг дэмжиж таван сая долларын тусламж үзүүлэхээр Элчин сайдын яамаараа дамжуулж бичиг явуулсан байсан. Мэдээж угсармал хорооллыг нэвтрүүлэхэд банкны эрх ашиг яригдана. Мөн утаа, түгжрэл, хөрсний бохирдлоор бизнес хийдэг хүмүүсийн асуудал барилга комбинатын асуудлаар шийдэгдэнэ.  

Улсын хөгжил хүнээсээ шалтгаалдаг

Орон сууцанд хүн амьдраад ирэхээр цаг нь хэмнэлттэй болж сурч хөгжихдөө анхаарна. Мөн хямд байртай болох боломж бүрдүүлэхэд залуус ирээдүйгээ гэгээнээр харж итгэл төгс харж эх орондоо хөдөлмөрлөнө. Гадагшаа гарч буй залуус байрны төлөө хөдөлмөрлөхөөр явдаг. Энэ асуудлыг нь шийдэж Монголд ажиллаж амьдрах боломжоор хангахыг хүсэж байна. Одоо гэр хороололд амьдарч буй хүмүүс галаа түлнэ, усаа авах гээд ахуйн ажил ихтэй байдаг. Энэ бүгд шийдэгдэнэ гэдэгт итгэж болно. Улсын хөгжил хүнээсээ шалтгаална. Угсармал хороолол Монголд баригдана. Гэхдээ хүмүүсийн эрүүл мэндийг бодож эрт хэрэгжүүлэх шаардлагатай байна. Би хоёр ихэр охинтой болохоор ирээдүйг нь боддог. Эрүүл тав тухтай сайхан нийгэмд өсөж торниосой гэж хүсдэг. Хямд өртгөөр байшин барьдаг тогтолцоотой бол сургууль, цэцэрлэгийг барилгыг түргэн хугацаанд барьж эх орны ирээдүй болсон хүүхдийн боловсролд анхаарна. Мөн оюутны кампусыг барих боломж бүрдэнэ гэж хардаг. Одоогийн гурав, дөрөвдүгээр хорооллыг барьж байх үед угсармал хорооллыг барих үе одоотой харьцуулахад  их ялгаатай. Газар хөдлөлтөд тэсвэртэй байдал, ашиглалтын хугацаа, хүйтэнд тэсвэртэй байх зэрэг нь сайжирсан.

Өнөөдрийн түгжрэл, хөрсний бохирдол, утаа юунаас үүсэв

Өнөөдрийн нийгэмд тулгамдаж байгаа асуудал нь үе үеийн улс төрчидтэй холбоотой. Ямар ч цензургүй газар олгосон, буруу бодлого баримталж ажилласан. Мөн орон нутгийн иргэдийн амьдралд анхаараагүйгээс хотод хүн амын төвлөрөл үүссэн. Байгалийн гамшигт үзэгдлээс үүдэж малчид малаа алдлаа гэхэд хот суурин газарт суурьшиж хөдөлмөр эрхэлдэг. Уг нь бол төрөөс орон нутагт нь ажлын байр бий болгож, амьжиргааг нь дэмжих чухал. Хүн үр хүүхдийнхээ боловсролд анхаарч тав тухтай газраа амьдардаг. Хотоос дутахгүй хөгжил цэцэглэсэн, ажлын байртай байвал хүн аймаг, сумандаа амьдарна шүү дээ.

Эх сурвалж: www.zms.mn