С.УЯНГА
УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал шийдэл ярилцаж мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар байна.
Өнгөрсөн өдрүүдэд дүүргийнхээ боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа. Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн дөрвөн жилд найман сургууль, 12 цэцэрлэг шинээр үүдээ нээсэн бол одоо 5600 хүүхдийн багтаамжтай долоон сургууль, 3125 хүүхдийн багтаамжтай 14 цэцэрлэг баригдаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр лаборатори сургууль Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхээ аваад байна. Энэ талаар нэр дэвшигч Э.Батшугар “Миний бие Н.Учрал гишүүний хамт Кембриджийн хөтөлбөрийг тойргийнхоо 151 дүгээр сургуульд нэвтрүүлсэн билээ. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн оюунлаг хүүхдүүд дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмшиж хөл нийлүүлэн алхах боломж нээгдсэнд таатай байдаг” гэдгийг онцоллоо. Харин 151 дүгээр сургуулийн Олон улсын хөтөлбөр хариуцсан сургалтын менежер Л.Ундармаа “Манай сургууль Зүүнсалаанд байрладаг. Дэлхийн боловсрол буюу Кембриджийн олон улсын хөтөлбөрийг сургуульдаа хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. 2023 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал нарын дэмжлэгтэйгээр Кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлэх эрхээ авсан. Энэ нь гэр хорооллын сургууль, хүүхдүүдэд том дэмжлэг болж байгаа. Бид хотын төвийн сургуулийн хүүхдүүд буюу ялангуяа, Монгол Улсын Кембриджийн хөтөлбөртэй дөрвөн сургуулийн нэг болсондоо бахархалтай санагддаг. Энэ нь манай сургуулийн хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүдийн хүлээлт биеллээ олсон гэж хэлж болно. Кембриджийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр багш нараа ээлж дараалан сурган бэлтгэж байна” гэлээ.
Түүнчлэн Э.Батшугарын хувьд Монгол Улс 62 жилийн дараа боловсролын салбартаа цогц реформ хийсэн хууль батлагдахад ажлын хэсэгт орж ажилласан. Боловсролын ерөнхий хууль УИХ-аар батлагдсан нь албан бус боловсрол, амьдралын орчинд суралцахуйг хүлээн зөвшөөрөх, суурь асуудлуудыг хамарсан эрх зүйн цогц шинэчлэл болсныг салбарынхан талархан хүлээн авлаа.
Эрүүл мэндийн салбарын хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүс болгонд төрөлжсөн эмнэлэг байгуулах бодлогыг эрүүл мэндийн салбарынханд танилцууллаа.
УИХ-аас цахим харилцааг баталгаажуулсан 109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төр болон эрүүл мэндийн үйлчилгээ цахимжих эрх зүйн орчин бүрдсэн юм. “E-Mongolia” системээр дамжуулан иргэд эмнэлгийн цаг, шинжилгээний хариугаа цахимаар авдаг болж, хүүхдийн ягаан дэвтрийг цаас биш цахимаар хөтөлдөг болсон нь цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэх бодит үр дүн гарсаар байгааг салбарынхан ярилаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 119 (7363)