Баатарын НЯМСҮРЭН
Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд тэнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээл, бүтээгдэхүүнээ таван өдрийн турш борлуулна. Өдрийн 13 цагийн үед үзэсгэлэн худалдаагаар зочлоход хөл ихтэй угтлаа. Бараа бүтээгдэхүүн сонирхож байгаа иргэдийг ажиглавал залуус, идэр насныхан зонхилж байв. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнүүд дахин давтагдашгүй ур ухаан шингээж хийсэн бүтээлүүд байгаа нь ажиглагдана. Тухайлбал, эсгий эдлэл, модон эдлэл, арьс шир, ноос ноолууран эдлэл, бэлэг дурсгал, үндэсний хувцаснууд багтсаныг дуулгая. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих, тэдний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэ арга хэмжээ энэ сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Энэ өдрүүдэд үзэсгэлэн худалдаанд гар урлаачдаас гадна 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй хоршоод, олон улсын байгууллагууд, гадаад орны гар урлаачдын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн танилцуулан оролцож байгаагаараа онцлогтой.
“Азийн хотуудын гар урлал, ардын урлагийн наадам” тохиож байна
Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувь нэмрийг олон нийтэд таниулах зорилгоор 2017 оны дөрөвдүгээр сарын 6-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей зургаадугаар сарын 27-ны өдрийг “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний өдөр” болгон тэмдэглэх тогтоолыг баталсан. Энэ тогтоолыг таван тэрбум гаруй хүн амыг төлөөлсөн 54 гишүүн орон дэмжсэн байна.
Энэ жилийн ЖДҮ-ийн өдрийг “Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам”-ын хүрээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байна. “Азийн хотуудын гар урлал, ардын урлагийн наадам”-ыг Монгол Улсад 2019 оноос хойш тэмдэглэж эхэлсэн билээ. Харин 2023 оноос эхлэн гар урлалын төрөл нэмэгдэж Монголын гар урлал, сийлбэрчид, уран дархчуудыг олон улсад сурталчлан таниулах, Азийн бусад орны гар урлаачидтай хамтран ажиллах, туршлага судлах боломж бүрдэж эхэлсэн. Өнгөрсөн оны “Азийн ардын урлаг, гар урлалын наадам”-д дэлхийн 10 орны 120 гаруй уран бүтээлч цахимаар оролцсон бол 150 уран бүтээлч Монгол Улсад биечлэн иржээ. Шинээр нэмэгдсэн гар урлалын төрөлд Бүгд найрамдах Энэтхэг улс, Япон, Бүгд Найрамдах Солонгос улс, БНХАУ, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха гэсэн зургаан улсын гар урлаач, Монголоос нийслэлийн 300 орчим гар урлаач оролцож, зургаан өдрийн хугацаанд тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой амжилттай ажилласан байна. Дашрамд дуулгахад Улаанбаатар хот ЮНЕСКО-гийн "Бүтээлч хотуудын сүлжээ”-нд ардын урлаг, бий биелгээ, гар урлал, үндэсний хувцсаа бүртгүүлж, батламжаа авчээ. Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдсэнээр хотын соёл, үнэт зүйл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, өв тээгчдийн нөөц, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр тус холбоонд байдаг 80 гаруй улсын 355 хоттой олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломж бүрджээ. ЮНЕСКО-гийн бүтээлч хотуудын сүлжээний гар урлалын төрөлд монгол эсгий урлал бүртгэгдсэнээр эсгий үйлдвэрлэгчид хамтран “Монголын үндэсний нүүдэлчин эсгийчдийн холбоо”-г 2024 онд байгуулан эсгий урлалыг дэлхий дахинд танилцуулахаар нэгдээд байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд тус холбооноос 100 гаруй гишүүдийнхээ эсгий уран зураг, бэлэг дурсгалын ховор нандин бүтээлүүдээ дэлгэн танилцуулж, эсгий ширмэл урлал, эсгий зулмал урлал, эсгий шивүүрийн урлалын сургалтыг зохион байгуулж байна. Мөн гар урлалыг дэлхий дахинд танилцуулах арга хэмжээний хүрээнд Монголын сийлбэрчдийн урласан сийлбэртэй иж бүрэн тавилгатай 8-10 ханатай 14 гэрийг “Монголын гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ноос барьжээ. Монгол гэрийн онцлог болон давуу тал, сийлбэрийн урлагийн гайхамшиг, гар урчуудын шилдэг бүтээлийн дээж болсон шинэхэн гэрүүдээр зочлох боломжтой. Энэ жилийн “Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам”-д 11 орны 170 гаруй уран бүтээлч бүртгүүлсэн байна. Гар урлалын төрөлд Япон, Солонгос, Энэтхэгийн 20 орчим гар урлаач үндэсний онцлогийг шингээсэн гар урлалын бүтээлүүдээрээ оролцож байна.
“Үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр үргэлжилж байна”
“Миний брэнд” платформыг үүсгэн байгуулагч Б.Ганзориг “Манай платформ нь Монголын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Үйлдвэрлэгч нарт тулгамддаг асуудлын нэг нь бараа бүтээгдэхүүнээ борлуулах. Тиймээс манайх үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Үзэсгэлэнд оролцоход тулгамдаж байгаа асуудлын нэг нь машины зогсоол байна. Ойр зогсоол олдохгүй, зам дээр машинаа тавихаар ачилтын компани ачиж үзэсгэлэнд оролцож байгаа бүтээлийг эвдэлсэн. Дараагийн удаа энэ асуудлыг зохион байгуулж байгаа газраас шийдвэл зохистой. Иргэддээ хандаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна” гэлээ.
“Дэлдэн” брэндийн үүсгэн байгуулагч М.Гэнцэнпилмаа “Миний хувьд брэндээрээ анх удаа үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа нь энэ. Монголд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна. Шинэлэг, өвөрмөц, дахин давтагдашгүй бүтээлүүд үзэсгэлэн худалдаанд багтжээ. Манай “Дэлдэн” брэндийн хувцас том чихээр чимэглэж өгсөн нь өвөрмөц харагдана. Мөн өнгө материал, оёдлоороо ялгарна. Үзэсгэлэн худалдааны ач холбогдол нь үндэсний үйлдвэрлэлээ олонд таниулахад чиглэж байгаа гэж харж байна. Мөн олон улсад сурталчилж өгч байгаа нь сайшаалтай. Урин дулааны цагтай холбоотой манай улсыг жуулчид зорьж иржээ. Тэд үзэсгэлэн худалдаагаар зочилж худалдаа хийж байгааг хэлэхэд таатай байна" гэв.
Үзэсгэлэн худалдааны үеэр буюу маргааш “Монголын үндэсний нүүдэлчин эсгийчдийн холбоо”-ноос авангард хувцас, Японы гар урчуудын үндэсний кимоно, Энэтхэгийн үндэсний хувцасны саарий болон энэтхэг торгоор урласан монгол дээлийн загварын шоу үзүүлбэр болохоор төлөвлөснийг зохион байгуулагчид онцолсон юм. Үзэсгэлэнд зочилж буй иргэд үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний чанарыг сайшаан магтах хүн олон байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 118 (7362)