Ардчилсан нам 9 дэх удаагийн ардчилсан сонгуульд оролцоход бэлэн боллоо. УИХ-ын 2024 оны сонгуульд манай нам нийгмийн, сонгогчдын шаардлага, захиалгад тулгуурлан эдийн засгаа өсгөж, эрх чөлөөгөө сэргээх эрчимт хөгжлийн 9 зорилт, 90 ажил, 900 заалттай мөрийн хөтөлбөрөө боловсруулж чадсан.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын бодитой төлөвлөгөө билээ. Алдагдсан 8 жилийн алдааг засаж, дөрвөн жилийн дотор буюу 2028 он гэхэд монгол хүний амьдралыг түвшнийг сайжруулах, хувь хүний эдийн засгийн эрх, эрх чөлөөг баталгаажуулан, шударга ёс төлөвшсөн, гэрэл гэгээтэй нийгмийг бүтээх мөрийн хөтөлбөрийн 9 зорилтоо товч танилцуулъя.

 

ТАТВАР БУУРУУЛНА, ТӨСӨВ ТАНАНА

 

Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө ДНБ-ий жилийн дундаж өсөлтийг 6 хувиас бууруулахгүй байх, үнийн өсөлтийг хязгаарлаж, инфляцын түвшнийг нэг оронтой тоонд тогтворжуулах, улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танах, шаардлагагүй сангуудыг татан буулгах зэрэг шинэлэг шийдлийг тусгалаа.

 

УТААГ УСТГАНА, ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛНА

 

Шахмал түлшийг хэрхэн зөв түлэх заавартай ноцолдсон он жилүүдэд бүх айлыг цахилгаан халаагууртай болгох кампанит ажил өрнүүлэх боломжтой байв. Ус, цахилгаан, дулааны зардлыг хэмжих автоматжуулалтын нэгдсэн систем нэвтрүүлэх нь чухал. Энэхүү ажлын хүрээнд яндан, нүхэн жорлонг 20-иос доошгүй хувиар бууруулах төсөл хэрэгжүүлнэ.

Мөн түгжрэлийг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, дагуул хот, бусад хотыг холбосон хурдны авто замын сүлжээ байгуулна. Түүнчлэн явган хүн, дугуй, скүүтерээр зорчих дөрвөн улирлын битүү хоолойг газар дээгүүр болон доогуур барихаас эхлээд Богдхан уулыг сэтэлж, Төв аймгийн Зуунмод хоттой холбох нүхэн гарц байгуулах зэрэг бодитой, зоримог алхмыг хийх болно. Ардчилсан намын нэрийн хуудас болсон “Гудамж” төслийг сэргээн хэрэгжүүлнэ.

 

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, САРЫН ТӨЛӨЛТИЙГ БАГАСГАНА

 

Ардчилсан нам 2012-2016 онд эрх барих хугацаанд анх санаачлан хэрэгжүүлсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг одоогийн эрх баригчид зогсоосон билээ. Харин өдгөө сонгууль угтуулан олон ажлыг хам хум хийж буйн нэг нь удтал гацааж зогсоосон ипотекийн зээлийг сэргээж байгаа явдал. Хүн амыг орон сууцжуулах зорилтын хүрээнд “Тогтвортой орлого бүхий орон сууц хөтөлбөр” хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгалаа.

 

ТОГ ТАСРАХГҮЙ, ШАТАХУУН ТАСАЛДАХГҮЙ БОЛГОНО

 

Эрчим хүч бол улс орны амьдралын зүрх. Шийдвэрлэх асуудлуудаа эрэмбэлвэл эрчим хүчээ дотоодоос хангах сорил манай улсын хувьд хамгийн эхэнд бичигдэх ёстой. Бид эрчим хүчний экспортын 5 ГВт хүчин чадлыг бий болгоно. Нар болон салхины эрчим хүчний тус бүр 2 ГВт, нүүрсний 500 МВт, цэнэг хураагуурын 500 МВт хүчин чадлыг бий болгоно. Гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг эргэн сэргээж, уран, байгалийн хийн эх үүсвэрүүдийг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлохыг дэмжинэ. Улсын хэмжээнд байнгын сэлгэлттэй томоохон усан сангийн цогцолбор, хиймэл нуур, хөв цөөрөм байгуулж, усны нөөцийг хуримтлуулах замаар говь, тал, хээрийн нутгийг усаар хангах чиглэл баримтална. Шатахуун хангалтын хэрэгжилтийг удирдлага, менежментээр зөв хангаж, нэгээс олон эх үүсвэртэй болох арга хэмжээ авах талаар мөрийн хөтөлбөртөө хэрэгжүүлэх арга замынх нь хамт тусгалаа.

 

ЗУДАНД ЗУТАРДАГГҮЙ ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН

 

Ардчилсан намын дэвшүүлж байгаа “Хариуцлагатай, чинээлэг малчин” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэх нь үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх гол үйл ажиллагаа болно. Бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн орчныг шинэчилнэ. Мах, махан бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлж, олон улсын стандартад нийцсэн “Монгол мах” брэнд бий болгоно.

Мал эмнэлгийн байгууллагын санаачилгад үндэслэн “Малын эмчилгээ, сувилгааны төв”-ийг төв, суурин газраас зайтай, бэлчээрийн бүс нутагт, малчдад ойрхон байгуулна. Мал эмнэлгийн ерөнхий газрын чадавхыг сайжруулж, махны экспортын гэрчилгээ, баталгаажуулалтын газартай болгох, малчдын татвар төлөлт, нийгмийн даатгалын асуудлыг хуулийн зохицуулалтаар санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлнэ.

 

ХҮССЭН ГАЗРАА ХҮРЭХ 3000 КМ АВТО ЗАМ

 

Ардчилсан нам аймаг, сум болгонд тодорхой маршрут гарган авто замаар холбох ажлыг хийж гүйцэтгэнэ. Орон нутгийн замууд чанар, стандартыг дээд зэргээр хангасан, бат бөх байх ёстой. Бид ирэх дөрвөн жилд орон нутгийн авто замын сүлжээний хүрээнд 3000 км авто зам барина. Тухайлбал, Ховд-Улаангом чиглэлийн 163.3, Алтай-Улиастай чиглэлийн 198, Өлгий-Сагсай-Улаанхус чиглэлийн 89.13, Улиастай-Цэцэг сум чиглэлийн 32.4, Улаанбаатар-Ар хөтөл-Эрдэнэт чиглэлийн 92.1, Ерөө-Бугант чиглэлийн 27.8 км авто зам барина. Богино хугацаанд амжуулсан ажил Ардчилсан намд олон бий. Ипотекийн зээл, 3000 км засмал зам гээд санаачилж хэрэгжүүлсэн бодит ажил, хэрэгжүүлсэн төслүүдтэй. Иймээс ч 3000 км авто зам барьж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

 

ХАШААНДАА САЙХАН АМЬДАРНА

 

Гэр хороолол бол хоцрогдсон, бохир, бүдүүлэг орчин гэдэг ойлголт 2012-2016 онд Ардчилсан нам нийслэлийн удирдлага, менежментийг хэрэгжүүлж байхад өөрчлөгдөж, хувийн эзэмшил, эдлэн газар, тохитой сууцын тухай ойлголт түгэн дэлгэрсэн.

Хот, хөдөөгийн болон гэр хорооллын иргэд өөрсдийн хашааны газар дээрээ айл, хөрш, гудамжаараа нэгдэн төлөвлөлт хийж, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууц болгон дахин төлөвлөх нь ихээхэн үр дүнтэй. Ардчилсан нам иргэдтэйгээ хамтран маш олон өөрчлөлтийг авчирна. Амьдралын чанарыг эрс дээшлүүлнэ.

 

АВЛИГЫН ЯЛЫН БОДЛОГЫГ ГУРАВ ДАХИН ЧАНГАРУУЛНА

 

Данхар төрийн хойрго бөгөөд олон шатлал болсон төрийн албан тушаалтан, дарга нарын эрх мэдлийг хамгаалсан төрийн бодлого авлигыг улам гааруулж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон олон арван дарга нар инээмсэглэн ярилцлага өгч, тун ч удахгүй “цагаадаж”, эсвэл хамгийн муудаа торгуулаад өнгөрч байгааг бид харж буй. Авлигачдын толгойг илсэн энэ байдлыг цаг алдалгүй зогсоохын тулд ялын бодлогыг чангатгах арга хэмжээг Ардчилсан нам төлөвлөлөө.

Төрийн өндөр албан тушаалтны зарлага, орлогын албан татвар төлөлтийг ил болгох, хянах тогтолцоог бүрдүүлж, шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлснээр илрүүлгийн боломж нэмэгдэж, иргэдийн оролцоо ч хангагдана. Ялын бодлогын хувьд авлигын гэмт хэрэгт оноох шийтгэлийг гурав дахин чангаруулж, авлигаас олсон орлогыг шууд хураах, албан тушаалын гэмт хэргээс үүдсэн хохирлыг барагдуулах механизмыг сайжруулах нь авлигын эсрэг тууштай арга хэмжээ болж чадна.

 

ХОТЫН ДАРГАА ИРГЭД СОНГОНО, ЯАМДЫН ТООГ ЦӨӨЛНӨ

 

Хотын дарга өөрөө хотоо сайтар ойлгодог, хотын иргэдтэйгээ нэг тал, асуудлыг хамтдаа шийддэг хүн байх ёстойг бид найман жилийн өмнө ойлгосон. Эс бөгөөс юу тохиолддогийг сүүлийн найман жилийн турш мэдэрч байна. Ардчилсан намаас хог шороогүй, цэвэр цэмцгэр, энд тэндгүй ямар нэг ялзарсан үнэр ханхийдэггүй, дүрэм, журам нь ойлгомжтой, явган хүнд ээлтэй гэх мэтээр том хотод байх ёстой тав тух, эрүүл, аюулгүйн бүхий л стандартыг эхнээс нь хэрэгжүүлж эхлэх мөрийн хөтөлбөр гаргалаа. Нийслэл хотод бид мэргэжлийн баг илгээж, шилдэг менежментийг нэвтрүүлнэ.

Өдгөө Монгол Улсын Засгийн газар 16 яам, 20 сайдтай ажиллаж байна. Энэ нь социализмын үеэс хойш хамгийн олон сайдтай ажиллаж буй Засгийн газар юм. Төр данхайх тусам ажил удааширч, дарга гэсэн анги давхарга бүрдэх сэтгэлгээ хөгжиж, нийгмийн асуудлууд орхигдсоор байдаг. Бид хамгийн цөөн яамтай Засгийн газрыг байгуулна.

Энэхүү 9 зорилт бүхий чамбай мөрийн хөтөлбөрийг маань оюунлаг, хүчирхэг, өндөр ур чадвартай баг хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Монголчууд өнөөдөр эрх чөлөө, хувь заяаныхаа эзэн байж, харц дээгүүр, нуруу цэх, ажилтай, тогтмол орлоготой амьдрахыг хүсэж байна. Улсын дайтай улсдаа хүний дайтай амьдрахыг хүсэж байна. Эзэн нь болсон эх орондоо ингэж амьдрахыг зорьж боловруулсан мөрийн хөтөлбөрийг маань хэрэгжүүлэх 126 нэр дэвшигчийн 73 нь дотоод, 53 нь гадаад улс орнуудад сургууль төгссөн мэргэжлийн баг. Тэдний 102 нь салбар салбартаа мэдлэг, чадвараараа түүчээ болсон, шинэ залуу үеийн төлөөлөл. Тэгвэл үлдсэн 24 нь УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан, ард түмний итгэлийг даах, туршлагатай төлөөлөл юм.

Ардчилсан нам алдагдсан 8 жилийн алдааг засаж чадна аа!

АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 116 (7360)