Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэж байна.

 

“Энэ бүх булхайг хууль хяналтын байгууллага дээр нотлох баримт болохыг хааж хуульчилсан”

 

...Мэдээж, төр нууцтай байлгүй яах вэ. Гэхдээ улсын аюулгүй байдалтай холбоотой, геополитиктой холбоотой зүйл л төрийн нууц. Түүнээс биш авлигал төрийн нууц биш. Дээрээс нь хуулиар, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гээд их гоё нэртэй, зарим хувийн хэвшлийнхэнд “Та нарт татварыг өршөөнө” гэдэг байдлаар гоё тайлбарласан. Гэхдээ энэ дунд энэ бүх булхайг хууль хяналтын байгууллага дээр нотлох баримт болохыг хаасан зүйлийг хуульчилсан. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр хуулийн байгууллага, бас шүүх дээр зарим хэрэг гацчихаад байгааг тэд мэдэж байгаа, юу болсныг. Энэ хуулиар баримтуудыг шүүх дээр нотлох баримт болгож ашиглахыг хориглоно гэчихсэн. Үүнээс болоод бид саарал жагсаалтад орчихсон. Саарал жагсаалтаас болоод зээлжих зэрэглэл байхгүй, энэ хувийн хэвшлүүдэд маш хүнд нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Хөрөнгө оруулагчид үргэж дайжаад явсан. Өнгөрсөн наадмаар л хоёр дахиа ирж байна. Засагдаж байна гээд. Бондоо төлчихлөө гээд. Аймшигтай байгаа биз. Тэгэхэд нэг хүний ийм өөрийнхөө эрх мэдлийн төлөөх шунал, тэгээд хууль дээгүүр давсан хувь хүний хандлага, улсын хэмжээнд юу авчирдаг вэ гэдгийг бид заавал дүгнэх ёстой.

 

“Дараагийн Зоригууд, Булганууд, Чимгээнүүдийг  хэлмэгдүүлэхгүйн тулд энэ заавал Олон улсын асуудал болох ёстой”

 

...Системийн авлигал гэдэг бол хэн нэгэн албан тушаалтан, улс төрийн эрх мэдэлтэн, шүүгчид, хууль хяналтын байгууллага, УИХ, Засгийн газрыг, төрийг системийг утсан хүүхэлдэй мэт дохиураар ашиглаж өөртөө онц их хэмжээний авлигыг Элбэгдорж шиг хийхийг системийн авлигал гэж нэрлэнэ. Үүнийг хувь хүнгүйгээр, тодорхой эзэнгүйгээр ярих боломжгүй. Үүнийг ярихгүй байгаад, өршөөнгүй байх нийгэм эдийн засгийн, хөгжлийн боломж Монгол Улсад алга. Нийгэмдээ нэг зүйлийг уриалахад, аливаа зүйл дээр таамаг байдлаар битгий дүгнэлт хийгээч ээ. Сайхан ирээдүй ярихын тулд өчигдрийн алдааг дүгнэх ёстой. Дүгнэж байж засна. Ирээдүйд хайртай учраас, “Алсын хараа-2050”-ыг хэрэгжүүлэхийн төлөө хичээж байгаа учраас өнгөрсөн системийг зайлшгүй ярьж дүгнэх ёстой. Тийм учраас энэ сонсголууд явах ёстой. Тийм учраас шилэн болох ёстой. Тийм учраас “факт-чек” хийх ёстой. Энэ зүйл дунд Зоригийн хэрэг хамгийн том нь. Тийм учраас Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг бид мартаж болохгүй. Бид Зоригийг мартаж болохгүй. Бид энэ үйл явдлыг нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Яагаад гэвэл дараа дараагийн Зоригууд дээр, дараа дараагийн төрийн зүтгэлтнүүд дээр, дараа дараагийн нийтийн эрх ашгийн төлөө зогсож үгээ хэлж байгаа хүмүүст Зориг шиг асуудал энэ нууц бүлэглэлээс үүсэхгүй байхын тулд, энэ хэргийг хаах гэж дараагийн Булган, дараагийн Чимгээг хэлмэгдүүлэхгүй байхын тулд энэ асуудал заавал зөвхөн Монголын бус Олон улсын асуудал болж гарч ирэх ёстой. Энэ дээр би Ерөнхий сайд байсан ч байгаагүй ч амьсгалах агаар тасартлаа би энэ үнэний төлөө явсаар л байх болно. Магадгүй, хэн нэгний амь насыг ирээдүйд аварч байгаа зүйл учраас, манай эрх зүйн тогтолцооны асуудал учраас, бидний сонгож авсан ардчиллын үнэт зүйлийн төлөөх асуудал учраас би хувь хүний хувьд энэ дээр зогссоор л байх болно.

 

“Ерөнхий сайдын цаг хугацаатай учраас би яарч олон асуудлыг зэрэг гаргаж тавьсан”

 

...Надад гурван жил байлаа. Нэг жил нь ковид, нөгөө хоёр жилд нь энэ алдааг засах, ийм л хугацаа байлаа. Олон асуудлыг яагаад зэрэг гаргаж тавьсан бэ гэхээр Ерөнхий сайдын цаг хугацаа хязгаартай учраас би тэгж яарсан юм. Хүмүүс надад хэлж л байсан, “Ийм олон дайсан зэрэг бүрдүүлээд” гээд. Яалт ч үгүй зөв нь ойлгомжтой, нийгэм дүгнээсэй гэж бодож байгаа зүйлийг л надад өгөгдсөн нийтийн албан тушаал дээр эс үйлдэл хийхгүйн тулд өөрөөсөө чадах бүх зүйлийг л хийж чадна. “Улаанбаатараас ярьж байна” гэдэг нэвтрүүлгээр гарсан миний ярьсан зүйлүүд, бас олон хүн ярих шиг боллоо, мань хүн өөрөө ч байр сууриа илэрхийлэх шиг боллоо. Одоо ингээд эргээд дүгнэ дээ. Миний л үнэн байсан байгаа биз. Зориг Ерөнхий сайд болох худлаа байсан л гэсэн. Баярцогт үнэн байсныг хэлчих шиг боллоо. Яагаад гэвэл Улаанбаатар зочид буудалд хамт хоол идсэн, худлаа гэж хэлэх боломжгүй. Зориг Ерөнхий сайд болох гэж байсан нь бодитой гэдэг нь ингээд хүмүүс ярьчихаж байна. Багабанди дарга ч түүнийг ярьчихсан. Тэр өдөр Баяр дарга хүлээж авч уулзсан. Багабанди Ерөнхийлөгчийн хувьд “Та хэд бичгээр оруулаад ирвэл Ерөнхий сайд болгоход татгалзах зүйлгүй” гээд хэлчихсэн. Гурван асуудал бий. Нэг нь манай Үндсэн хууль, тогтолцоо, системийн алдаа энд явж байгаа юм. Тэр нь юу юм бэ гэхээр, намын дарга Ерөнхий сайд байх ёстой, тэрийг бид мөрдөөгүй. 1996 онд Энхсайхан, Элбэгдорж гэдэг хоёр хүн хоёулаа сонгуульд гавьяа байгуулчихсан. Нэг нь сонгуулийн ерөнхий менежер, нөгөө нь эвслийн дарга. Энэ хоёр “Хэн нь Ерөнхий сайд болох вэ” гэдгээ тогтож чадаагүй. Ингээд Энхсайхан болсон. Тэгээд асуудал үүссэн. Ингэж явж байгаад 1997 онд Ерөнхийлөгчийн сонгууль болоод Энхсайхан дарга ялагдчихсан гэсэн үг. Ингэхээр нам дотор болох зүй ёсны асуудал болсон. Энхболд дарга дээр чиг л болсон асуудал, 30 жилд дандаа л болсон асуудал. Ингээд Элбэгдорж эвслийн дарга байсны хувьд Ерөнхий сайд болсон.

 

“Биелүүлсэн мөрөөдлийг нь тэр тогтоолоор хаасан”

 

...Элбэгдорж Ерөнхий сайд болоод хүсэж мөрөөдөж байсан олон зүйлээ хийх гэж эхлүүлж байгаад гурван сар болоод унасан. Гурван сар болохдоо Эрдэнэтийн талаар л хэлэлцсэн. Залуучуудын жил болгосон. Өөр юу ч байхгүй. Би бас л факт ярьж байна. Яасан гэхээр Эрдэнэтийн удирдлагын төлөөх том зөрчил болсон. Огцроод, огцорсноосоо ердөө 14-хөн хоногийн дараа  Эрдэнэтэд онц байдал тогтоосон. Яг тэр өгүүлбэрээр би хуулбар хийж онц байдал тогтоосон. Тэгэхээр “Эрдэнэтийн 49 дээр яагаад 1991 оны хуулиар онц байдал тогтоочхов оо” гээд байгаа шүү дээ. Би тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд Элбэгдоржийн Засгийн газар яг тэр хуулиар тогтоосон учраас Элбэгдоржид өөрөө худалдаад авах гэж байхад нь яг тэр тогтоолыг үг үсэг ч засахгүйгээр хэрэглэсэн. Зөвхөн он сар өдөр нь өөр байгаа. Тийм учраас Элбэгдорж “Эрдэнэт дээр яагаад онцгой дэглэм тогтоов оо, турж үхэх гэж байсан саалийн үнээг маань таргалуулчхав аа” гэж ярих эрх байхгүй. Яагаад гэхээр Элбэгдоржийн Засгийн газар өөрөө л Эрдэнэт дээр онц байдал тогтоосон. Бүлэглэлийг үүсгэх системийг мань хүн энэ хуулиар хийсэн. Би Элбэгдоржийн биелүүлсэн мөрөөдлийг тэр тогтоолоор хаасан. Яагаад гэхээр эрт орой хэзээ нэгэн цагт ийм зүйл болно гэдгийг би төсөөлж байсан. Элбэгдоржийн Засгийн газар огцорчихсон учраас Зориг Ерөнхий сайд болох нь маш ойлгомжтой байсан. Зоригт ялангуяа ахмадууд маш дуртай байсан. Манай Даш-Ёндон даргаас эхлээд “Маш ноён нуруутай залуу” гэж үздэг байсан. Элбэгдорж шиг хөөрцөглөсөн, хувийн эрх ашгаа хангахын тулд ямар ч эрх зүй, ардчилсан зарчим хамаагүй ийм хүнээс өөр гэдгийг Дашбалбар гуайгаас эхлээд харж байсан. Энэ нь протоколуудад үлдсэн байдаг зүйл шүү дээ. Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг өвгөдийн агуу их үг бол Элбэгдоржид бүрнээ нийцнэ. Мань хүн асар их тачаадаж энэ албан тушаал дээр очсон. Тэгж очсон хүн үнэт зүйл нь албан тушаал болчихдог. Элбэгдоржид бол зүрх сэтгэл нь ардчилал, хүний эрх байгаагүй. Албан тушаал л байсан. Ерөнхий сайд болоод гуравхан сар болоод огцорчихсон учраас Ерөнхийлөгч болоод Эрдэнэтийн 49 хувь, Цагаан суваргаас авхуулаад “Ачит Ихт” гээд тэр хүн хязгааргүй түвшинд албан тушаалаа авч үлдэхийг л хүссэн. Тэгж энэ шүүхийн системийн доргилтыг үүсгэсэн.

 

“Ерөнхий шүүгч асан Зориг ардчиллын төлөө, шүүх засаглалын төлөө үнэнээ хэлчих, надад хэлж байснаа ярьчих”

 

...Хонгилын шүүх гэж яриад байгаа зүйлийг маш энгийнээр орчуулбал “Юу ч хэлсэн за гэдэг, тэр хүнд ёс суртахуунгүйгээр үнэнч байх, дарга даалгавар өгсөн л бол шууд биелүүлдэг байх”, ийм л зүйл. Үүний илэрхийлэл юу вэ гэхээр Чимгээ, Содномдаржаа хоёр. Зориг шүүгч үүнийг надад хэлж байсан. Би Ерөнхий шүүгчийг хэлж байна. “Элбэгдорж Ерөнхийлөгч Чимгээ, Содномдаржаагийн энэ асуудлыг заавал хаа гээд, тэгээд ийм даалгавар өгөөд, олон зүйл болж байсан” гэсэн. Надад яриад, нийгэмд ярьж чадахгүй байна шүү дээ. Энэ дээр би дахиад хэлэхэд, Зориг шүүгч надад ярьж байснаа одоо нийгэмд ярьчихмаар байгаа юм. Яагаад гэхээр утасдаж дарамтлаад “Заавал үүнийг цохь” гэсэн байгаа юм, Элбэгдорж Ерөнхийлөгч. Гэрчүүд ерөнхийдөө ярьчихаж байгаа учраас би яриагүй үлдсэн гэрч нарт зам гаргаж өгөөд байна шүү дээ. Надад ярьчихсан юм чинь одоо нийгэмд ярь аа, ярих нь зөв өө. Яагаад гэхээр тэртэй тэргүй үнэн ялна. Элбэгдоржоосоо битгий ай. Гэж би хэлээд байгаа нь тэр. Ерөнхий шүүгч ер нь шүүх хурлыг удирддаггүй. Утасдаад байсан учраас арга буюу Зориг шүүгч орж тэр хэргийг цохиж дуусгасан. Гэхдээ шүүх бол прокурор, мөрдөх байгууллагын л өгсөн санал дээр үндэслэж цохиж байгаа юм. Гэхдээ энэ юу вэ гэхээр утсан шүүх ажилласан нь үнэн. Үүнийг “телефон жастис” гэж нэрлэдэг. Утсаар шударга ёсыг тогтоох гэсэн үг. Цаашдаа ийм байж болохгүй биз дээ. Энэ ардчилсан шүүх биш. Нэг хүнээр хамааралтайгаар, утсаар “Энийг ялла, энийг боль” гэж шүүхэд нөлөөлж, томилсон шүүгч нараараа дамжуулж нөлөөлж байгаа хэлбэр гэсэн үг. Тийм учраас би Ерөнхий шүүгч асан Зоригийг “Ардчиллын төлөө, шүүх засаглалын төлөө үнэнээ хэлээч ээ” гэж шулуухан хэлэхийг хүсэж байна. Хэлэх байх. Надад хэлж байсан зүйлээ ярьчхаач ээ. Мань хүн улс төрийн дарамтаа дийлээгүй нь л буруу болохоос биш Тэр бол тэр шүүгч нарын буруу гэж би үзэхгүй байгаа. Би сургамж гэдэг талаас яриад байгаагаас хэн нэгнийг мууг үзэх гээд байгаа зүйл огт биш ээ.

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 116 (7360)