Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэж байна.

 

...Зоригийн хөшөөг нүүлгэе гэж хэлж чадаж байгаа хүмүүс, Цагаан суваргын стратегийн ордын төрийн эзэмшлийн хувийг Их хурлаар оруулаад, гаргаж аваад өгчихсөнөө “Энэ бол луйвар биш” гэж тайлбарлах, эсвэл төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах схемийг зохион байгуулчхаад “Тэр бол минийх” гэж тайлбарлах, эсвэл Тамгын газрын даргатайгаа хамт “Ачит Ихт” компани байгуулаад өөрийнхөө нэр дээр “Цаглабар” гээд компанийн дансанд мөнгө байршуулчхаад “Энэ минийх биш” гэж хэлэх бол юу ч биш байхгүй юу даа. Зоригийг түүхэн хүн биш гэж харж чадаж байгаа хүмүүс, ингэж зохион байгуулаад, зохиомлоор энэ хэргийг хаах гээд хоёр хүнийг эрүүдэн шүүчхэж байгаа хэсэг бүлэглэл, Цагаан суварга, 49-ийг ингээд авчихсан хүмүүс наадхыг чинь ингэж тайлбарлах юу ч биш. Энэ дээр эргэлзээд байх хэрэггүй. Харин ч эсрэгээрээ, хувийн хэвшлийг ингэж байж л хамгаалж чадна. Шууд Цагаан суваргыг ингээд л авчхаж чадаж байгаа ийм системтэй бусад уул уурхайн компани яаж өрсөлдөх вэ. Ингэж байгаа компанитай яаж бусад хувийн хэвшил өрсөлдөх юм бэ. Шүүхтэй, тагнуултай, АТГ-тай, цагдаатай, Ерөнхийлөгчтэй, ийм компанитай энгийн компаниуд яаж өрсөлдөх вэ. Энэ бол монопол ч биш, хууль бус ноёрхол. Эрх зүйт төр гэдэг талаасаа төр доголдчихож байгаа юм. Шударга ёс гэдэг талаасаа шүүх засаглал байхгүй болчхож байгаа юм. Ингээд бизнесийн орчинд чөлөөт өрсөлдөөн байхгүй болчхож байгаа юм. Үүнийг бодитоор илэрхийлэх дуу хоолой байхгүй болчхож байгаа юм. Хүний эрх гэж ярихгүй дээ, манай Элбэгдорж хийчихсэн юм чинь гээд. Жапан тауны газрыг булаагаад авчихсан юм, за яршиг, өөрсдөө орчихсон юм чинь. Авлигал хороолол баригдчихсан юм чинь, яахын, хууль хяналтын байгууллагынхан дотроос нь хувьдаа хэдэн байр авчихсан юм байна лээ, за яршиг яршиг, дуугараад яах вэ гээд.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 115 (7359)