Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбоотой Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.  Түүний танилцуулгатай холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Улмаар УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ .Уг хуулийн төсөл нь  мэдээллийн технологийн салбарыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн дэмжлэг, дэвшилтэт технологи, виртуал бүсүүд, ур чадварын хөгжил зэрэг гол чиглэлүүдэд анхаарч буйгаараа онцлог.

Хууль батлагдсанаар:

-Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх,

 -Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох,

- Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

 -Мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлж, цахим эдийн засгийг бодит болгож, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг боломж бүрдэж буй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 109 (7353)