Б.ТУУЛ

Бурхан багшийн их дүйчин өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян мянга түм арвиждаг гэж үздэг учраас хүн бүр энэ өдөр бие хэл сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд идэвхтэй оролцдог билээ. Харин зарим хүмүүс энэ өдрийг хэрхэн тэмдэглэлж, ямар буян үйлдэх эсэхээ сайн мэддэггүй. Тэгвэл бурхны шашинтангууд,  лам хуваргууд танд сайн үйл бүтээх дараах санаануудыг бас хэлж өгсөн юм. Тухайлбал энэ өдөр та

1. Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, уулзах, хүсэлт байвал биелүүлж өгөх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах,

2. Хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх, маань тарни тоолох

3. Ядуу хоосон, өвчтэй зовлонтой хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм, эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх,

4. Бусдын сайн сайхан талыг олж харах, бусдад урмын үг хэлэх,

5. Хэн нэгнийг гомдоосон аваас уучлал хүсэх, харилцан ойлголцох,

6. Мал амьтны амь аварч сэтэрлэх,

7. Лам багш, бурхан шүтээний өмнөөс нэг өдрийн сахил авч ёсчлон сахих,

8. Бурхан шүтээнд тахил зул өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, гэмшил наманчлагаа үйлдэх, хийд оронд өргөл хандив өргөх,

9. Мод тарьж, байгаль орчноо хамгаалах

10. Бясалгал үйлдэж дотоод сэтгэлээ ариусгах,

11. Архи согтууруулах ундаа болон тамхи тэргүүтэн бусад төрлийн хорт бодис хэрэглэхгүй байх,

12. Гэр бүл, үр хүүхдүүдтэй харилцан ойлголцож ярилцах, хамтдаа цагийг өнгөрүүлэх, тоглох, санаа бодлыг нь хүндэтгэн сонсох,

13. Хулгай хийх, худлаа хэлэх, ёс суртахуунгүй үйлдэл, чалчаа үг тэргүүтэн дэмий яриаг хорих,

14. Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх,

15. Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах, тусалж дэмжих

16. Бурхан Багшийн намтар, үлгэрийн далай, бурханы шашны сургаал номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маань мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг бусдын тусын тулд олноор тоолох,

17. Бусдын хийсэн сайн сайхан зүйлд чин сэтгэлээсээ даган баясах, бусад хүнийг сайн сайханд уриалан дуудах, буян үйлдүүлэх, үйлдэхэд туслах,

18. Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах

Эдгээр буянт үйлсийг товчлон хураавал та 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг хураах тустай гэжээ. 

Эх сурвалж: www.zms.mn