Орчин цагийн мал эмнэлэг хэрхэн өндөр түвшинд ажиллаж байгааг Авга хошууны мал эмнэлгээс харж болно. Тус хошууны удирдах байгууллагаас орчин цагийн мал эмнэлгийн үлгэр жишээ болгож, тусгай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн энэ эмнэлгийг нээжээ. Эмнэлэг нь мэргэжлийн эмч нар, тоног төхөөрөмж, байраар бүрэн хангагдсан ба өвчилсөн, гэмтэж бэртсэн малд хамгийн тухтай байхаар ажиллаж байна. Мал эмнэлэг 63270 м.кв талбайтай, үхэр, адуу, хонь болон гэрийн тэжээмэл амьтдыг эмчилж, сувилдаг. Бүс нутгийнхаа малыг хариуцан ажилладаг ажээ.
Өвчилсөн малаас тэр дор нь шинжилгээ авч явуулын лабораториор оношийг нь тогтоодог байна.
Эхийгээ хөхөхгүй, өвс идэхгүй, чацга алдсан тугал, ядаргаанд орсон, ядарч сульдсан хонийг эмнэлгийн түргэн тусламжийн машинаар очиж авчирчээ.
Азарганд хазуулсан моринд дусал хийж байгаа нь.
Мөн өндөр хүчин чадлын оношлогч аппаратууд, хэт авианы аппарат, малын дотор эрхтэний дурангаар хангагдсанаас гадна мэс засал хийх тусгай өрөө, үхсэн малд шинжилгээ хийх лаборторитой.
Өвчтэй малыг тусгай машинаар хотноос нь авчирч зориулалтын ширээн дээр тавьж шинжилгээ хийж, тохирсон эмчилгээг нь хийдэг байна. Шаардлагатай тохиолдолд мэс засал ч хийнэ. Энэ өрөөний наад талын том орон дээр адуу, үхэрт мэс засал хийдэг бол цаад талын жижиг орон дээр хонь, ямаанд мөн мэс ажилбар хийдэг гэж байлаа.
Мөн малын рентгений аппаратаар хугарч, цуурсан ясыг харж, эмчилнэ.
Энэ эмнэлгийн бас нэг онцлог нь тан найруулах лаборторитой. Тусгайлан бэлтгэсэн эмийн ургамлуудаар мэргэжлийн эмч малын өвчинд тохирсон танг найруулан, хандалж өгдөг ажээ. Мал эмнэлэгт ядарч сульдсан, өвдөж зовсон малдаа түргэн шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хямд зардлаар хүргэж, шаардлагатай гэвэл мэс засал хийж өөрсдийн бэлтгэсэн эм, бэлдмэлээрээ эмчилдэг байна. Урьдчилан сэргийлэх вакциныг цаг тухайд нь хийдэг учир сүүлийн жилүүдэд малын халдварт өвчин гараагүй гэж байв. Айл бүр эмийн багцтай учир малынхаа эмчтэй видео дуудлага хийж зааврын дагуу эмчилдэг гэсэн.
Эх сурвалж www.zms.mn