Үндэсний өдөр тутмын “Зуун мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ. Ээлжит зочноор Ардчилсан намын Дэд дарга /Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан/, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Ч.Өнөрбаярыг урьж ярилцлаа. Тэрээр манай сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилаа.

Блиц:

Чадраабалын Өнөрбаяр
Хууль зүйн ухааны доктор (Ph.D)


Боловсрол:    
1998 он: Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн II сургууль
1998-2002 он: Шихихутуг Хууль зүйн дээд сургууль, бакалавр
2002-2004 он: МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр
2012-2014 он: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбургийн Их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрантурт суралцсан.
2014 он: МУИС-д Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 


Ажлын туршлага:    
2003 оноос одоог: МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, ахлах багш, дэд профессор
2009-2011 он: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт, дэд дарга
2011-2012 он: Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга
2012-2017 он: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх
2021-2023 он: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2024 он: Ардчилсан намын Дэд дарга

-Танай өрөөний гол хананд Сайн ноён хан, Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн болон Чингис хаан, Халхын Абтай сайн ханы хөргүүд харагдана. Тэгэхээр та Өндөр гэгээний нутгийнх болж байна уу.  Аав, ээж нутаг, нугаа танилцуулахаас яриагаа эхлэх үү?

-Өвөг дээдэс маань Өндөр гэгээн Занабазарын нутаг одоогийн  Өвөрхангай аймгийн уугуул. Аав Өвөрхангай аймгийн  Зүүнбаян улаан сумынх. Аавын талаас уртын дуучин, багш нар олон төрсөн байдаг. МУИС-ийн багш болсон нь аавын удамтай холбоотой байх. Аав насаараа л даргын жолооч хийсэн. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн, манай аймгийн засаг даргаар ажиллаж байсан Батмөнх гэж сайхан ноён нуруутай төрийн түшээ хүн байсан түүний жолоочоор ажилласан. Ээжийн талынхан   голдуу удирдах ажил хийдэг хүмүүс. Өвөө маань Тарагт сумын нэгдлийн даргаар дээр үед ажиллаж байсан. Манай аймгаас Улсын хоёр математикийн олимпиадын  аварга төрсөн. Нэг нь манай ээжийн үеэл Чинбаатар ах. Мөн ээжийн үеэл Баатар ах гэж аймгийн ИТХ-ын дарга хийж байгаад бурхан болсон.Түүний ах Амгалан ах Монгол Улсын гавьяат багш гээд олон хүмүүс бий. Би хожим ҮАБЗ-ийн Ажлын албанд удирдах ажил хашихын тулд найман үеэ төрөөр шалгуулсан хүн шүү. Ээжийн талд тайж угсаа бий юм билээ. Саяхан Монголын анхны арилжааны хиймэл дагуулыг хөөргөсөн Ч.Анар бол манай Чинбаатар ахын том хүү. Бид хоёр бол үеэлийн хүүхдүүд буюу хаяалууд. Манай ээж болохоор Өвөрхангай Хүнсний үйлдвэр, Аймгийн захиргаанд ажиллаж  байгаад тэтгэвэрт гарсан. Аав маань  2007 онд  бурхан болсон. Би аав ээжээсээ тавуулаа байсан. Хоёр дүүгээ оюутан байхдаа алдаж амьдралын хатууг туулсан гэх үү дээ.

-Найман үеэ судалсан гэлээ. Тайж удмаараа бахархдаг уу. Судалж байхад сонирхолтой баримт юу байх юм?

-Түүх нь Чингис хааны Алтан ургийнхнаас Мандуул хаан, Баянмөнх жонон хоёр байж байгаад алагдаж жононгийн хүү Батмөнх даян хаан болж улмаар түүний бага хатнаас гарсан олон хаан хөвгүүд Халхыг долоо хувааж захирах болсон. Алтан ургийн тайж угсааныхан тэр цагаас олон болж ургийн бичгийг сайн хөтөлдөг болсон юм билээ. Монгол Улсынхаа анхны ерөнхий сайдынхаа зургийг өрөөндөө залсан нь учиртай. 1911 онд Монголчууд үндэсний  тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараагаар Монгол Улсын цаашдын хувь заяанд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн үүрэг их байсан гэж түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Тэрээр тусгаар Монгол цаашид цоо шинэ хөгжлийн замаар явах ёстой гээд тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнгийн буриад эрдэмтэн Жамсрангийн Цэвээнд бусад орны Үндсэн хуулийг судлах үүрэг өгсөн байдаг. Уг эрдэмтэн Япон, Франц, Англи гэх мэт 10 гаруй орны үндсэн хуулийг судлаад 1914 онд Улсын эрх гэдэг бүтээлийг туурвиж Сайн ноён хан Т.Намнансүрэнд айлтгасан байдаг.  Мөн тухайн цаг дор Английн маягаар Улсын дээд доод хурлыг байгуулсан түүхтэй.  Ер нь 1911 онд Чингисийн алтан ургийн олон тайж, ноёд VIII дугаар Богдтой нийлж Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах гол ажлыг эхлүүлж, Хэмжээт эрхт хаантай парламентын ардчилсан засаглалыг чухалчилж байсан нь анзаарагддаг. Тиймээс би 1990 оны Ардчилсан хувьсгалыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл байсан гэж боддог. Хүнд хэцүү бэрх цагт Монгол Улсыг хөгжлийн зөв замд чилгүүлсэн түүхэн хүн учраас хүндэлж Сайн ноён ханы хөргийг өрөөндөө залсан. Зэргэлдээ зураг нь Халхын Абтай сайн ханы зураг. Абтай сайн хан “Эрдэнэзуу” хийдийн шавыг тавьсан Чингис хааны удмын гол хаан байв. Абтай сайн ханы хүү түшээт хан Гомбодорж. Түүний хүү нь Дорнын  Да Винчи гэж дэлхийд алдаршсан бурхны шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазар. Бүгд Чингисийн алтан ургийн хүмүүс. Тиймээс Чингис хааныхаа зургийг дунд нь залсан. Учир нь энэ түүхэн хүмүүсийн алсын хараа, билэг оюунаараа тунгаах ухаан, бусдыг энэрэн хайрлах сэтгэл. Зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчмыг үргэлж санаж байхыг хичээдэг гэх үү дээ. Шүтлэгийн хувьд Их Монголыг даасан  Очирваань бурхандаа сүсэглэдэг.

 

Ардчилалтай хамт Монголчууд  өмнөх түүхээ сэргээж  авсан

-Тэгэхээр 1911 онд 200 жилийн манжийн дарлалаас гарч Монгол Улс ардчилсан парламенттай улс байгуулж байсан гэхээр бидний өвөг дээдэс эрх чөлөөг их эртнээс хүсэж байсан нь түүхээсээ илэрхий. 70 жил нэг намын системээр явж бурхан, шашнаа ч сүсэглэх эрхгүй өнгөрсөн түүхээ мартсан. Харин 1990 оны ардчилсан хувьсгалаар бидний тарих толгой онгойж хүний эрх, эрх чөлөөг олж авсан. Гэтэл өнөөдөр бид үүнийг мартаж эхэлсэн үү. Буцаад өнгөрсөн нийгэм рүүгээ ухрах гээд байна уу гэсэн зүйлийг ярьж эхэллээ?

-Бид Монголын ардчилалтай хамт  мартагдсан байсан олон зүйлийг олж авсан. Чингис хааныхаа нэрийг бүтнээр нь хэлж чаддаггүй. Ойг нь хүртэл тэмдэглэх гээд Шинжлэх ухааны академиас төр засагт санал оруулсан ч дэмжигддэггүй тийм цаг дор монголчууд бид амьдарч байсан. Аав, ээжийнхээ өгсөн нэрийг хүртэл бүрэн авах эрхгүй байсан үе. Манай ээжийн талын ах Чингисбаатар ах Орос руу сургуульд явсан. Гэтэл Чингис гэсэн нэрд дургүй байсан болохоор нэрийг нь Баатар болгосон гэдэг. Юун шашин шүтэх. Зул өргөхдөө хүртэл айдастай. Харин ардчилалтай хамт Монголчууд түүхээ, шашин, соёлоо сэргээн мандуулсан. Хууль дээдлэх зарчмыг 1992 онд баталсан Ардчилсан Үндсэн хуульд суулгасан. Үүнийг Үндсэн хуулийн эх баригч Чимид багш Америк, Герман зэрэг барууны аль нэг улсын хуулиас хуулаад тавьсан зүйл огт биш. Энэ зарчим бидний уугуул сэтгэлгээнд байсан. Монголчууд “ёс дагаж хүн, яс дагаж мах” гэж хэлц үг хэлэлцдэг. Ёс гэж хууль ёсыг хэлдэг байж. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна”, “Зуд нэг жилийнх, журам мянган жилийнх” гэх зэргээр сургадаг. Журам мянган жилийнх гэдэг нь сайн хууль олон мянган жил тогтвортой үйлчлэх ёстой гэх зэргээр бидний өвөг дээдсийн ухаанд эдгээр үгс байсан. Энэ бүгд хөгжсөөр яваад одоогоос 100 жилийн өмнө Сайн ноён хан Намнансүрэн, Жамсрангийн Цэвээн, Чин ван Ханддорж зэрэг олон хүмүүсийн нөлөөгөөр  Үндсэн хуулийн төсөл болж, хожим 1992 онд Ардчилсан Үндсэн хууль болж батлагдсан юм.

-Эрх зүйч болоход юу нөлөөлөв. Төгссөн, суралцсан их сургуулиудын талаар?

-Би арван жилийн сургуулиа Өвөрхангайд төгссөн. Миний мөрөөдөл хуулийн сургуульд элсэх хуульч болох байсан. Төгсөх үед МУИС-ийн Хуулийн ангид орж чадаагүй ч  Шихихутугт элссэн. Тухайн үед цөөн хүүхэд элсүүлдэг чанартай сургууль байсан. Хувийн сургууль хэдий ч академич С.Нарангэрэл, Д.Лүндээжанцан, Ч.Энхбаатар, Цэцийн анхны дарга Г.Совд тэргүүтэй Монголын шилдэг хуульч эрдэмтэд хичээл заадаг байсан. Төгсөөд сургуульдаа багшлах  байсан ч  МУИС-д орох мөрөөдөл минь дийлж магистрын шалгалт өгсөн. 200 гаруй залуусаас шалгалт өгч оноогоороо дээрээсээ хоёрт жагсаж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрантурт орсон. Дараа Н.Туяа багштайгаа хэсэг ажиллаад тэгээд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тухайн үеийн удирдлагууд С.Нарангэрэл, Н.Лүндэндорж багш нарын туслахаар ажилласан. 

Мөн өөрийгөө маш их дайчилсан. Мэдээж хувийн сургууль төгссөн хүн МУИС-д багш болно гэдэг амаргүй. Гадаадын өндөр хөгжилтэй улсад суралцаж төгссөн эсвэл МУИС төгссөн хүн л багш болох боломжтой байсан. Миний хувьд маш их сорилт, бэрхшээлийг давж гарсан. Тэгээд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг, 2014 онд докторын зэргээ амжилттай хамгаалсан. МУИС Хууль зүйн сургууль бол надад маш их зүйлийг өгсөн ачтай буянтай газар. Хожим буюу 2018 онд МУИС-д доктор хамгаалсан сэдвээрээ Английн Оксфордын их сургуулийн Хуулийн факультетад зочин судлаачаар ажиллах боломж олдсон. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа бас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Эдинбургийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн магистрантурт цахимаар суралцаж төгссөн. Ер нь хүн өөрийгөө боллоо ханаллаа би алтан толгой гэж төөрөлдсөн үеэсээ л зэвэрч эхэлдэг байх. Тиймээс цаг ямагт өөрийг хөгжүүлж, бусдын сайнаас нь суралцаж явах нь чухал гэж боддог.

-Улс төрд хэрхэн хөл тавив. МУИС-ийн багш нар С. Зориг агсан, математикч Р. Гончигдорж  гэсэн 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт илүү  манлайлж оролцсон гэдэг. Тэгэхээр энэ сургуулийн суурь нөлөөлсөн үү?

-Бид нар шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш багш болсон учраас ардчилсан шинэ үзэл санааг л заах ёстой биз дээ. Бидний баримталж байсан суурь зарчим хүний эрх хамгийн дээд үнэт зүйл байсан. Иргэнийхээ эрх чөлөөнөөс дээгүүр тавьдаг эрх мэдэл гэж байх боломжгүй. Төрийн эрх мэдэл, улс төрийн эрх мэдэл нь иргэний эрх чөлөөнд захирагддаг байх ёстой. Үүнийг л ямар нэг хэмжээнд баталгаажуулж хамгаалах нь төр засгийн үндсэн үүрэг байх ёстой гэсэн агуулгаар хичээлээ ордог. Сууриараа либерал үзэлтэй,  ардчиллын үзэлтэй, эрх чөлөөний үзэлтэй гэх үү дээ. Эрх чөлөөт үндсэн хуулийн үзэл санаа ямар байдаг тэр агуулга, философиор л хичээлээ заадаг. Учир нь бид Ардчилсан эрх зүйт төртэй Монгол Улсын эрх зүйчдийг бэлдэж байгаа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй.

-Та нарын үеийнхнийг тэрний цүнх баригч, туслах байсан гээд л ярьдаг. Таныг бас Ц.Элбэгдоржийн хүн гэдэг. Үзэл бодлоороо АН-ийг сонгосон юм байж. Тэгвэл яагаад дөнгөж 27 настай залуугаараа  ҮАБЗ, АТГ, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх  гээд том, том албан тушаалд очсон юм бэ?

-Би долоон настайдаа сургуульд орсон. Тэгээд боловсролын өөрчлөлтөөр  улс орон даяр биднийг хоёр анги дэвшүүлсэн. Гуравдугаар ангид байхдаа тавдугаар анги руу үсэрч дэвшсэн. Уг нь тэр үед найман настай сургуульд ордог байтал би долоон настай сургуульд орсон юм. Тэгэхээр 18 настай оюутан болдог байхад би 16 настай оюутан болсон. 2007 онд тухайн үед АН-ын дарга Ц.Элбэгдорж Хуулийн сургуулийн залуу багш нар болох Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат, Батсуурь намайг хамтаар дуудаж уулзсан. Ардчилсан нам эрх зүйн шинэтгэл хиймээр байна. Шинэ Үндсэн хуулийн зураглал гаргамаар байна. Та нар судалгаа хийж өгөөч гэж хэлсэн. Бид нар хамтарч шинэ маягийн Үндсэн хуулийн төсөл хийсэн. Хууль зүйн шинэтгэл хаашаа явах юм, Шүүх эрх мэдлийн салбарыг яаж шинэчлэх юм, Прокурорыг хэрхэх юм гэх мэт асуудал дээр бид харьцуулсан судалгааны ажил хийсэн.

 

 Цаасан дээр  сайн хууль төрүүлж болох ч хэрэгжүүлэх процесс их хэцүү

 

-Тэгэхээр энэ зураглал нь ямар учиртай юм. Б.Чимэд хуульч  юу гэж дүгнэсэн юм?

-Бидний боловсруулсан Үндсэн хуулийн төслийг Б.Чимид багшид Ц.Элбэгдорж даргад үзүүлж саналыг авсан байдаг. Багш үзээд энэ бол харьцуулсан Үндсэн хуулийн судалгааны сайн тайлан болжээ. Гэхдээ Үндсэн хууль биш гэж хэлсэн юм билээ. Аргагүй л дээ дандаа залуу судлаачид хийсэн. Хожим судалгааны ажлаа чамбайруулсан 2012 оны АН-ын мөрийн хөтөлбөрт сууж Тэмүүжин Хууль зүйн сайд болоод хэрэгжүүлэх гэж хичээсэн. Маш олон сорилт бэрхшээлтэй тулгарсан. Зарим нь амжилттай болж зарим нь бүтэлгүйтсэн гэх үү дээ. Цагдааг цэргийн цолтой байлгах шаардлагагүй. Даргыг нь иргэдээс сонгодог болгоё. Мөрдөх албыг тусад нь гаргая. Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан хуультай больё гэх мэт. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны  тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Харин Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох  хуулийг батлуулах гээд чадаагүй. Учир нь дарга нар өөрт хариуцлага тооцох хуульд дурамжхан ханддаг юм билээ.

 

Монголчууд дэлхий дээрх  бүх ШЕЗ-ийн загварыг туршиж үзсэн

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Хууль зүйн сайд хийдэг болсон. ШЕЗ-ийн дарга Шүүгчийг сонгон шалгаруулдаг, шагнаж урамшуулдаг, гадаад дотоод явахыг шийддэг. Гэтэл Хууль зүйн сайд Шүүгч нарыг өрөөндөө дуудаж дарамталдаг гэсэн яриа тухай үед ихээр гарч Багабанди Ерөнхийлөгчийн үед Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг ШЕЗ-ийн дарга болгосон. Гэтэл Дээд шүүхийн ерөнхий шүүгч доод шатны шүүгч нараа удирддаг боллоо. Шүүгч нарын хараат бус  байдалд халдаад байна гэсэн бүр том шүүмжлэл өрнөсөн. Энэ үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалыг салгасан.  Тодруулбал, Дээд шүүхийн ерөнхий шүүгч зөвхөн шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Шүүхийн захиргааны ажлыг бие даасан тусдаа институт хэрэгжүүлдэг болсон. Гэвч дахиад шүүмжлэл өрнөсөн. Монголчууд  бид дэлхий дээрх  бүх ШЕЗ-ийн загварыг туршиж үзсэн. Ер нь цаашид аль нэг загварыг төлөвштөл нь урт хугацаанд тогтвортой нутагшуулах шаардлагатай байх.

 

ҮАБЗ-ийн зөвлөлд орж ажилласан нь Монголын төрд зүтгэх замыг нээсэн

Оюутан цэрэг хөтөлбөр, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль,Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын хууль гэх мэт 
50 гаруй хуулийн төсөл дээр ажиллаж, 36 хуулийн төсөл өргөн барьснаас 23 хуулийн төслийг батлуулсан.

-Ингээд 2008 оны сонгууль болж бидний үеийнхнээс Х.Тэмүүжин УИХ-д нэр дэвшсэн. Сонгууль болсон учраас төв нам дээр Хуулийн албаны дарга хэрэгтэй болсон. АН-ын сонгуулийн штабын дарга Улс төр боловсролын академийн захирал улс төрч  доктор Ганбат ах намайг дуудаад чи ирж ажилламаар байна гэсэн. Гэтэл долоодугаар сарын 1-ний үйл явдал болж МАХН 45 суудал авсан.Тэмүүжин УИХ-ын гишүүн болсон. Ингэж л АН-д холбогдсон. Нэг жилийн дараа 2009  Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Түүхэндээ анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болж ҮАБЗ-ийн Ажлын албанд ахлах референтээр ажиллах боломж гарсан. Энд ажиллахдаа үнэндээ бичиг цаастай л зууралдсан. ҮАБЗ-ийн шугамаар  Шүүхийн шинэтгэлийг үзүүлэх  хөтөлбөрийг Б.Чимид багш ахалж бид нэлээн олууллаа ажилласан. Нийслэлийн агаарын бохирдлын тухай хууль, Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувь нь лиценз маягаар нэг улсаас хамааралтай болсон байна гэж үзэж тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх хуулийг боловсруулахад оролцсон. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх ажилд оролцсон. Энэ хооронд ҮАБЗ-ийн ажлын албаны дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч болсон. 2010 онд Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан талийгаач М.Батчимэгтэй хамтран ажиллаж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчилж УИХ-аар батлуулсан.

2011 онд АТГ-ын удирдлага солигдож төрийн албаны сэлгэн ажиллах журмаар АТГ-д Тамгын даргаар ирж ажилласан. Аль болохоор энэ байгууллагыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд ил тод нээлттэй байлгахыг оролдож ажилласан. 2012 онд УИХ сонгууль болж Ардчилсан нам сонгуульд яллаа. Нэлээн өөрчлөлт хөдөлгөөн хийгдсэн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд боллоо. Ерөнхийлөгчийн зөвлөх байсан П.Цагаан гуай Тамгын газрын дарга болсон. Цагаан даргын оронд Хуулийн зөвлөхөөр Баярцэцэг очсон байсан. Гэтэл Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Баярцэцэг томилогдож Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх эзэнгүй болж орон тоо гарсан. Энэ үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч намайг дуудаад  би маш олон хуулийн төсөл батлуулах санаатай ажиллаж байна. Би чамайг өмнө нь ҮАБЗ-д ажиллаж байхдаа олон хуулийн төсөл дээр ажилласныг мэднэ.  Тиймээс Хуулийн зөвлөхөөрөө авч ажиллуулах саналтай байна гэсэн. Ингээд л Монгол төрийн Ерөнхийлөгчийн институтэд ажилласан түүхтэй. Би өөрийгөө хэн нэгэн хүний цүнх барьсан биш Монголын төрд зүтгэсэн л гэж боддог.

-Та зөвлөх байхдаа  Шилэн дансны тухай хуулиас эхлүүлээд  олон хууль батлуулсан гэсэн.  Ямар ямар хууль батлуулж байв?

-Зөвлөх болоод хамгийн анхны батлуулсан хууль Эзэн Чингис хааны төрсөн өдөр Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хууль байсан. Би үүнд их бэлгэшээдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байсан. Өвлийн тэргүүн сарын шинийн1-ний өдрийг бүх нийтээр амрах тухай. Тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах шаардлагатай болсон. Мөн Оюутан цэрэг хөтөлбөр, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль,Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын хууль гэх мэт  50 гаруй хуулийн төсөл дээр ажиллаж, 36 хуулийн төсөл өргөн барьснаас 23 хуулийн төслийг батлуулсан.

-Тэр үеийн Ирээдүйн өв сангийн тухай хууль ямар онцлогтой батлагдаж байв. 2016 онд их наядаар хэмжигдэх мөнгө хуримтлагдсан байсан гэдэг?

-Байгалийн баялгаас олсон орлогыг шууд Ирээдүй өв санд хуримтлал үүсгэж хойч үедээ үлдээе гэсэн агуулгаар баталсан. Тэр үед  гурван их наяд төгрөг хуримтлагдсан байсан. Гэхдээ энэ мөнгийг “Ковид-19”-ийн үеэр зарцуулаад дууссан юм шиг байна лээ. Хаашаа орсон нь ойлгомжгүй. Уг нь хуулиараа 2030 он хүртэл Ирээдүйн өв санд хуримтлагдсан мөнгийг юунд ч  зарцуулж болохгүй гэж тодорхой зааж өгсөн. Гэвч “Ковид-19”-ын үеэр Онц байдлаар  шалтаглаж зарцуулсан. Үүний тайлан одоо болтол ил  болоогүй. Уг нь ямар ч тохиолдолд Ирээдүй өв сан руу халдах ёсгүй байсан. 2030 он хүртэл хуримтлуулсан бол бид дараа үедээ  их хэмжээний мөнгө үлдээж олон залуучууд гадаадад сурч боловсрох, орон сууцжуулах, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулах боломжтой байсан. Хууль нь хүчингүй болоогүй хэвээрээ байгаа хэдий ч доторх мөнгийг нь аваад идчихсэн.

 

Монгол Улс  Оросын маягийн нэг том намтай тойроод олон жижиг тоглоомын намтай улс байж болохгүй

 

-Намаа нэгтгэхэд таны хүчин зүтгэл их байсан. Намын  ерөнхий нарийн бичгийн дарга  болж албан ёсны бүртгэлтэй, тамга тэмдэгтэй нам болж даргаа сонгосон. Ийм чухал үүрэг гүйцэтгэсэн хүн  Ерөнхий нарийн бичгийн даргаа үргэлжлүүлэх байх гэсэн хүлээлт байсан?

-Би эхлээд нэг талд явж байгаад сүүлдээ намаа нэгтгэе л гэж бодсон. Анзаарсан бол намын даргад С.Баярцогт, Лу.Гантөмөр нар өрсөлдсөн. Лу.Гантөмөр даргаар сонгогдсон. Гэхдээ намын дарга Лу.Гантөмөрийн  материалыг хэн Дээд шүүхэд өгснийг та нар мэдсэн үү. Намын талаас би, УИХ-ын талаас АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ҮБХ-ны дарга Батсуурь гишүүн бид гурвын гарын үсэгтэй бичиг аваачиж өгсөн. Тиймээс намаа  нэгтгэхэд өөрийгөө голлож оролцсон хүн гэж боддог. Тэр үед зарим нь Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүй гээд л гүйж явсан. Зарим нь хууль бус дарга. Харзная, дүрмийн бус дарга гэх мэтээр  Гантөмөр даргыг зөвшөөрөхгүй олон хүн байсан. АН нэгдэх нь Монгол Улсад хэрэгтэй юмаа. АН жижгэрэх юм бол  Монгол Улс том гүрний тоглоом болно. МАН дангаараа том гүрний шахалтыг давж гарч чадахгүй. Бидний өвөг дээдсийнхээ цус нулимсаар төлсөн төлөөс үүнийг нотолно. Заримдаа том гүрнүүд бидэнд сонголтыг биш тулгалтыг өгдөг юм.  Ардчилсан нам бол Монголын ардчилал, тусгаар тогтнолын дархлаа, нэг баталгаа нь юм. Чингисийн Монгол аль нэг том гүрний халаасны Монгол болж болохгүй. Энэ бол миний хатуу итгэл үнэмшил юм.  

-Лу. Гантөмөр даргыг бүртгэнэ гэхэд хэр итгэлтэй байсан бэ?

-Нэгдүгээрт, дүрмээ харахаар хэд хэдэн боломж байсан. Тухайн үед тайлбарлаад ойлгож  буй нэг хэсэг байсан. Ойлгохгүй шалтгаан тоочсон нэг хэсэг нь байсан. Нэг зүйлийг онцолж хэлэхэд ямар ч байсан тархай, бутархай намаа нэг даргатай, нэг тамгатай болгоё, намаа нэгтгэе гэж бодож байсан олон хүмүүсийн хүчин чармайлтаар бүтсэн ажил гэж хардаг. Намаа нийлүүлэхэд хичээл зүтгэл гаргасан бүх хүмүүсээ АН шударгаар үнэлэх ёстой  гэж боддог. Тэгж байж манай намд зөв жишиг, шударга зарчим тогтоно. Ер нь намын хуваагдал дараа үед том сургамж болж үлдэх байх.

-Одоо тэгээд таныг нам  яаж хардаг вэ. Та уг нь ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалдаа үлдсэн бол магадгүй өнөөдөр намын жагсаалтад орох, цаашдаа энэ намын дарга ч болох  боломж байсан л байх. Дунд үеийн төлөөлөл гэдгээр?

-Янз бүрээр л хардаг байх. Манай нам чинь олон ургалч үзэлтэй нам шүү дээ. Хичээл зүтгэлийг минь ихэнх нь мэдэх байх. Би яагаад ерөнхий нарийн бичгийн даргаар үлдээгүй вэ гэвэл надад намаа нийлүүлэх нь чухал байсан болохоос биш албан тушаал дээр үлдэх нь чухал байгаагүй. Нөгөөтээгүүр, хэн ч албан тушаалаас төрдөггүй биз дээ. Магадгүй миний үүрэг намаа эвлүүлж нийлүүлэх нь чухал байсан. Энэ үүргээ гүйцэтгэсэн. Дараагийн хүмүүсийг энэ албыг аваад л явж байна. Ухаан зарж сайн ажиллах байх гэж бодож байна. Иргэдийн итгэлийг авч илүү санаачилгатай, идэвхтэй ажиллах шаардлага бий. Иргэдийн, намын жирийн гишүүдийн хүлээлт их байна. Түүнийг нь хөсөрдүүлж яавч болохгүй. Иргэд Ардчилсан нам ялаасай илүү сайн байгаасай л гэж хүсэж байна. Нэгнийхээ сул талыг нөгөө нь  нөхөөд хамтаараа ялах л чухал. Хамтаараа ялж байж Монголынхоо асуудлыг томоор нь шийдвэрлэнэ. Тэгэхээр тэвчээр гаргах  зүйлд хойшоо ухарч чаддаг байх хэрэгтэй. Бүх зүйлийг авах гээд дайраад байх нь сайн зүйл биш. Шунах тусам аливаа зүйл буруу болдог. Зарим зүйлээс хүн холдож чаддаг, хаяж чаддаг байх алсын хараатай байх  нь  чухал.

-Бурхны шашинд лам нар ном хаялцдаг байсныг угтаа мэтгэлцэж байсан гэж үзвэл их эртнээс ардчилалтай болж байна аа даа. Тэгэхээр АН дотроо эв нэгдэлгүй, хэрүүлтэй, шүүмжлэлтэй гэдэг нь уг нь их ардчилалтай болоод тэр үү?

-Ардчилал ганц манай намын өмч биш. “Тогтоол ус мууддаг, урсгал ус цэнгэг байдаг” гэдэгтэй ижил ардчилсан зарчимтай үед янз бүрийн үзэл бодол, эрүүл шүүмжлэл, байр суурь  ямагт дагалдана. Хэн нэгэн ухаантны, даргын хэлсэн үг үнэн байх албагүй. Ингээд харахаар урсгал устай ижилхэн зүйл. Байнгын амьд сэлгэгдэж байх. Нэг  үгээр хэлбэл, таны хэлээд байгаа лам нараар бол ном хаялцдаг. Эрдэм чадалтай нь дээшээ явдаг. Энэ зарчим бол ардчиллын хамгийн чухал үнэт зүйл. Эрүүл шүүмж өрнөх боломжтой байна гэдэг бол Монголын хөгжилд тустаа зүйл. Хэрэв энэ үнэт зүйл, зарчим үгүй болох аваас  хэн нэгэн том удирдагчийг нь том гүрнүүд  өөрийн болгож аваад үзлээ тулгадаг, сонголт өгдөггүй. Чи ингэ, тэг гэдэг сонголт тулгадаг. Тэгэхээр гадаадын том гүрний  тулгалтад орохгүйн тулд өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Бусад намууд, ялангуяа эрх барьж байгаа нам энэ талаас нь хараасай гэж хүсэж байна. Сонгуульд зөвхөн өөрсдийнхөө ялалтыг бодож зөвхөн АН-ыг  л дарж авъя, ялья гэж бодож хөдөлбөл хэтэрхий мөчидхөн, ойрын бодол шүү. Алсдаа улсаа хорлож байгаа хэрэг. Монголыг том гүрний тоглоомын улс болгох гэж буйтай агаар нэг. Тэгэхээр уулын мод урттай,богинотой гэдэг шиг хүн болгон сайн тал, давуу тал, сул талтай. Түүнийгээ  ямар байдлаар илэрхийлж байгаагаас нийгэмд харагдах байдал нь бүдүүлэг юм шиг харагдана. Гэхдээ л энд амьд зүйл оршоод байна. Өөрөөр хэлбэл, өрөөний агаар сэлгэхгүй болохоор бүгчимдэж мууддаг. Тэгэхээр өрөөний агаар сэлгэж байгаа шиг ардчилсан төрд намууд солигдож бодлогын өөрчлөлт гардаг байх ёстой.

 

 Монгол хүний уугуул сэтгэлгээтэй нь уялдуулж номоо бичнэ

 

-Би зургаан ном бичсэн. Эрдэм шинжилгээний өгүүлэл, Олон улсын хурал, үндэсний хэмжээний хурал, Хууль зүйн салбарт тавьсан илтгэл гэвэл 30-40 орчим бүтээл бий.  Бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл 40 гаруй байгаа. Хувь хүмүүстэй гэрээ хийж орчуулгын ном олныг гаргасан. Монголын залуучууд бүгд гадаадын том сургуулиудад очиж суралцах боломжгүй. Тэгвэл эх орондоо, төрлөх хэлээрээ дэлхийн том сургуульд үздэг номыг унших боломжийг нээе гэсэн санаагаар сан байгуулсан. Монгол хүн дэлхийтэй хөл нийлүүлэх. Боловсролын хувьд нэг гараанд байлгахад хувь нэмэр болох зорилгоор дэлхийн алдартай сургуулиудаас гаргасан номын орчуулах ажлыг зохион байгуулж ажилласан. Олон ч хүний хүч хөдөлмөр орсон. Одоогоор 20 гаруй бүтээл хэвлэгдсэн.

-Та Популизм гэдэг номоо сонгуульд зориулж гаргасан уу?

-"Сүүлчийн цамцаа урагдтал тэмцье"гэж манай Ц.Нямдорж гуай хүртэл хэлсэн. Цамцаа чухам урсан үгүйг мэдэхгүй. Дүүжин гүүр, метро ярьж хоосон зургаар хуурна.  Найман жил унтаад гэнэт нойрноосоо сэрсэн аятай. Хоосон амлалт, уриа лоозон ярьсаар Монголын хөгжил хаягдаад байна.  Үүнийг л популизм гэдэг. Хотын замын уулзварыг  Э. Бат-Үүл даргаас хойш нэг ч удаа шинэчилж засаагүй. Нэг удаа хотын дарга хоёр сард “Ирэх жил эрчим хүч хүндэрнэ ээ. Хоёр айл тутмын нэгнийх нь тогийг ээлжилж тасална” гэж мэдэгдсэн. Улаанбаатар хотыг харанхуй хот болгох гэж байгаа харалган бодлого. Ард иргэдээ айдсаар нь удирдана. Гэмт хэрэг зохиож ярьдаг. Монгол Улс хөгжил дэвшил яримаар байтал улсаараа гэмт хэрэг ярьдаг болов. Хаа, хаанаа ухаантай байхгүй бол энэ улс хэрүүлийн орон боллоо. Найман жил хийсэн ажилгүй ярих зүйлгүй болохоор гэмт хэрэг зохиож ярьж байна. Хийсэн юмгүй засаг төр ийм л байдаг бололтой. Манай нам зарчимтай шударга өрсөлдөж  бодлогоо таниулахыг хичээж байна. Харин эрх баригчид нь хар будаг цацахаас өөр ажил үгүй харагдаад байх юм.  Хэрэв Оросын маягаар нэг том намтай түүнийг нь тойрсон жижиг намууд бий болбол хэсэгхэн хүмүүсийн амьдрал сайжирч, бусад нь ядуурна.  Энэ нь даамжирсаар сүүлдээ эрх баригчид ба бусад гэсэн хоёр хэсэгт Монгол Улс хуваагдаж нэг нэгнээ хамгийн ихээр үзэн ядаж өнгөт хувьсгалын эхлэл тавигдана. Энэ нөхцөл бүрдэхийг хүлээж байсан том гүрнүүд бидэн рүү үлээнэ. Үр дүнд нь ард түмний хайртай хүү гэсэн дарангуйлагч удирдагч гарч ирнэ. Тэр нь тоглоомын улстөрч, утсан хүүхэлдэй.  Ингээд Монголын тусгаар тогтнол ганхах аюултай. Хатуу боловч үнэн. Ийм зүйл рүү бид хэрхэвч орж болохгүй.

 

АН Монголын улс төрийн нэг багана нь болж оршиж байх нь чухал

 

-2024 оны сонгуульд АН ялбал ямар үр дүн авчрах уу. МАН ялбал ямар үр дүн авчрах бол. Монголын ирээдүйг та хэрхэн харж байна.

-АН ялах яагаад чухал юм гэвэл энэ миний хувийн бодол шүү. Тухайн үед МАХН-ыг Бодоо, Солийн Данзан гээд Монголын шилдэг гэгээлэг сэхээтнүүд үүсгэн байгуулсан байдаг. Гэтэл Оросын Коминтернүүдэд тэд таалагдаагүй. Таалагдаагүй учраас энэ хүмүүс бидний бодлогоор явахгүй юм байна.Товчхондоо, бидний утсан хүүхэлдэй болохгүй юм байна. Тэгэхээр эднийг тавцангаас арчих ёстой гэж үзэж  их хэлмэгдүүлэлтийг хийсэн. Ингээд айдсаар нь барьж МАХН-ыг өөрийн нэг тоглоомын нам болгож хувиргасан.

Энэ нам 70 жил Оросын заавраар явсан. Өөрөөр хэлбэл, тэр их хэлмэгдүүлэлтийн эсрэг, тэр их тулгалтын эсрэг, тэр их дээрэнгүй бодлогын эсрэг дан ганц МАХН одоогийн МАН  сөрж зогсох хүч болж чадаагүй. Монголчууд үнэхээр сэлэм жад, бууны амнаас гэгээлэг  сэхээтнүүдээ хамгаалж дийлээгүй. Харин 1990 оны ардчилсан хувьсгалаар АН гарч ирснээр Оросын дарангуйллыг нураасан. Ингээд 30 гаруй жилд Монголд олон өөрчлөлт гарсан. Мөн олон шинэ сорилт бэрхшээл үүссэн.  Бид сүүлийн үед зарим том гүрнүүд зөвхөн МАН биш АН-ыг өөрийнхөө  тоглоомын  улс болгохоор мөрөөдөж эхэлсэн гэж боддог. Ингэхийн тулд манай намыг дотроос нь  хагалж, бутаргасан нөлөөлөл орсон гэж үздэг. Энэ бүгдийн эцэст Монгол Улс Орос шиг нэг том намтай тойрсон жижиг олон намтай улс болж болохгүй. Хэрэв ийм зүйл болбол Монгол Улс дэлхийгээс  гээгдэнэ, тусгаарлагдана. Оросын Сибирийн хаягдсан дагуул хот шиг болж хувирна. Харахад тусгаар улс юм шиг хэрнээ бодлогогүй, хөгжил цэцэглэлтгүй  хэн ч тоож харьцдаггүй тийм л улс болно.

Харин үүний эсрэг АН  сөрөн зогсож, саармагжуулж байдаг гол хүч нь. Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалж үлдэхэд АН байх ёстой. Одоо Орос Украйнтай байлдаж байна. Урд хөршөөс бидэнд шахалт ирнэ. Ийм үед Монгол Улс парламентын засаглалаа илүү бэхжүүлж УИХ-д илүү олон намыг суудалтай болгох. Зөвшилцлөөр  үндэсний эрхээ хамгаалах зам руу явахгүй бол нэг нам дангаараа үлдсэнээр асуудал хүндэрнэ.  Тэдэнд сонголт биш тулгалт ирнэ. Хэрэгжүүлэхгүй бол эрчим хүчээ өгөхгүй. Бензин өгөхгүй. Хилийг нь хаана. Дарга нарыг нь айлгана, дарамтална. Тэгэхээр Чингисийн Монгол урт хугацаанд бие даасан тусгаар тогтносон улс байя гэвэл АН байх ёстой. Ардчилсан намын дарга хэн байх нь хамаагүй. Энэ жижиг асуудал. АН-аас хэн, хэн УИХ-ын гишүүн болох, болохгүй нь мөн жижиг асуудал. Энэ нам Монголын Улс төрийн нэг багана нь болж оршиж байх нь хамгаас чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 94 (7338)