Б.СОЛОНГО
Их Британийн The Institution of Mechanical Engineers (IME) хүрээлэн дэлхийн хүнсний байдлын талаар илтгэл гаргажээ. Тус илтгэлд ийнхүү дурдсан байна. 2075 он гэхэд дэлхийн хүн ам 9.5 тэрбумд хүрнэ гэж тооцоолсон байдаг. Энэ нь одоогийнхоос гурван тэрбумаар илүү хүн хүнс хэрэглэнэ гэсэн үг юм. Тэгэхээр бид бүгдийн өмнө тулгарч буй бэрхшээл бол хорвоо ертөнцийн хязгаарлагдмал баялгийг хэрхэн одоогийнхоос илүү их хүнс болгож бэлдэх вэ гэдэг асуудал. Бид өнөөдөр хүнсээ бэлдэхдээ дөрвөн тэрбум тонн ус хэрэглэж байна. Гэтэл эдгээр хүнсний нийт бүтээгдэхүүний 30-50 хувь нь буюу 1.2-2 тэрбум тонн нь үр дүн муутай ургац хураалт, хадгалалт болон тээвэрлэлтийн улмаас хог болон хувирч байгаа нь харамсалтай. Түүнчлэн, эдгээр хэнд ч хэрэггүй хогийг үйлдвэрлэхийн тулд ямар их ус, эрчим хүч зэргийг үр ашиггүй зарцуулж байгааг хэлэхэд ч хэцүү. Хүнсний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүнсний бүтээгдэхүүнд тулгарсан энэхүү бэрхшээл нь өнөө цагийн эмгэнэл юм.
2010 онд IME дэлхийн хүн амыг үндсэн гурван хэсэгт хуваан судалгаа хийсэн байдаг. Үүнд аж үйлдвэрлэл хөгжсөн хөгжингүй орнууд болох Европод хүн амынх нь нас харьцангуй хөгширч байна. Харин хөгжиж буй орнуудад үйлдвэрлэл хурдацтай өсөн нэмэгдэж байна. Жишээ нь Хятад улсад хүн ам нь өсөхийн хэрээр нас нь залуужиж, эд баялгийнх нь хэмжээ нэмэгддэг. Харин буурай хөгжилтэй орнуудад үйлдвэрлэл дөнгөж эхэлж байна. Үүний жишээ нь хүн ам нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа Африк. Эдгээр бүлэг бүгд ирээдүйд хүн амаа хэрхэн хүнсээр хангах тухай өөр өөрсдийн бодлогыг боловсруулж байгаа.
Их Британи гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад хүнсний хаягдал хамгийн ихээр гардаг. Хадгалалт, тээвэрлэлтийн орчин үеийн горимууд нь шинэчлэгдэн өөрчлөгдөхийн хэрээр харин ч хоол хүнсийг хаях шалтгаан болдог нь нотлогдсон зүйл. Гэхдээ хэдий тийм боловч орчин үеийн худалдан авагчдын үрэлгэн занг өөрчлөхөд тун хэцүү. Ихэнх супермаркетууд худалдан авагчдыг өөртөө татахыг гол зорилгоо болгож, бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр худалдахыг эрмэлзэхээс биш хүнсний ногоо, жимс зэрэг бүтээгдэхүүнийг зохист хэмжээгээр савлаж, худалдахыг хэзээ ч бодож байгаагүй. Их Британид хурааж авсан хүнсний ногооны 30 хувь нь хэнд ч хэрэггүй болж мууддаг нь энэ байдлыг гэрчилж байгаа юм. Дэлхийн хэмжээнд жижиглэнгийн худалдаачид 1.6 сая тонн ногоог хаядаг байна.
Тэгэхээр дэлхийн улс орнуудад өгөх зөвлөгөөг IME-гаас гаргажээ. Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хоол, хүнсний хэрэгцээ 60-100 хувиар нэмэгдэх болно. Энэ бүхэнд байгалийн хязгаарлагдмал баялаг болох ус, эрчим хүчийг хэрхэн зүй зохистой ашиглах вэ гэдэг нь ирээдүйд тулгамдсан том асуудал болно. Цаашид шинээр хөгжиж буй орнууд хүнсний хэрэгцээгээ ямар технологиор хангаж, хэрхэн боловсруулах талаар цоо шинэ бодлого баримтлах нь зүйтэй. Харин өндөр хөгжилтэй орнууд хадгалалт болон тээвэрлэлтийн улмаас хог болон хаягдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн авч үлдэх талаар арга боловсруулсан нь дээр. Хөгжингүй орнуудын худалдан авагчдад зориулсан цогц бодлогыг хэрэгжүүлж, дэлхий даяар хэдэн сая хүн өлсгөлөнгийн байдалтай амьдарч байгааг сурталчлан таниулахад илүүдэхгүй.