Б.Дамдин-Очир
Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгох шийдвэрийг гаргажээ. Тэр нь Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдад алагдсаны маргаашийн хуралдаан гэсэн үг. Энэ мэдээллийг эх сурвалжууд “ЦЕГ-ын хүсэлтээр...” хэмээн онцолсон. Тэгэхээр тэр тэмдэглэл ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод очсон болж таараад байгаа юм. Т.Сүхболд 2023 оны эхээр ЭЦА-ны дарга байхдаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн шинэ байгуулагдсан ажлын хэсгийг ахалсан. ЦЕГ-ын дарга болоод ажлын хэсгийг хэнд хариуцуулж үлдээснээ одоогоор мэдээлээгүй байна. Ямартай ч түүний хувьд 26 жилийн туршид илрээгүй энэ хэргийн талаарх шинэ “нөхцөл байдал”-ыг хамгийн сайн мэдэх хүн гэсэн үг.
Уг нь энэ хэргийг 2017 оны сүүлчээр “хаасан” байдаг. Тэгэхдээ “...Уг хэргийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа, бас Ц.Амгаланбаатар гэх хүнийг үйлдсэн” гэсэн. Гэхдээ “...Хэн энэ хэргийг захиалсан бэ” гэдэг нь тодорхойгүй үлдсэн. Үүнийг тухайн үед УЕПГ-ын удирдлагууд олон нийтэд нотлон ярьж, гурван шатны шүүх “...Буруутай” хэмээн шийтгэсэн. Гэвч хоёр жил хүрэлгүй энэ нь худлаа болж таарсан. Ц.Амгаланбаатар нь хууль хяналтынхантай хуйвалдаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэснийг шүүх нотолсон. Энэ хэрэгт хууль хяналтын байгууллагын алба хаагчдад, албан тушаалтнуудыг шийтгэсэн. Улмаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “...Гэм буруугүй” гэж үзээд сулласан. Одоо тэдэнд хохирол тооцож өгөх асуудал яригдаж байна.
Эцэст нь, өнөөдөр 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш үйлдэгдсэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрээгүй хэвээрээ л үлдэв. Тэр бүү хэл, дээрээс нь, 2016-2017 онд энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэх хоёр хүнийг хэлмэгдүүлж ялласан гэх бас нэг “асуудал” нэмэгдээд байгаа юм.
Ийм хоёр тусдаа хэрэг бий болчихсон.
Эдгээр үйл явдлыг дагаад хэд хэдэн асуулт гарч ирнэ. Эхлээд “...С.Зоригийг хэн хөнөөсөн бэ”, “...Энэ хэргийн захиалагч хэн бэ”, “...Амийг нь хөнөөхөд хүргэсэн шалтгаан юу байсан бэ” гэх мэтээр “үндсэн” асуулт хөвөрнө. Залгуулаад “...2017 онд яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хүчээр буюу хэлмэгдүүлж үүрүүлсэн бэ” гэдэг ч босож ирнэ.
Ер нь бол “...Тухайн үед Монголын улс төр, ялангуяа Засгийн газрын хувьд нэлээд “хөдөлгөөн”-тэй байсан. С.Зориг ч Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байв. Засгийн газрын шинэ тэргүүний асуудал яригдаад удчихсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг удаа дараа буцаасан. Энэ нь эрх баригчдад өөр нэр дэвшигч санал болгох шахалт болсон. Тэр нэр дэвшигч нь С.Зориг байсан” гэдгийг өнгөрсөн цаг хугацааны бүхий л эх сурвалжаас харж болно. Мөн “...Тэр үед “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудал хурцаар яригдаж байсан” гэдэг. Энэ бүхнийг бараг л 26 жилийн турш ярьж, бичицгээлээ.
Тэгвэл энэ “маш нууц” тэмдэглэл ил болсноор дээр өгүүлсэн асуултууд хариулттай болоход ойртсон байж мэдэхээр байна. Яагаад гэвэл, дээрх хоёр хүнийг сулласны дараа ажлын хэсэг шинээр байгуулагдсан. Ажлын хэсэг яг жил ажиллаад Засгийн газарт ийм хүсэлтийг тавьсан байна. Энэ хамгийн ихээр анхаарал татна. Тодруулбал, “...ЦЕГ-аас яагаад 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгохыг хүсэлтийг Засгийн газарт гаргасан бэ” гэдгийн хариултад хамаг учир оршиж байж болох юм. Наад зах нь тухайн үеийн ЦЕГ-ын дарга Д.Мөрөн, Эрүүл мэндийн сайд Ша.Батбаяр нар юу ярьсан нь одоо хэргийг мөрдөж буй ажлын хэсгийнхний “сонирхол”-ыг татсан байх талтай. Өөр ч олон сэжүүр тэндээс гарч ирэх магадлал бий л дээ.
Учир нь, үдэш нь уг хэрэг гарч, маргааш өглөө нь Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Тэр хуралдаан дээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаарх хамгийн “халуун” мэдээлэл яригдсан байх боломж бий.
Тиймээс л ЦЕГ буюу С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж буй ажлын хэсэг Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэрхүү тэмдэглэлийг хүссэн байж таарах гээд байна. Өөрөөр хэлбэл, энэ “маш нууц” тэмдэглэлд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдэхэд чухал ач холбогдол бүхий баримт байж болзошгүй гэсэн логик үүсэж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7288)