Рагчаа ОЮУН

Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Энхжаргал, Соёлын тэргүүний ажилтан, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач У.Батцоож нарын “Эргэх холбоо” хамтарсан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч олны нүдийг хужирлалаа. Зураач Ц.Энхжаргал өөрийн шавь У.Батцоожтой хамтран гаргаж буй энэ үзэсгэлэнгээ багш, шавийн нандин холбоо, эрдэм ухааны хэлхээг тодотгон “Эргэх холбоо” хэмээн нэрлэжээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Энхжаргалын бүтээлүүд хурц тод өнгө, гүн далд санаа, утга учир, уянга эгшгээр дүүрэн уран зургууд нь хүний сонирхлыг татдаг увдистай. Тус үзэсгэлэнд “Чонон сар”, “Нам гүм”, “Дүлий шөнө”, “Уртын дуу”, “Би хэн бэ?”, “Улаан ба хар” зэрэг том хэмжээний бүтээл мөн “Цагаан шөнө”, “Унтаж байгаа хөгжим”, “Сарны үнсэлт”, “Тэртээд үлдсэн бага нас”, “Нуугдсан хавар” уран зургийг дэлгэжээ.

Соёлын тэргүүний ажилтан, ураач У.Батцоожийн бүтээлүүд нь үлгэр, домог, зөн билэг, зүүд зэрэглээний хөг эгшгээр дүүрэн байдаг ажээ. Тэрбээр энэ удаа “Туульс”, “Тумбааш”, “Жангар” “Зөнгийн мэлмий”, “Жигүүртэн”, “Уяхан замбуутив” гэсэн бүтээлээ олонд сонирхууллаа. 

Эх сурвалж www.zms.mn