-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын илтгэл-

 

“Мармара” сангаас  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Евразийн дээд хэмжээний чуулган энэ сарын 21, 22-ны өдөр Туркийн  Истанбул хотод 27 дахь удаагаа боллоо. Энэ удаагийн дээд хэмжээний чуулганаар хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа асуудлууд буюу дайн ба энхийн асуудал, байгаль орчны өөрчлөлт, нэг зам-нэг бүс төсөл, хүний эрх, ардчилал, сайн тогтолцоо ба сайн засаглал, олон улсын эрх зүй ба өнөөгийн эмх замбараагүй байдал, түүнээс гарах арга зам,хиймэл оюун ухаан ба хөгжил зэрэг асуудлуудыг хэлэлцэн чуулганд уригдан оролцсон төлөөлөгчид санал бодлоо илэрхийллээ. Евразийн дээд хэмжээний 27 дахь чуулганд Европ, Ази, Африкийн 10 гаруй орны Ерөнхийлөгчөөр сонгогдон, Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан хүмүүс уригдан оролцож үг хэлж, илтгэл тавив.  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр эх орноо төлөөлөн  оролцож илтгэл тавьсан юм. Түүний Евразийн дээд хэмжээний 27 дахь чуулганд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт доктор Сүвэр ээ,

Эрхэм хүндэт анд нөхөд өө,

Ноёд, хатагтай нар аа,

Намайг Евразийн 27 дахь дээд хэмжээний чуулганд урин оролцуулж байгаад болон та бидний санаа сэтгэлийг зовоож буй асуудлуудын талаар санал бодлоо хуваалцах боломж олгосонд талархлаа дэвшүүлж байна.

 

 1. Олон тулгуурт дэлхийн дэг журам бий болсон нь

 

 Дэлхийн II дайн дууссаны дараа Дэлхийн олон тулгуурт дэг журам тогтсон юм. Энэхүү дэг журмыг хүйтэн дайнгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэр байтугай зарим эрдэмтэд хүйтэн дайн бол үнэн хэрэгтээ дэлхийн III дайн байсан юм хэмээн үздэг билээ.

Хүйтэн дайн өөрөө тухайн үед ноёлж байсан коммунизм ба ардчилал хэмээх хоёр том үзэл санааны зөрчил дээр тогтож байсан дэлхийн олон тулгуурт дэг журмаас урган гарсан учир түүний гарч ирэх нь зайлшгүй байсан хэмээн үзэж болно.  

Энэхүү  хоёр үзэл санааны өрсөлдөөний үр дүнд 1984 он гэхэд коммунизмыг бүтээн байгуулна хэмээн төлөвлөж байсан ЗХУ өөрөө нуран унасан юм. Түүний оронд та бидний гар дээр Жорж Оруэллийн “1984” гэсэн нэртэй алдарт роман үлдсэн билээ.

Нөгөө талаар хүйтэн дайны он жилүүд харьцангуй энх тайван тогтсон цаг үе байсан гэж хэлж болно. Эрдэмтэд латинаар хэлвэл энэ бол “Pax frigus bellum annis” байжээ. Чухамхүү энэхүү он жилүүдэд олон улс оронд колоничлолын дэглэм нуран унаж, олон улс оронд эдийн засгийн огцом өсөлт бий болж, түүнчлэн шинжлэх ухааны нээлтүүд гарч, хүмүүн хэмээх бодгал саран дээр нисч очсон юм.

Гэхдээ хамгийн гол нь коммунист үзэл суртал ардчилалтай өрсөлдөхдөө ялагдаж энэхүү ялагдлын үр дүнд Берлиний хана нурж, ЗХУ задран унасан юм. Энэхүү түүхэн үйл явдал ардчиллын “төгсгөлийн ялалт”-ын ачаар хүн төрөлхтний түүхэнд цэг тавигдлаа гэсэн хуурамч ойлголтыг бий болгосон.

 

2. Дэлхийн нэг тулгуурт дэг журам бий болсон нь

 

Ийнхүү Дэлхийн шинэ нэг тулгуурт дэг журам бий болсон юм. Эрдэмтэд энэхүү нэг тулгуурт дэг журам бүхий ертөнцийг “Pax Americana” буюу “Америкийн дэг журам” хэмээн нэрлэдэг билээ. Нээрээ АНУ хүйтэн дайн өндөрлөсний дараа тогтон үлдэж ноёлж эхэлсэн цорын ганц их гүрэн учир тэгэж нэрлэхээс ч өөр аргагүй юм.

Гэхдээ хүмүүс ардчилал бол нэгэн зэрэг зорилго бөгөөд үйл явц мөн гэдгийг сайн ухаараагүй байдаг. Энэ утгаар нь авч үзвэл ардчилал бүр мөсөн ялна гэдэг нь хүрэшгүй зорилго мөн билээ. Энэ бол эцэс төгсгөлгүй өрнөх үйл явц мөн. Ардчилалын тухай ойлголтыг цогцоор нь зөв ойлгохын оронд түүнийг гуйвуулан явцууруулж дараах үг, ухагдахуунаар орлосон нь алдаа болсон гэж хэлж болно. Ардчилал бол зах зээлийн эдийн засаг, сонгууль, хуульд захирагдах ёс гэж тайлбарласан нь түүнийг цогцоор нь авч үзэх, ухаарах боломжийг хязгаарласан юм.

Тодруулвал зах зээлийн эдийн засаг нь тухай нийгэм болон даян дэлхийг баян ба хоосноор нь гүн гүнзгий хувааж, сонгууль бол тухайн орны удирдагч өөрийгөө албан тушаалдаа хүссэн хугацаагаараа хандахад ашигладаг арга хэрэгсэл болон хувирч, аливаа улс орны эрх баригчид хуульд захирагдах ёсыг зөвхөн өөрсөддөө ашигтайгаар хуулийг хэрэглэдэг, шаардлагатай бол өөртөө ашигтайгаар өөрчилдөг тогтолцоо болгон өөрчилсөн байна.

Ингэсний үр дүнд өнөөдөр улс орон болгон өөр өөрийн өвөрмөц сонгууль явуулдаг болж, хуульд захирагдах ёс хэмээх нь үнэн хэрэгтээ бодитой, тогтвортой хуульгүй орчин бий болно гэсэн үг гэж ойлгогддог болсон байна.

 

3. Дэлхийд сүнс тэнэж явна, энэ бол эмх замбараагүйн сүнс

 

Өнөөдөр бий болсон нөхцөл байдлыг товч тодорхойл гэвэл эмх замбараагүйн цаг үе гэж нэрлэж болно. Эмх замбараагүй байдал гэдэг бол дэг журамгүй байхын нэр, бүгд хожигдож хохирдог нөхцөл байдал үүссэн гэсэн үг мөн билээ. Гэхдээ эмх замбараагүйн хуулиар бол аливаа эмх замбараагүй байдлын дотор дэг журам нуугдан оршиж байдаг бөгөөд та бид тэр дэг журмыг олох шаардлагатай байна.

Эмх замбаагүйн хуульд Эрвээхэйн хүчин зүйл гэсэн ойлголт байдаг. Энэ бол тухайн нөхцөлд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарвал тэр нь сүүлд ихээхэн том өөрчлөлтийг дагуулна гэсэн дүгнэлт юм. Энэ дүгнэлт та бидний ертөнцөд аливаа эд юмс болон хүмүүс хоорондоо харилцан хамааралтай, нэг нэгтэйгээ шүтэлцэн барилдаж оршдогийг нотолж байгаа бөгөөд тийм учир та бид эмх замбараагүй байдлаас гарахын тулд шинэ дэг журмыг олж тогтоох амаргүй боловч нэн чухал үйл явцад хүн бүрийг татан оролцуулах ёстойг ухаарах цаг болсон байна.

Та бид аливаа хүн, эд юм бүгд амьдралдаа тодорхой зорилготой гэдгийг ойлгох ёстой. Феллинигийн “La Strada” буюу “Зам” хэмээх кинонд газар зүгээр хэвтэж байгаа чулуу хүртэл зорилготой хэмээн өгүүлдэг билээ.

Зорилго бол амьдрал мөн, зорилго бол амьдрахын нэр мөн.

Зорилго үхэл байж болохгүй, зорилго үхэхэд, эсхүл алахад оршдоггүй.

Үнэн бол ийм энгийн билээ.

 

4. Амьдралын алтан хууль

 

Зорилго бүхий амьдрал утга учиртай байна. Үүний зэрэгцээ та бид аливаа зорилго тэрхүү зорилгод хүрэхдээ хэрэглэж байгаа бүх аргыг зөвтгөх ёсгүй. Сайн зорилгод муу аргаар хүрч болохгүй гэсэн үг. Энэ бол хүн төрөлхтөн олон сая хүний амь насыг хөнөөсөн аймшигтай, эмгэнэлтэй дайнуудаас авсан сургамж мөн билээ. Энэхүү ухаарал Бусад хүн өөртэй чинь муухай харьцахад дургүй хүрдэг бол өөрөө бусадтай мөн адил тэгэж битгий харьцаж бай гэсэн амьдралын Алтан хууль үнэн юм гэдгийг нотолж байгаа билээ.   

 

5. Дэлхийн шинэ дэг журам

 

Гэхдээ эмх замбараагүй байдал бол шинэ дэг журам төрөн бий болох ихээхэн хэрэгцээ шаардлагыг буй болгоно. Тэгвэл ямар дэг журмыг шинэ дэг журам гэх вэ.  Энэхүү дэг журам хуучин дэг журмаас юу юугаараа ялгаатай вэ?

Дэлхийн нэг тулгуурт дэг журмыг авч үзье. Энэхүү дэг журам тогтсон байхад нэг их гүрэн аливаа шийдвэрийг дангаараа гаргана. Энэхүү дэг журам тогтсон байхад нэг их гүрэн ямагт хожино.

Одоо өөр дэг журмыг авч үзье. Олон тулгуурт дэг журам. Энэхүү дэг журам тогтсон байхад өөр өөрийн тойрон хүрээлэгчидтэй цөөн тооны хүчирхэг улс орнууд шийдвэрүүдийг гаргах бөгөөд эдгээр шийдвэр голдуу олонхийн шийдвэрийн хэлбэрээр гарна. Ийм дэг журам тогтсон байхад цөөн тооны улс орон, тодруулвал гагцхүү цөөн тооны хүчирхэг улс орон хожино.

Энэхүү хоёр дэг журам тухай тухайн цаг үед нэг нэгийгээ ээлжлэн солих байдлаар тогтож байсан бөгөөд ингэж ирсэн баримт нь өөрөө энэхүү хоёр дэг журмын аль нь ч хүн төрөлхтний өмнө тулгарч байсан асуудлуудыг зохих ёсоор шийдвэрлэж чадахгүй байсныг нотолж байгаа юм.

Тийм учир та бидэнд дэлхийн цоо шинэ дэг журам хэрэгтэй байна. Гэхдээ энэхүү дэг журмыг нэг тулгуурт дэлхийн дэг журам, эсхүл олон тулгуурт дэлхийн дэг журам гэх зэрэг хэрэглэсээр байгаад улиг домог болсон үгээр томъёолохоосоо түдгэлзэе. Энэхүү шинэ дэг журмыг бусад дэг журмаас ялгарах өөрийнх нь өвөрмөц нэрээр нэрлэе. Дэлхийн шинэ цогц дэг журам.

Дэлхийн цогц дэг журам бол улс орон бүр шийдвэр гаргахад оролцдог, гэхдээ шийдвэр бүр бүгд санал нийлэн зөвшөөрсний дагуу гардаг тогтолцоо тогтоно гэсэн үг юм. Энэхүү Дэлхийн цогц дэг журмын үед бүгд хожино. Энэхүү дэг журам бол энх тайван дээр тогтсон тогтолцоо юм.

Зарим хүн улс орон бүр санал нийлэн зөвшөөрсний дагуу шийдвэр гардаг болох юм бол тийм шийдвэр гарахад ихээхэн цаг хугацаа шаардагдана хэмээн шүүмжилж болно. Гэвч та бид Олон тулгуурт дэг журамд тулгуурласан тогтолцоо болох НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн ажиллаж байгаа байдал, үнэн хэрэгтээ ажиллахгүй байгаа байдлыг хараад энэнээс илүү сайн тогтолцоо эрэн хайж олох, субъект бүр шийдвэр гаргах үйл явцад оролцдог, хариуцлагаа ухаардаг тийм сайн тогтолцоог олох шаардлага бий болсныг ойлгож байгаа билээ.

Нэг тулгуурт дэг журам, Олон тулгуурт дэг журмын аль аль нь хүчтэй зэвсэгт хүчин, ихээхэн эрх мэдэлтэй Засгийн газар, эд баялагт тулгуурласан байдаг. Харин Цогц дэг журам хамгийн хүчтэй эрхэд тулгуурлан орших болно. Энэ бол хүн бүрийн амьд явах, амьдрах заяагдмал эрхэд тулгуурлах болно. Дэлхийн шинэ цогц дэг журам хүний эрхэд, хүн бүрийн амьдралын зорилгод тулгуурлаж, нийгмийн харилцаа, даян дэлхийд эв найрсалыг авчран тогтоох болно. Дэлхийн цогц дэг журам өөрөө бий болохгүй. Та бид энэхүү дэг журмыг тогтоохын тулд бүгд хамтран зүтгэх учиртай.

Энэхүү чуулганд оролцож байгаа эрхэм хүндэт төлөөлөгчдөд хандан үг хэлж байгаа завшааныг ашиглан хоёр санал дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Эдгээр санаачилга эерэг утгаараа Эрвээхэйн хүчин зүйлийн үүргийг гүйцэтгэж Дэлхийн шинэ цогц дэг журмыг бий болгох үйл явцыг хурдасгана гэж бодож байна.

 

6. Хар далай бол энх тайвны бүс нутаг мөн

 

Эхний санаачилга хүн төрөлхтний нэгэн өлгий нь болсон Хар далайг цэргийн баазгүй, дайн дажингүй энх тайвны бүс нутаг болгон зарлахыг уриалахад оршино. Хар далай бол хүн төрөлхтний соёл иргэншлийн гайхамшигтай бүтээлүүдийг төрүүлсэн бөгөөд олон зууны турш байсан шигээ цаашид ч мөн адил үзэл санаагаа уралдуулдаг, бараа таваар солилцдог, амьдрал дэлгэрэн цэцэглэдэг, хүн бүр амьдрах зорилготойгоор оршин суудаг, амьдрал баттай ханган хамгаалагдсан газар нутаг хэвээр үлдэх ёстой юм.

 

7. Азийн Хүний эрхийн шүүх

 

Эрдэмтэн судлаачид ХХI зуун бол Азийн зуун болно хэмээн үзэж байгаа билээ. Энэ нь Ази тив тулгамдсан асуудлуудад зөв шийдвэр олж, гарц гаргалгаа гаргадаг, бусдад сайн үлгэрлэл үзүүлдэг тив болно гэсэн үг юм.

Хүчтэй эдийн засаг, хүчтэй арми, нарийн боловсруулж үйлдвэрлэсэн зэр зэвсэг зэрэг нь Ази тив ХХI зуунд тэргүүлэх тив болж хүлээн зөвшөөрөгдөхөд хангалтгүй. Бидэнд хүн төрөлхтөн амьдралдаа илүү том зорилготой болох, илүү сайн амьдралтай болохын төлөө тэмүүлэхэд нь тэднийг бодитойгоор манлайлахын тулд энэ бүхнээс илүү их зүйл хэрэгтэй.

Дэлхийн шинэ цогц дэг журмын үндсэн суурь бол хүн бүр амьд байх, амьдрах заяагдмал эрх мөн. Ази тив хүний энэхүү нэн чухал эрхийг ханган хамгаалахын үлгэр жишээг үзүүлдэг орон зай болох шаардлагатай. Тийм учир миний бие Азийн хүний эрхийн шүүх байгуулах саналыг дэвшүүлж байна. Энэхүү чухал байгууллагыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж, уг шүүх сайн ажиллаж эхэлбэл ингэснээр Ази тив  ХХI зууны жинхэнэ тэргүүлэх тив болж чадна.

 Миний энэхүү нэр хүнд бүхий Евразийн Дээд хэмжээний чуулганд хэлсэн үгэндээ дэвшүүлсэн саналуудыг цаашид нухацтай хэлэлцэнэ гэдэгт найдаж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 37 (7281)