2023 оны 11 сарын 22 өдөр, Zuuniimedee фэйсбүүк хуудас дээр “Сайн намын дарга Б.Жагарыг Япон эзэнтэй ББСБ-ыг мөнгө хүүлэгч хэмээн хэлсэн гэж гурван шатны шүүхээс уучлалт гуйх, төлбөр төлөх шийдвэр гарсан талаар тайлбар мэдээлэл хийж байна.” гарчигтай бичлэг тавигдсан. Б.Жагар хэвлэлийн бага хурал зарлаж, Шүүхийн шийдвэрийн дагуу “уучлалт гуйж” байгаа мэт царайлангаа өөрийн хууль бус үйлдлээ зөвтгөн тайлбарлаж, манай компанийн нэр хүндэд дахин дахин халдсан тул доорх хариу мэдэгдлийг гаргаж байна.
Үүнд:
1. Б.Жагар: Миний бие ерөөсөө хууль зөрчөөгүй гэх.
Хариу мэдэгдэл-1
Манай компанийн нэхэмжлэлтэй Хариуцагч Б.Жагарт холбогдох гомдолтой холбоотойгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2021 оны 05 сарын 27 өдрийн 183/ШШ2021/01156 дугаартай Шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны Шүүхийн 2021 оны 07 сарын 26 өдрийн 01167 дугаартай Магадлал гарсан байдаг.
Дээрх Анхан шатны Шүүхийн шийдвэрээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар “Гэтэл энд өнөөдөр ямар өндөр хүүтэй мөнгө хүүлж байна. Монгол улсад дураараа аашлаад байна, гадны муу сайн мөнгө хүүлэгч нартай бол хатуу тэмцэнэ. Өнөөдөр энэ муусайн мөнгө хүүлэгчид, эгэлтэн туурайтнууд Монгол улсад дураараа ажиллагаа явуулж болохгүй, даварсан завхарсан газар” гэх мэдээллийг өөрийн фейсбүүк хуудсыг ашиглан няцаалт хийхийг хариуцагч Б.Жагарт даалгасугай.” гэж шийдвэрлэсэн бол Давж заалдах шатны шүүх, “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 27 өдрийн 183/ШШ2021/01156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.” гэж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт: “(дээрх) гэх мэт хэсгүүд нь иргэн хувийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн агуулгагүй, харин тодорхой нэг этгээд рүү чиглэсэн буюу НЭХЭМЖЛЭГЧИЙН АЖИЛ ХЭРГИЙН НЭР ХҮНДИЙГ ГУТААСАН шинжтэй байна” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
2. Б.Жагар: Харин би мөнгө хүүлэгч нарын гэмт хэргийг илэрүүлсэн байдаг. Миний гаргасан гомдлын дагуу Монгол улсын ТЕГ-аас “Жэй Траст” гэдэг япон эзэнтэй ББСБ нь хууль зөрчсөн нь тогтоогдсон байна гээд 5 сая төгрөгөөр торгосон, татварын ерөнхий хуулийн 28.5 дахь хэсгийг зөрчсөн, таны гомдол үнэн байна гэсэн. Энэ байгууллага иргэдэд НӨТ өгөөгүй. Ж нь иргэн Жагар банк бус дээр очоод сард сая төгрөг төлөхөд НӨТ өгөх ёстой. Гэтэл энэ газар НӨТ өгөөгүй.
Хариу мэдэгдэл-2
Энэ мөн үнэн бодит явдлыг мушиган гуйвуулсан мэдээлэл Тухайн үед Нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 09 сарын 15 өдрийн 0178301 дүгээр шийтгэлийн хуудас үйлдэгдсэн байсан боловч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлттэйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3. Б.Жагар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас би лавлагаа авсан. Монгол улсад хүний өмч хөрөнгийг хэн хураадаг юм бэ? гэдэг лавлагаа авсан. Та нар мэдэж байгаа банк бусаас, банкнаас ирээд шууд хураагаад авчихдаг. Гэтэл зөвхөн эрх бүхий байгууллага Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу л Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хураана. Гэтэл өнөөдөр банкны эдийн засагч нар, банкны эздүүд олон шивээстэй тийм хүмүүсээр одоо, бүдүүн гэдэстэй, одоо тийм эвгүй царай тийм хүмүүсээр иргэдийн гэр оронд орж, иргэдийг дарамталж өмч хөрөнгийг нь хурааж авдаг ажиллагаа хийж байгаа байхгүй юу. Гэтэл энэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь манайх гүйцэтгэнэ ээ гэдгээ илэрхийлцэн байна. Гэтэл энэ хууль бас хэрэгжихгүй.
Хариу мэдэгдэл-3
Манай компани харилцагч нартай харилцан тохиролцож “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулдаг. Энэхүү гэрээний дагуу зээлдэгч зээлийн төлбөрөө төлж чадахгүй болсон тохиолдолд барьцаа хөрөнгөө зээлдүүлэгчийн эзэмшилд хүлээлгэн өгч, үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг. Бид ямар нэгэн байдлаар бусдыг дарамталдаггүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
4. Б.Жагар: Иргэний хэргийн 222.2 Үүрэг гүйцэтгэгчийн гэм буруутайгаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж байгаа. Гэтэл ковидын үед та хугацаа хэтрүүлсэн байгаа гэж үзээд иргэдийн өмч хөрөнгийг хурааж, гэр орноос нь хөөж гаргаж, машиныг нь дээрэмдэж авч, үнэгүйдүүлж зараад дахиад шүүхийн шийдвэр дээр өр гаргадаг. Гэтэл яагаад ингэж байна вэ, ковидын нөхцөл байдлын үед хүү алданги авах ёсгүй, бүр тэглэх ёстой.
Хариу мэдэгдэл-4
Корона цар тахалын тархалтын үед Монгол улсын засгийн газрын 2020 оны 11 сарын 18 өдрийн №183 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” тогтоол гарч, тухайн тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршшноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 сарын 01 өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк(Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо(Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй.” гэж заасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 11 сарын 19 өдрийн №3/4654 тоот мэдэгдэлд “... зээлийн ангиллыг хийх, зээлийн гэрээний хугацааг 2 болон түүнээс дээш удаа сунгасан тохиолдолд ангилал бууруулахгүй байх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэн тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, эдгээр үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлж, зээлдэгчдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүй, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллахыг мэдэгдэж байна.” гэж тусгасан.
Үүний дагуу манай компани, 2020 оны 11 сарын 13 өдрөөс 2021 оны 07 сарын 01 өдрийг хүртэлх хугацаанд нийт хоцорсон зээлдэгч нарын нэмэгдүүлсэн хүүг хөнгөлж чөлөөлсөн. Мөн зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлтэй зээлдэгч нарын хүсэлтийг хүлээн авч, тэдгээр зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээнд өөрчлөлт нэмэлт өөрчлөлт оруулсан.
5. Б.Жагарын хуулийн зөвлөх: ... зарим банк бус GPS буюу байршил тогтоогч автомашинд нь суулгадаг. Энэ төхөөрөмжийг зээлдэгчээс мөнгө гаргуулж тавьдаг. Энэ нь барьцаа хөрөнгөө хаана байгааг тогтоох зорилготой гэх. Тийм байж болно гэтэл нөгөө талдаа зээлдэгч буюу иргэнийг хаана байгааг тогтоогоод байгаа нь хууль бусаар мөрдөж байгаа хэрэг.
Хариу мэдэгдэл-5
Барьцаа машинд GPS төхөөрөмж суурилуулахыг зээлдэгч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр суурилуулдаг. Энэ мөн адил талууд хоорондоо харилцан тохиролцсон үйлдэл. Хэрэв зөвшөөрөхгүй гэвэл манай байгууллагатай гэрээ байгуулахгүй. Барьцаа машинд GPS төхөөрөмж суурилуулж эрсдлийг багасгаснаар бага хүүтэй зээл олгох боломжтой болдог. Манай компанийн зээлийн хүү салбартаа хамгийн доод түвшинд байдаг. Мэдээж хэрэг GPS төхөөрөмжийн үнэ болон бусад холбогдох үйлчилгээний зардлыг манай компани хариуцаж төлдөг. Мөн хулгайн эрсдэлээс сэргийлж чадсан бодит түүх ч буй.
6. Б.Жагар: Маргааш би энэ банк бус дээр очиж хохирлыг төлнө.
Хариу мэдэгдэл-6
Шүүх, “... хариуцагч Б.Жагараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жэй Траст Кредит ББСБ” ХХК-д олгосугай” хэмээн шийдвэрлэсэн атал, Шүүхийн эцсийн шийдвэр буюу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 26 өдрийн №01167 тоот Магадлал гарснаас хойш хэдийнээ 2 жил 6 сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад одоог хүртэл төлөөгүй л байна. Тиймээс манай компани Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, дээрх Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахаас аргагүйд хүрээд байна.
“ЖЭЙ ТРАСТ КРЕДИТ ББСБ” ГХОХХК
2024 оны 02 сарын 22 өдөр