Н.ЖАРГАЛМАА

Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл ТББ-аас орон нутагт өвөлжилт хүндэрч нийт нутгийн 80 гаруй хувь нь зудтай байгаатай холбогдуулан “Сэтгэлийн дэм” хандивын аяныг зарлаж олон нийтийн сайн санааны үндсэн дээр нэгдэхийг уриаллаа.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ТББ-ын дарга Р.Буд “Энэ өвөл өвөлжилт хүндэр олон аймаг сумдаар зуд тохиож олон мал үрэгдэж, иргэдийн амьдрал хүндрээд абайна. Тиймээс манай байгууллагын зүгээс нийт иргэд, тэр дундаа нутгийн зон олныг хандивын аянд нэгдээсэй хэмээн хүсэж байна” гэв. Мөн тэдний зүгээс зуданд нэрвэгдсэн Сүхбаатар аймгийн 13 сумдад эхний ээлжинд сум тус бүрт 15 тонн хивэг, малын тэжээлийг түгээхээр болжээ.

Цаашлаад тус аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай хамтран хүнд даацын машин техник ашиглан зам харгуйн цасыг цэвэрлэх ажлыг нэн тэргүүнд хийхээр зорьж байгаа хэмээн Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Баярбаатар хэллээ. 

Эх сурвалж: www.polit.mn