Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Боловсрол” буландаа сурагчийн цүнхний стандартын тухай цувралаар хөндөж байгаа билээ. Ялангуяа бага ангийн буюу 6-8 насны сурагчид олон улсын стандартаас хоёр дахин хүнд цүнх үүрч буйг, гадны орнууд цүнхэнд ямар стандарт тавьж буйг бид өмнөх хоёр нийтлэлээрээ хөндсөн. Тэгвэл энэ удаагийн дугаартаа цүнхний жинг багасгах ямар арга эцэг эх, албаны хүмүүсийн байр суурийг хүргэхээр зорилоо.

 

“ХҮҮХДҮҮДИЙН ДУНД НУРУУ НУГАСНЫ ЭМГЭГ НЭМЭГДСЭН”

 

Манай улсад одоогоор сурагчийн цүнхний  мөрдөх стандарт байхгүй. Харин ДЭМБ-ын зөвлөмжид сурагчийн цүнх нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэж заасан байдаг.

Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгах шаардлагатай. Учир нь хэт хүнд цүнх үүрэх нь таны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм. Баянгол дүүргийн хүүхдийн эмч Б.Оюунжаргал “Сүүлийн гурван жилийн байдлаар хүүхдүүдийн дунд таргалалт, шүд цооролт болоод нуруу нугасны эмгэг давамгайлах болсон. Үүнд олон шалтгаан бий. Буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг гээд нэрлэж болно. Харин нуруу нугасны эмгэгийн хувьд хэт хүнд юм өргөх, хүнд хүчир ажил хийснээс эхлээд хүүхдүүдийн өсөлт зогсох, нуруу нь бөгтийх эмгэг илэрч байна. Нурууны эмгэгийн хувьд хурдан илрэхгүй ч ирээдүйд сөрөг нөлөө ихтэй. Мөн хэдийгээр өвдөлт мэдрэгдэхгүй ч нуруу далий болох, суулт өгөх цаашлаад өсөлт зогсох эрсдэлтэй. Тиймээс хүүхдээ аль болох бага насанд нь хүнд юм өргүүлж, хүнд цүнх битгий үүрүүлээрэй” гэсэн юм. Уганда улсад хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10 хувиас хэтэрсэн хүнд жинтэй цүнх барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2 хувь нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Мөн сурагчдын 35.4 хувь нь хүнд цүнх барьж явсаар булчин өвдөлттэй болсон гэж хариулжээ. Сурагчдын нуруу бага зэрэг өвдөх, удаан алхах, сургууль дээрээ удаан суух зэрэг нь хүнд цүнх үүрч явахтай хамааралтай болохыг эрдэмтэд тогтоосон байна. Харин үүний шийдлийг тус улс зориулалтын шүүгээгээр шийдсэн аж. Одоогоор тус улсын сургуулиудын бага ангийн 20 гаргуй хувь нь зориулалтын шүүгээтэй болсон бөгөөд ирэх он гэхэд 100 хувь хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.  

 

СУРАГЧДЫН СУРАХ БИЧГИЙГ ДИЖИТАЛ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ

 

Сурагчийн цүнхний жингийн стандарт нь жижигхэн юм шиг мөртлөө бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой чухал сэдэв юм. Бид мэддэг мөртлөө мэдэхгүй юм шиг явсаар. Өнөөдөр хүүхэд тань тав, зургаан цагийн хичээлтэй гээд 5-6 хичээлийн ном, дээрээс нь нэмэлтээр цүнхэндээ юу хийж явж байгааг бид тэр бүр шалгаж чадахгүй. Тиймээс нэгдсэн нэг стандарттай болчихвол хяналт тавихад илүү хялбар болох болов уу. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Батсүрэн “Манай хүүхэд дөрөвдүгээр ангид сурдаг. Өдөрт 4-5, зарим өдөр зургаан цагийн хичээлтэй байдаг. Цүнхийг нь жинлээд үзвэл бараг 3-4 кг байгаа байх. Бага насны, бага ангийн хүүхдийн хувьд энэ бол хүндэдсэн жин шүү. Дээр нь нэмээд биеийн тамирын хувцас, аяга халбага гээд цүнх дүүрэн юмтай л явах юм. Уг нь тамирын хувцсаа болон зарим ном, дэвтрээ шаардлагагүй бол ангидаа үлдээдэг болчихвол цүнхний жин нь бага ч болов буурах болов уу” гэсэн юм. Энэ тухай Нийслэлийн 76 дугаар сургуулийн сургалтын албанаас тодруулахад “Хичээл хоёр ээлжээр ордог болохоор хүүхдүүд ангидаа хувцсаа үлдээх боломжгүй. Хоорондоо солигдож, хаягдах эрсдэлтэй. Үүнийг шийдэхийн тулд анги бүрт зориулалтын түгжээтэй шүүгээнээс эхлээд олон зохицуулалт хэрэгтэй болно” гэсэн юм. Тэгвэл энэхүү асуудалд харьяа яам ямар байр суурьтай байгааг тодруулахад яамны зүгээс бага ангийг сурагчдын сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.  Энэ хүрээнд Польшийн “Learnetic” компанийн техникийн дэмжлэгтэйгээр Боловсролын Судалгааны үндэсний хүрээлэнгээс бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажлыг хийж байгаа юм байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд есөн төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно гэв. Ингэснээр сурагчид цаасан болон цахим гэсэн хосолсон сурах бичигтэй болох юм байна. Үүний үр дүнд бага ангийн хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ гэж харъяа яасны зүгээс үзэж буйгаа салбарын сайд Л.Энх-Амгалан онцолжээ.

 

6-12 НАСНЫХАН ӨДӨРТ 1.5-2 ЦАГИЙГ Л ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНД ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ

 

Дижитал сурах бичгийг энэ сард сард хүлээн авч, туршихаар төлөвлөж байгаа юм байна. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийж, хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх аж. Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой гэв. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Цахим орчин, гар утас бидний өдөр тутмын хэрэглээ болж, үүнийгээ дагаад эерэг, сөрөг олон үр дагавар дунд бид төөрч байна. Хэдийгээр цахим орчин цаг үеийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, дэлхийн хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бидэнд өгсөн ч дэлгэцийн донтолт, утасны хамаарал гэдэг зүйл бидний амьд харилцааг үгүй болгохын зэрэгцээ хүүхдүүдийн нүдний хараа, цаашлаад хорт хавдар үүсэх нэгэн шалтгаан болоод байгаа нь нууц биш. Энэ тухай Баянгол дүүргийн иргэн Б.Бальдармаа “Би 3-8 дугаар ангийн гурван хүүхэдтэй. Цахим хичээлийг эсэргүүцдэг ээж аавын төлөөлөл. Учир нь өнөөдөр хүүхдүүд минь хичээлийн шаардлагаар өдөржингөө дэлгэц ширтэж байна. Энэ нь маш их оюуны ядаргаанд оруулдаг гэдгийг цар тахлын үеэр хамгийн их мэдэрсэн. Охины минь нүдний хараа муудаж, харааны шил зүүдэг боллоо. Тиймээс сурах бичгийг дижитал хэлбэрт оруулахыг дэмжихгүй” гэв. Тэгвэл СЭМҮТ-ийн сэтгэл засалч О.Батчимэгийн зөвлөснөөр 6-12 насныхан өдөрт 1.5-2 цагийг л цахим хэрэглээнд зарцуулах ёстой гэжээ. Тэгэхээр  сурагчийн цүнхний жинг бууруулахын тулд сурах бичгүүдийг дижитал хэлбэрт оруулна гэдэг бас л бодох асуудлын нэг болж байх шиг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 23 (7267)