Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Багш гэдэг ямар ч цаг үед хамгийн эрэлттэй, нэр хүндтэй мэргэжил байсаар ирсэн. Тэгвэл сүүлийн жилүүдэд багшийн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад сэтгэл зүй, эрүүл мэндэд нь анхаарах асуудал нэн чухал болоод байгаа билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаартаа багш нарын дархлаажуулалтын талаар онцолж байна.
Багшийн хувьд хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалах нэг арга нь дархлаажуулалт
Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалтын вакцин юм. Вакцин гэдгийг халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулах эсвэл уг бичил биетийг үхүүлж, дархлал тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэл гэж ойлгож болно. Хүн амьдралынхаа туршид зургаан төрлийн вакцинд заавал хамрагдах ёстой. Эдгээр нь таныг аюулт 10 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлэх юм. Ялангуяа хүйтний улиралд ханиад томуу ихэсдэгтэй холбогдуулан Монгол Улс даяар томуугийн вакциныг тогтмол хийж, бүх насны хүн амыг хамруулдаг. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан билээ. Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусын эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлж, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын “GCFLU” дөрвөн цэнт вакциныг хийсэн байна. Ялангуяа цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулиудын багш нар энэхүү вакцинд идэвхитэй хамрагдсан аж. Энэ тухай Хан-Уул дүүргийн 308 дугаар цэцэрлэгийн багш Д.Баасанхүү "Манай багш нар томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан. Учир нь бид бага насны хүүхдүүдтэй ажилладаг учир хүүхдүүдээ болон өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд дархлуужуулалтад хамрагдахыг чиглэл болгодог" гэсэн юм. Харин "Нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн багш Б.Батсүх “Олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх нэг гол аргыг дархлаажуулалтын вакцин гэж боддог. Би бага ангийн багш учир цаг тухайд нь дархлаажуулалтад хамрагдахыг хүсдэг. Өнгөрсөн жил вакцинаа хийлгэсэн. Хүүхдүүдээ ханиад томуунаас хамгаалах хамгийн зөв арга нь вакцин тул эцэг эхчүүдэд ч хүүхдүүдээ аль болох дархлаажуулалтад хамрагдуулаарай гэж хэлдэг Энэ нь хамгийн эхэнд хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалах багш хүний үүрэг гэж бодож байна. Дархлаа сайтай багшийн бүтээмж өндөр байдаг” гэв.
“Дархлаажуулалт болоод үзлэг шинжилгээнд хоёр удаа хамрагдсан”
Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн тушаалаар төрийн алба хаагчдыг томуугаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулсан билээ. Энэ тухай ЭМЯ-ны дархлаажуулалт хариуцсан мэргэжилтнээс тодруулахад “Өнгөрсөн онд улс даяар дархлаажуулалтын аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд төрийн албаныхан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нарыг дархлаажуулалтад хамрууллаа. Багш нарын хувьд ихэвчлэн өөрсдийн хүслээр хамрагдсан. Ялангуяа бага ангийн багш нар түлхүү байна” гэсэн юм.
Монгол Улс 1923 оноос цагаан цэцэг өвчний эсрэг, 1962 оноос полиомиелитийн эсрэг, 1966 оноос сахуу татран хөхүүл ханиадын эсрэг, 1974 оноос улаан бурхны эсрэг, 1987 оноос сүрьеэгийн эсрэг, 1991 оноос В хепатитын эсрэг вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлсний үр дүнд 1940 оноос цагаан цэцэг, 2000 оноос полиомиелит өвчний 100 хувь дархлаатай болж бүрэн устгасан гэж үздэг. Дархлаажуулалтын ач холбогдлын тухай Нийслэлийн 65 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Даваасүрэн “Манай сургуулийн багш нарын хувьд өнгөрсөн жил дархлаажуулалт болоод үзлэг шинжилгээнд хоёр удаа хамрагдсан. Багш өөрөө дархлаа сайтай, эрүүл байж хүүхдүүддээ хичээл заана шүү дээ. Тиймээс аль болох цаг тухайд нь вакциндаа хамрагдаж, өөрийгөө болоод хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь багш хүний үүрэг гэж бодож байна” гэсэн юм. Үнэхээр багш нь өвдчихвөл хүүхдүүдийн хичээл хоцрогдож, энэ нь даамжирвал боловсролын салбарт ч доголдол үүсэх аюултай билээ. Тиймээс харьяа яам болоод эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьдаг шигээ багш нарынхаа дархлаажуулалтыг адил түвшинд авч үзэх нь зүй ёсны хэрэг юм.
“Ахлах ангийн багш нар өөрсдийн хүсэлтээр вакцинд хамрагдсан”
Бид орон нутгийн сургуулийн багш нар дархлаажуулалтад хэр идэвхитэй хамрагддаг тухай тодрууллаа. Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Н.Наранцэцэг “Манай аймгийн хувьд жил бүр дархлаажуулалтын аянд идэвхитэй оролцдог. Өнгөрсөн жил зөвхөн төрийн албан хаагчдаас гадна улсын болоод хувийн сургууль, цэцэрлэгийн багш нараа дархлаажуулалтад бүрэн хамруулсан. Үүний хүчинд боловсролын аль ч түвшинд багшийн хичээл таслалт, агуулгын хоцрогдол гараагүй нь хамгийн том үр дүн болов уу” гэсэн юм. Харин Говьсүмбэр аймгийн нэгдүгээр сургуулийн сэтгэл зүйч Д.Дөлгөөн “Манай багш нарын хувьд ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамрагддаг. Харин багш нарын хувьд нэгдсэн хэлбэрээр дархлаажуулалтад хамрагдаагүй” гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн нийслэлийн 159 дүгээр сургуулийн сургалтын албанаас мэдээлэл авахад “Манай сургуулийн хувьд бага ангийн багш нараа бүрэн дархлаажуулалтад хамруулсан. Ахлах ангийн багш нар өөрсдийн хүсэлтээр вакциндаа хамрагдсан” гэв. Улсын хэмжээнд авч үзэхэд ковидын цар тахлын үед дархлаажуулалтын хамгийн өндөр ирцтэйгээр хамрагдаж байжээ. Тодруулбал Баянгол дүүрэгт 5405, Баянзүрх дүүрэгт 8189, Багануур дүүрэгт 823, Багахангай дүүрэгт 102, Налайх дүүрэгт 995, Сонгинохайрхант 6128, Сүхбаатар дүүрэгт 4674, Хан-Уул дүүрэгт 5080, Чингэлтэй дүүргийн хэмжээнд 3219 багш, ажилтан хамрагдаж байсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 11 (7255)