Сүрнээгийн УЯНГА, Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Улаанбаатарын зүүнтээ 40 гаруй жил дүнхийж, хүн, техникийн мөрөөр жим татталаа элэгдсэн Хавдар судлалын үндэсний төвийн хуучин шаргал байшин гаднаа буйдхан, амар амгалан. Гэвч дотогш орвол зүг чигээ алдан үймж сандарсан хэдэн зуун хүн хөлхөнө. Яг л томоохон тэмдэглэлт баярын өмнөх зах худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөнийг санагдуулах мэт. Ийн хөл гишгэх зайгүй шахцалдаж хаа нэг тийшээ яарч адгасан, ямар нэг зүйл хайж холхисон дүр зураг давхар болгонд давтагдах аж. Гэвч харамсалтай нь баярлаж хөөрч биш өвчиндөө шаналж энэлсэн, эмчилгээний төлбөрт толгой гашилгасан, өнөөдөр маргаашийг яаж өнгөрөөхөө мэдэхгүй хүмүүс ихэнх нь бий. Тэнд чин сэтгэлийн инээмсэглэл, тоглоом наргиа олж харна гэдэг өдрийн од шиг... 

ХСҮТ-ийн барилгыг 42 жилийн өмнө 10 мянган хүн үйлчлүүлнэ хэмээн тооцож барьсан бол энэ тоо өнөөдөр 150 мянга хол давж тэр хэрээр ачаалал эрс нэмэгдэж эргээсээ хальсан ус шиг болжээ. Манай сурвалжлах баг олны нэрлэдгээр  хавдрын эмнэлгийг хэдэнтээ зорьж очиж албан болон албан бусаар жижүүрээс эхлээд эмч, сувилагч, үйлчлүүлэгч, эмнэлгийн удирдлага гээд ажил үүргийн онцлог хуваарь бүхий цөөнгүй хүнтэй уулзаж явлаа. Тэр болгонд хавдар оношлогдсон,  шаардлагатай шинжилгээ, эмчилгээ бүрт иргэд эдийн засгийн хүнд дарамтад орж буйгаа учирлаж байв. Хэрэв жилд хавдрын эмнэлгээр үйлчлүүлдэг 150 мянган хүн нэг дор дөрвөн давхар шар байшин руу орвол таван литрийн бидонд арван литр ус багтаахтай адил зүйл болох биз. Угтаа 150 мянга гэдэг бол манай улсын бүхэл бүтэн хоёр аймгийн хүн ам бүтнээрээ хавдрын эмнэлгийг зорьж буйтай адил юм. 

Яг энэ нөхцөл байдлыг Төрийн ордонд хэлэлцэх үед  “Хорт хавдрын тархалт нийгмийн тулгамдсан асуудлаас хэдийнэ давж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх хүртэл газар авсан. Одооноос эрт илрүүлгийн тогтолцоог маш сайн бэхжүүлэхгүй л бол Монгол Улс хавдрыг тогтоон барьж дийлэхгүйд хүрнэ. Үүнд төр, засгийнхан анхаарлаа яаралтай хандуулаач” гэдгийг ХСҮТ-ийн Ерөнхий захирал, доктор Н.Эрдэнэхүү учирлаж байсан нь саяхан даа.

Оношоо тодруулж, хавдартайгаа мэдчихээд мэс засалд орох өдрөө хоёр сар орчмын турш хүлээсэн тухайгаа харуусан ярих алс хязгаар Завхан аймгаас ирсэн өвчтөн. Гурав хоног хүлээсний эцэст эмчдээ үзүүлэх гэтэл “Таны дугаар баталгаажаагүй байна” гэсэн хариу сонссондоо цөхөрсөн ходоодны хорт хавдартай иргэн. Энэ бол ХСҮТ-д үйлчлүүлж байгаа иргэдэд тулгарч байгаа бодит асуудал. “Хавдраар өвчилсөн хүнд гунигт мэдээг нь үгээ цэгнэж, нулимсаа тэвчиж хэлдэг. Анх уулзсан өвчтөндөө хавдрын оношийг шууд хэлж болохгүй. Хоёроос гурван удаа уулзсаны дараа шинжилгээ оношилгоонд үндэслэж хэлдэг” хэмээн санаа алдан ярих ХСҮТ-ийн туршлагатай эмч. Энэ бүхнийг “Зууны мэдээ” сонин “Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй” гурван цуврал нийтлэлээрээ өмнө нь хүргэсэн билээ.

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДОТОРХ ХУВИЙН БИЗНЕСИЙН ДАБЛЬ СТАНДАРТ

 

Бид энэ удаад өмнөхөөс арай өөр асуудлаар хавдрын эмнэлгийг зорилоо. Гурван сая хүнтэй Монгол Улсын хамгийн тулгамдсан өвчлөлөөр төрөлжсөн ганцхан эмнэлэг. Үйлчлүүлэгчээ багтааж ядсан атлаа дотроо хувийн аж ахуйн нэгжид цэлгэр уудам зай талбайгаа найр тавьж өгсөн асуудлыг “ЗМ”-ний Эрэн сурвалжилга булангаараа хөндөхөөр болсон нь энэ юм. “Мед портал” эмнэлэг төрийн байрыг  түрээслэж үйлчилгээ үзүүлээд таван жил гаруй болж байна. Ингэхдээ гэрээн дээрээ 190 ам метр гэдэг ч яг нарийн хэмжсэн удаагүй гэж эмнэлгийн ажилтнууд шоолонгуй ярих юм билээ.

Ачааллаа дийлэхгүй байгаагаа арван мянгантаа ярьж, учирлаж явдаг төрийн эмнэлэг яагаад анхнаасаа хувийн бизнесийг “гэртээ” оруулав гэдэг сонин. Муухайгаар яривал жилд хоёр аймгийн хэмжээний хүн үйлчлүүлдэг хавдар судлалын үндэсний төв бол бизнесийн байгууллагын хувьд том зах зээл. Зүгээр сууж байхад л үйлчлүүлэгч овоорч, хэтэвч нь түнтийж байх боломж. Харин “Мед портал” эмнэлэг төр үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа орон зайд MRI, CT-аар оношлогоо шинжилгээ хийдэг гэдгээрээ халхавчилж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, MRI буюу соронзон үелзүүрт томографийн шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй учраас "Мед портал"-д хөнгөлөлттэй үзүүлдэг. Харин ХСҮТ, “Мед портал” хоёулаа компьютер томографийн оношлогоо шинжилгээ хийдэг. Гэтэл өвчнөөсөө салах гэж бүхнээ сарвайдаг иргэдэд улсын эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт үзүүлдэг бол “Мед портал” ямар нэг хөнгөлөлтгүй үйлчилж байна. Энд хоёр том асуудал бий.

Нэгдүгээрт, төрийн эмнэлэг дотор хоёр өөр буюу тэнгэр газар шиг үнээр иргэдэд үйлчилж байгаа явдал. Зарим нэг ижил төрлийн үйлчилгээг хэрхэн үзүүлж буйг 4-5 эмнэлэгтэй харьцуулахад Хавдар судлалын үндэсний төв томографийн шинжилгээг даатгалаар хийдэг. Хувиараа даатгал төлдөг бол 85500. Харин цээж, хэвлийн томографи нь 171 мянган төгрөг байв. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв тодосгогчтой, тодосгогчгүй томографи шинжилгээ хийдэг.  Тодосгогчтой нь даатгалгүй бол 285 мянган төгрөг, тодосгогчгүй бол 120 мянган төгрөг. Даатгалтай бол тодосгогчны 89 мянган төгрөг төлөөд үнэгүй хийж байв. Тэгтэл “Мед портал” эмнэлэг томографийн шинжилгээг даатгалд хамруулдаггүй. Тодосгогчгүй болон тодотгогчтой томографи шинжилгээнээс хамааран 100-900 мянган төгрөг. Тэр дотроо тодосгогчтой  цээж хэвлий 540 мянга, тодосгогчтой толгой хүзүү 350 мянган төгрөг байв.

Харин эдгээр шинжилгээг ХСҮТ хийдэггүй. “Мед портал” эмнэлгийн үзүүлдэг MRI, CT-аар оношлогоог Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийдэг. Хоёрдугаар эмнэлэгт энэ төрлийн оношлогоо  350-500 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол “Мед портал” эмнэлэг xэвлий /элэг тодосгогч бодистой/ 900 мянган төгрөг, Толгой бүтэн нурууны багц 650 мянган төгрөг, Бүтэн нуруу 500 мянган төгрөгөөр оношилж байна. Үүнээс 30 хүртэлх хувийн хөнгөлөлтийг даатгуулагчид эдэлнэ.

Ерөнхийд нь тоймлож харвал ХСҮТ, СХД-ийн эрүүл мэндийн төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг томографийн шинжилгээг тодосгогчтой, тодосгогчгүйгээс хамааран даатгалаар 80-150 мянган төгрөгийн хооронд хийж байхад төрийн эмнэлэг дотор үйлчилгээ үзүүлж буй “Мед портал”-ийнх даатгал үйлчлэхгүй хэмээн 100-900 мянган төгрөгийн ханштай байв. Эндээс төрийн эмнэлэг доторх хувийн бизнесийн дабль стандарт харагдана.

Хорт хавдрыг эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй болдог. Энэ нь өрхийн орлогод хүндээр тусч байна. Хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөг зарцуулж байгаа гэсэн албан ёсны судалгаа бий. Тиймээс эрүүл мэндийн даатгалын санхүүжилт маш чухал байгааг төрийн түшээд эрүүл мэндийн салбарынхан цаг тутам ярьж үндэсний хэмжээнд удаа дараа хуралдаж, хэлэлцсэн. Гэтэл төрийн бодлого бодит байдал дээр иргэдэд ашиг тусаа өгдөггүй. Тэр бүү хэл төрийн эмнэлэгт “үүрлэж” байгаа хувийн хэвшил нь даатгалын хөнгөлөлтөөр иргэдэд үйлчлэхгүй байгаа юм. Бид яагаад даатгалаар үйлчилдэггүй талаар “Мед портал” эмнэлгийн гүйцэтгэх захирал н. Ариунтунгалагаас тодруулахад “Бид даатгалд хамрагдах хүсэлтээ ЭМДЕГ-т удаа дараа хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Хавдар судлалын үндэсний төв дотор үйл ажиллагаа явуулдаг учраас даатгалд хамруулах боломжгүй гэж ойлгосон” гэлээ. Энэ талаар ЭМДЕГ-аас лавлахад “Хариуцсан ажилтан нь эмнэлгийн чөлөөтэй байгаа. Архиваас материал шүүж гаргахад хугацаа шаардагдана. Бид хууль журмын дагуу л ажилладаг” гэсэн тайлбарыг өглөө.

Хавдраар өвчлөгсдийн нас жил ирэх тусам залуужиж, нийт үйлчлүүлэгчийн 86 хувь нь 45-аас дээш буюу ид хийж бүтээх насандаа хорт хавдарт өртөж буй сэтгэл хөндүүрлэм мэдээллийг бид хангалттай сонссоор л байгаа.

 

ХАЯГГҮЙ ХУВИЙН ЭМНЭЛЭГ БУЮУ ИРГЭДИЙН ТӨӨРӨГДӨЛ...

Хавдар судлалын үндэсний төвийн хаалгаар ороод хоёр давхарын зүүн жигүүрт “Мед портал” эмнэлэг байрладаг. Гэхдээ үүдэндээ хүний нүдэнд шууд тусахаар тодорхой хаяг байхгүй. Харин мэдээллийн самбарын тэрүүхэн буланд “Мед портал” гэсэн жижигхэн лого байршуулсан нь нүдэнд тэр бүр тусахааргүй. Дэмий сэлгүүцсэн хүн л олж харж магадгүй. Мөн томографийн үйлчилгээ даатгалд хамаарахгүй гэдгийг тодотгосон, анхааруулсан нэг ч бичиг алга. Тиймээс иргэд хувийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа юу, улсынхаар уу гэдгээ ялгаж ойлгоход бэрх аж. Биднийг очиход үйлчлүүлэгчдийн ихэнх нь хавдрын эмнэлгийн эмч нар нааш нь зааж явуулсан. Тиймээс хэлсэн мөнгийг нь төлөхөөс аргагүй гэдгийг хэлж байв. Хэнтий аймгийн иргэн Г.А “Энэ улсын эмнэлэг биш юм уу. Хоёр давхрын эмнэлэгт шинжилгээ хийлгээрэй гээд хавдар судлалын эмнэлгийн эмч бичиж  өгсөн. Доод давхарт оочер дугаар ихтэй байхаар нь нааш нь явуулсан байх. Хувийн эмнэлэг гэж хэн ч хэлээгүй. Адилхан л үнээр үйлчилдэг гэж бодож байгаа” гэлээ.

Булган аймгаас ирсэн Ж.М “Манай эхнэр хөхний хорт хавдартай. Хагалгаанд орохоос өмнөх шинжилгээнүүдийг нь өгөөд явж байна. Бид өнөөдөр л гэхэд 850 мянган төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн. Мал малладаг. Уг нь хувиараа нийгмийн даатгал төлдөг учир даатгалаар хөнгөлөх байх гэж бодсон. Гэтэл даатгал үйлчлэхгүй гэсэн. Хөдөө гэрт хүн бүлгүй яараад аргагүйн эрхэнд өндөр төлбөртэй шинжилгээ өгч байна” гэсэн юм.

Мөн Хавдар судлалын  зүрх судасны тасаг нь энд байдаг гээд ирсэн. Хагалгаанд орохын өмнө заавал зүрх судас цахилгаан бичлэгт орсон байх ёстой учраас наашаа ирэхийг заасан гэх 20 гаруй насны О.Г-тэй уулзав. “Мед портал” эмнэлэг дотор зүрх судасны эмчилгээ үзүүлдэг аж.

Гэтэл хавдар судлалын үндэсний төвийн ачаалал өдөр өнгөрөх тусам нэмэгдсэнээс биш буурсангүй. Өөрөөр хэлбэл, “Мед портал” эмнэлэг хэдийгээр оочер дугааргүй ч гэсэн даатгалаар үйлчлэхгүй учраас өндөр үнэтэй. Тиймээс иргэд эдийн засгийн боломжиндоо тааруулж эднийхээс үйлчилгээ авч чадахгүй байгаа юм. Үүний нэг жишээ бол Хавдар судлалын үндэсний төвд долоо хоногт 120-140 мэс засал хийж байгаагаас элэг, ходоодны хорт хавдрын мэс засал ихэнхийг нь эзэлж байна. Өмнөх жилүүдэд 500-600 орчим элэгний хорт хавдрын мэс засал хийгддэг байсан бол 2022 онд энэ тоо хоёр дахин өсөж 1000 давжээ. Монгол Улсад өдөрт 14-16 хүн хорт хавдраар өвдөж, 11-12 хүн хорт хавдраар нас барж байгаа харамсалтай статистик гарч байна.

 

“МЕД ПОРТАЛ” ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ДАНСААР ДААТГАЛЫН МӨНГӨӨ АВДАГ

 

Төрийн эмнэлгийг “шимэгчилж”, бэлэн байр, том зах зээл дээр хамгийн ашигтай бизнесийг  эрхэлж байгаа “Мед портал” эмнэлэгтэй холбоотой хэл ам хэдэн жилээр зогссонгүй. Хавдрын эмнэлгийг түрээсэлсэн цагаас л элдэв “хэрэг” яригдаж ирсэн. Гэтэл төр нэгэн бизнесийн байгууллагыг байр, үйлчлүүлэгчээр нь халамжлахаас гадна дансаа хүртэл ашиглуулж байгаа нь ноцтой асуудал биш гэж үү. Эх сурвалжийн хэлснээр  “Гэрээгээ дүгнэсний дараа мөнгө төгрөгөө эмчилгээ эрхэлсэн болон ерөнхий захирал нь зураад “Мед портал” руу шилжүүлдэг. Тодруулбал, төрөөс MRI, CT оношлогооны даатгалын санхүүжилтээ авахдаа ХСҮТ-ийн дансаар дамжуулж авдаг. Түрээсийн гэрээг Өмч хамгаалах комиссын шалгалт ирэхэд ерөнхий тохирлоор бүрдүүлдэг. Ер нь түрээс, ашгийн урамшууллын гээд ямар ч тайлан байхгүй. “Мед портал” эмнэлгийн зүрх судас, зүрхний эхо дээр манай эмч ажилладаг. Төхөөрөмж нь хувийн эмнэлгийнх учир үйлчилгээний 40 мянган төгрөгөө өөрсдөө авдаг. Хуваарилалтаа хэрхэн хийдгийг нь мэдэхгүй. Манай эмнэлгийн эмч нар хувь авдаггүй. Ер нь хавдар судлалын эмнэлэг дотор байдаг гэдгээрээ зарим нэг асуудлаас халхлагддаг гэж сонссон. Хамгийн гол нь хувийн эмнэлэг эрсдэлээ төрд үүрүүлж байна. ХСҮТ-ийн амбулаторийн үзлэг  хэтэрсэн учраас  талбайгаа өргөтгөе гэхээр зай талбай байдаггүй. Хамгийн гол эрсдэлээ манайд үүрүүлж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, төрийн эмнэлэг, хувийн бизнесийн байгууллага “халаас” нэгтэй болж санхүү нягтлангууд нь байнга нааш цааш "гүйдэлтэй" болжээ.

Түүнчлэн түрээсийн төлбөрөөс гадна эмнэлэг олсон ашгаасаа ХСҮТ-д урамшуулал маягаар мөнгө төлдөг гэдэг. Гэвч бодит байдал дээр ХСҮТ-ийн эмч ажилчдад ямар нэг урамшуулал олгогдож байгаагүй. Тэр бүү хэл түрээсийн гэрээ ямар журмаар яаж хийгддэг нь “дээгүүрээ” маш нууц явагддаг бололтой. Зүй нь үнэхээр л эмнэлгийн ачааллыг үүрэлцэж байгаа бол мэдээлэл нь тодорхой хэмжээнд ил тод байж яагаад болохгүй гэж.

Гэхдээ ХСҮТ-д хийж чадахгүй байгаа гэх шинжилгээний тоног төхөө­рөмжийг ЭМЯ-наас төсөл хөтөлбөр, төсөв зардалдаа тусгаж байгаад шийдчих бүрэн боломжтой аж. Үүнийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг бараг жилийн өмнө ХСҮТ-д ажил­лах үеэрээ хэлж, удирдлагуудад нь үүрэг өгсөн. Тэрбээр “...Эхний ээлжинд Австрийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютер томографи, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг шийдэж өгье. Бусад тоног төхөөрөмжийг шат дараатайгаар шийдэх боломжтой” гэсэн.

Түүнчлэн “...Төр тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж өгнө.  Хавдрын урдаа барьдаг ганц төв маань оношлогоо шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ. Тэгэхээр ХСҮТ-ийн амбулатори дотор үйл ажиллагаа явуулдаг “Мед портал” хувийн эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав” гэдэг үүргийг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүд өгсөн. Аж ахуйн тооцоо, янз бүрийн яригддаг зүйлүүдийг хойш тавьж болоход эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа эмнэлэгт тавигддаг шаардлагууд дээр ойччих гээд байдаг. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын 17-нд НМХГ-аас “...”Мед портал” ХХК-ийн эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үүгээр рентген аппаратын цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа” гэсэн мэдээллийг гаргаж байв.

Энэ хэл ам дагуулдаг “Мед портал” эмнэлгийг улстөрчид, эмч нартай холбодог. АТГ-т гишүүн асан Ж.Чинбүрэнтэй холбоотойгоор шалгагдаж байв. Улсын бүртгэлд байгаа мэдээллээр “Мед портал” ХХК нь 2018 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдсан. Гадаад худалдаа, дүрс оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Тус компанийг Б.Түвшинжаргал болон “Люкс центр” ХХК эзэмшдэг.

“Мед портал” эмнэлгийг эзэмшдэг Б.Түвшинжаргал нь рентген оношлогоо, соронзон үелзүүрт томографийн оношлогоо, компьютер томографи,  барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Интер-Эйд” ХХК, Аялал жуулчлал, гадаад худалдаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эрхлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ханган нийлүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй “Саммит медикал сервис” ХХК, Рентген, компьютер томографийн оношлогооны “Хийлс-Эйд” ХХК-ийг эзэмшдэг. Мөн М.Дэлгэржаргалын хамт гадаад худалдаа, эм барих чиглэлээр ажилладаг “Тэнүүн фарм”,  Японы иргэн Hyundae Mso-той хамт гадаадын хөрөнгө оруулалт бүхий “МК медикал сервис” компанийг эзэмшдэг юм байна.Харин “Мед портал” эмнэлгийн нөгөө эзэмшигчид нь “Люкс центр” ХХК-ийг С.Батзориг, А.Мөнх-Эрдэнэ, Д.Тамир нар. Тус компани гадаад худалдаа, дүрс оношлогооны чиглэлээр ажилладаг. С.Батзориг нь “Монголын яс үе мөчний дүрс оношлогооны нийгэмлэг” НҮТББ-ын тэргүүн, “Аффинити” ХХК, “Инно сайт” ХХК, “Мон орто мед” ХХК-ийг эзэмшдэг аж. Мөн “Экспресс-Ассист” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Түүнчлэн С.Батзориг нь гадаад худалдааны “Азурион” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани Б.Түвшинжаргал, Х.Ариунзаяа нарын эзэмшилд байдаг. Харин эцсийн өмчлөгч нь “Хишиг арвин индустриал” компанийн эзэн Б.Хишигдорж юм байна.

 

37 ТЭРБУМЫН ТЕНДЕР ЯАГААД ХОЁР УДАА БҮТЭЛГҮЙТЭВ

С.Чинзориг Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараахан ХСҮТ-тэй танилцсанаар төрийн байгууллагыг “эзэгнэж” байгаа хувийн эмнэлгийг гаргах үүрэг өгсөн. Түүнээс хойш жил тойрч байна. Энэ хугацаанд гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хавдрын эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэхээр хоёр ч удаа тендер зарласан ч “унаад” байгаа юм.

С.Чинзориг Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараахан ХСҮТ-тэй танилцсанаар төрийн байгууллагыг “эзэгнэж” байгаа хувийн эмнэлгийг гаргах үүрэг өгсөн. Түүнээс хойш жил тойрч байна. Энэ хугацаанд гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хавдрын эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэхээр хоёр ч удаа тендер зарласан ч “унаад” байгаа юм. Уг нь Австрийн Засгийн газрын 10 сая ам. долларын энэхүү тендер бүтчихвэл төрийн эмнэлэг MRI, CT аппарат авч өгөх, компьютер томографийн үйлчилгээгээ сайжруулах юм. Мөн энэ үед ХСҮТ-д “үүрлэж” буй хувийн эмнэлгийг гаргана гэдгийг салбарын сайд болон  ХСҮТ-ийн захирал хэлж буй. Тэгвэл тендерийн талаар Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзулаас тодруулахад “Эхний тендерийг 10 сая еврогоор зарласан. Гэтэл 15 сая еврогийн санал ирүүлсэн нэг л компани байсан учраас тендер хүчингүй болсон. Хоёр дахь тендерт хоёр компани оролцсон нь бидний тавьсан шаардлагад нийцэхгүй тоног төхөөрөмж санал болгосон учир хүчингүй болсон. Гурав дахь тендер зарлагдаад компани шалгарсан. Тендер зарласнаас хойш 210 хоног буюу долоон сарын дотор тоног төхөөрөмж нийлүүлэх ёстой. Гурван удаа тендер зарласан. Нэгэнд нь нэг компани оролцсон. Ийнхүү тендерийн асуудал удаашралтай яваад байна” гэлээ.

 

МОНГОЛД 26 МЯНГАН ХҮН ХАВДАРТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА

Дэлхий даяар жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж 8.2 сая хүн нас барж манай улсын хүн амыг арав дахин нэмэгдүүлэх хэмжээний хүн эл өвчинтэй тэмцэж байна.  ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистикаар жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ.

Тэгвэл Монгол Улсад 2022 оны байдлаар 26 мянган хүн хавдартай тэмцэж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын бараг нэг хувь нь хорт хавдрын онош сонсчээ. Харин хавдрын оноштой хүмүүсийн 66 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж, 42.4 хувь нь тав ба түүнээс дээш жил амьдардаг гэсэн судалгаа бий. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 11.647-д хүрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өснө хэмээн таамаглажээ.

 

АТГ-ААС ХСҮТ-ИЙГ ТӨЛБӨР, ХАНДИВ АВАХЫГ ХОРИГЛОСОН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ

АТГ-аас ХСҮТ-д ажиллаж дөрвөн заалт бүхий зөвлөмжийг хүргүүлжээ. Тус зөвлөмжид дурдсанаар төрийн өмчийн байгууллагаас төлбөртэй төлбөр тусламж үйлчилгээ үзүүлэх жагсаалтыг Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн байгуулах журмыг зөрчсөн. Хуулиар олгоогүй эрх эдэлсэн. Өөрөөр хэлбэл, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/51 дүгээр “Журам, жагсаалт батлах тухай” тушаалыг  хүчингүй болгох, цаашид хуулиар эрх олгоогүй тохиолдолд хэм хэмжээ тогтоосон захиргааны акт гаргахгүй байхыг зөвлөсөн байна.

 Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Төсвийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан хэм хэмжээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулиар зөвшөөрөөгүй төлбөр, хандив авахгүй байх.  2023 оны нэгдүгээр сарын 1-ээс тус төвтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа байгууллагуудаас хандив тусламж авахыг хориглосон байна. Тухайлбал, ХСҮТ “Монхимо” компанид хагас сар гаруйн хугацаанд 22 сая төгрөгийг эм эмнэлгийн хэрэгсэл гэсэн утгаар шилжүүлсэн бол буцаагаад 3.7 сая төгрөгийн үнэ бүхий 570 ширхэг шингэн хүнс хандиваар авч байсан. “Тулга төхөөрөмж” компаниас 580  мянгөн төгрөгийн будаа агшаагч хандиваар авсан. Уг хандивыг хүлээн авахаас өмнө болон хойно 27.3 сая төгрөгийн бараа тоног төхөөрөмж худалдаж авсан. Мөн дурангийн оношилгоо хийхэд шаардлагатай хөөс дарагч бэлэн байгаагүй учраас хувийн хэрэгцээнд авсан хөөс дарагчийн үнийг иргэнээр гаргуулсан тохиолдол гарчээ. Түүнчлэн АТГ-ынхан ХСҮТ-д ажиллах үеэр шинжилгээний цаг тараах явцад хүнд суртал, чирэгдэл гарч, эмх замбараагүй байдал үүссэн нь тогтоогдсон гэсэн байв.

ХСҮТ 2022 онд амбулаторийн үзлэг 114538, оношилгоо 41903 удаа хийсэн нь өмнөх онтой харьцуулахад үзлэг 41746, оношилгоо 8907-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тиймээс дүн шинжилгээ хийж эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгохыг АТГ анхааруулжээ.

 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Улсын төрөлжсөн эмнэлэг дотор хувийн байгууллага үйл ажиллагаа явуулах нь оновчтой биш

 

-Эрүүл мэндийн сайдаар томилогдсоны дараа ХСҮТ-д очиж нөхцөл байдалтай танилцсан. Хавдрын эмнэлэг дотор хувийн эмнэлэг түрээсийн гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байгааг болиулж, талбайгаа чөлөөлж ав гэдгийг хэлсэн. Хавдрын эмнэлэгт MRI, CT аппарат авч өгөх, компьютер томографийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай. Эрүүл мэндийн яам Австри улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авах тендер зарлаад байна. Хавдрын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг аваад өгчихвөл хувийн эмнэлгийн түрээсэлж буй талбайг чөлөөлөх шаардлага гарна. Энэхүү төсөл хэрэгжээд хэрэгтэй тоног төхөөрөмжийг аваад өгвөл гаргана гэсэн чиглэлтэй байна. Асуудал яагаад сунжраад байна гэвэл Австрийн Засгийн газрын хөрөнгөөр тоног төхөөрөмж  худалдан авах тендер гурван удаа зарласан. Оролцогч байгууллагууд нь шаардлага хангаагүй учраас хэд дахин зарласнаас энэ ажил удаашралтай байгаа.

Австрийн зээлийн хөрөнгө учир зээлийнхээ нөхцөлөөр зайлшгүй Австрийн хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэгчээр ажиллана гэсэн гэрээтэй. Австрийн хөрөнгө оруулалттай Монголд үйл ажиллагаа явуулдаг хоёр л компани байдаг юм билээ. Эрүүл мэндийн байгууллагууд гурван жилийн өмнөөс Эрүүл мэндийн даатгалын сангаас чанар, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан санхүүжилтийн үлдэгдэл хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжөө авах эрх нь нээлттэй болсон.

Ер нь бол улсын төрөлжсөн эмнэлэг тул дотроо хувийн байгууллагын үйл ажиллагаа явуулах нь оновчтой биш. Бусад орнуудад өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээний тоног төхөөрөмжийг тухайн эрүүл мэндийн байгууллага өөрийн хөрөнгийн санхүүжилтээр худалдаж авахгүйгээр лизинг, түрээсийн байдлаар төлбөр төлөөд явдаг туршлага  бий. Манайд ганцхан төрөлжсөн хавдрын эмнэлэгтэй учир гадны эмнэлэг дотроо ажиллуулаад, оношлогоо шинжилгээг нь хувийн байгууллагаар хийлгэх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Тендер эцэслэгдлээ гэхэд тендерийнхээ нөхцөлөөр тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ.

 

ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү: “Мед портал” эмнэлэг түрээсээс гадна ашгаасаа төлбөр төлдөг

 

-Энэ асуудлаар АТГ-аар гурван удаа шалгуулсан. Манайх хамгийн үр ашигтай, төр хувийн хэвшилтэй үр дүнтэй ажиллаж байгаа байгууллагаар үнэлэгдсэн гэж хэлж болно.

Австрийн Засгийн газрын төслөөр тендер нь зарлагдаад явж байгаа MRI, CT аппараттай болох хүртэл “Мед портал” үйл ажиллагаагаа явуулна. Намайг 2020 онд энд ирэхэд 2019 онд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн үед яамны түвшинд хэлэлцэгдээд гэрээ байгуулсан юм. Гэрээ зүгээр нэг түрээсийнх биш. Түрээсээс гадна тог цахилгаан бүх төлбөрөө төлөхөөс гадна, 119 метр квадрат талбайн түрээсэлж буй ашгаа төлдөг. Хэдий хэмжээний ашиг олно түүнийхээ 10- 30 хувийг төлдөг. Үр дүнд нь манайх гурван ч эхо авсан. Түрээсийн тодорхой хувийг нь төрийн өмчийн хороо авдаг. Одоогийн эмнэлгийн тусламжийн өртгийг тогтооход хөрөнгө оруулалт тооцоогүй. Тиймээс тухайн эмнэлэгт Засгийн газар, Эрүүл мэндийн яам нь хөрөнгө оруулалтыг даадаг. Иймээс хөрөнгө оруулалт удааширдаг. Өнгөрсөн жилүүдэд хавдрын эмнэлэгт шаардлагатай хөрөнгө оруулалт хийгдээгүй. Өнгөрсөн жил бид хоёр тэрбумаар өөрсдийн хөрөнгөөр тоног төхөөрөмж авсан. Даатгалын хуулийн шинэчлэлийн үр дүнд цалингаа бага багаар нэмж байна. Мөнгө орж ирж буй бололцоогоор нь  жил бүр тоног төхөөрөмж худалдаж авах тендер зарладаг. Энэ жил хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. MRI, CT аппарат гурван тэрбумын үнэтэй. “Мед портал” эмнэлэг тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа явуулж байгаа эрсдэлээ өөрсдөө хариуцаж байгаа. Бидний зүгээс түрээсээ өг, ашгаасаа хуваалц л гэдэг. Энэ нь төр эрсдэлээс хамгаалж буй хэрэг. Тендер зарлагдаад аппарат нь ороод ирвэл хувийн эмнэлгийг гаргаад оронд нь байршуулна.

 

Б.Түвшинжаргал: Тайлбар өгөх боломжгүй

 

ХСҮТ-д байршиж буй “Мед портал” эмнэлэгтэй холбоотой олон асуулт хариулт нэхэж буйг “ЗМ”-ний эрэн сурважилгаас уншсан байх. Төрийн эмнэлэгт түрээсийн гэрээгээр байршихдаа ашгаасаа хэдэг төгрөгийг ямар журмаар төлдөг. Яагаад даатгалын мөнгөө төрийн эмнэлгийн дансаар авдаг. Томографийн шинжилгээг даатгалаар буюу хөнгөлөлттэй нөхцлөөр үзүүлж болохгүй байгаа зэрэг олон асуултад хариулт авахаар бид таван удаа “Мед портал” эмнэлгийг зорьж очсон билээ. Гэвч тэр болгонд мэдээлэл өгөх хүн байгаагүй учраас тус эмнэлгийн гүйцэтгэх захирал н.Ариунтунгалагтай холбогдож даатгалын асуудлаар мэдээлэл авсан бусад асуултад хариулах боломжгүй гэснээр Ерөнхий захирал  Б.Түвшинжаргал руу утсаар холбогдоход “Би хөдөө явж байна. Ямар нэг асуудлаар тайлбар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 6 (7250)