П.АМГАЛАН

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-нд хяналт шалгалт явуулсан байна.  Энэ хүрээнд барилга байгууламжийн стандарт, эрүүл ахуйн халдвар хамгаалал, төлөв байдал, байгаль орчны хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, галын аюулгүй байдлын стандарт болон харьяа дүүрэгтээ бүртгүүлж, гэрээ байгуулсан эсэхийг шалгасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, гарсан  дүгнэлтэд үндэслэн нийслэлийн хэмжээнд нийтийн байрны үйлчилгээ эрхлэх шаардлага, стандарт болон зохицуулалтын талаар зөвлөмж гаргах аж. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 768 байр байдгаас 749 нь хувь хүнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу нийтийн 204 байр байгаа бол Багануур дүүрэгт хамгийн бага буюу нийтийн хоёр байр бүртгэлтэй байгаа юм. Хяналт шалгалтаар төрийн захиргааны байгууллагад бүртгэлгүй, төрийн зохицуулалт, хараа хяналтаас орхигдсон тул байр, үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага байхгүй, нэг хүний амьдрах орчны стандарт зөрчигдсөн, байгууламж шатах эрсдэлтэй болон орчны аюулгүй байдалд алдагдсан зэрэг зөрчил илэрчээ. Энэ хүрээнд нийт 8046 зөрчил илрүүлж, 1031 мэдэгдэл, 964 зөвлөмж, 124 шаардлагыг тус тус хүргүүлэн, 14 иргэнд торгуулийн арга хэмжээ авсан бол 306 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Эх сурвалж:www.polit.mn