Н.Жаргалмаа
Оюу толгой орд газрын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын 200 гаруй компаниудын бий. Энэхүү үйл ажиллагаа төслийн удирдагч компани болох “Оюу толгой” ХХК нь ажилчидын эрх ашгийг зөрчиж буй талаар “Геологи, Уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл Холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангай мэдээлэл хийлээ.
Б.Ононхангай: “Оюу толгойн орд газар дээр уул уурхайн үйл ажиллагаа явуулагч байгуулагууд нь ажилчидын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Тухайлбал, Монгол улсын хуульд заасан ажилтны илүү цагын нэмэгдэл хөлс, хэвийн бусын нэмэгдэл буюу гүний уурхайн ажилчидын хүнд нөхцөлийн нэмэгдэл цалин хөлсийг зохих хэмжээнд тооцож өгөхгүй байна.
Энэ талаар нэмэлт тодруулга хийхэд ажилчид өөрийн хүсэлтээр илүү цагаар ажилладаг гэх хариу өгсөн. Гүний уурхайн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой учраас гэх агуулга бүхий тохиролцооны хуудас бичиж илүү цагын цалин хөлсийг бодохгүй байхаар тусгасан байна. Энэ бол хууль бус үйл ажиллагаа. Үүнийг таслан зогсоох ёстой. Ингэхийн тулд ажилтнууд эвлэлдэн нэгдэж, үйлдвэрчний холбоог байгуулах шаардлага тулгарч байна. Зарим нэг компаниудын эвлэлүүд удирдлагаас томилсон байгаа нь цэвэр ажилтнуудын санаа бодлыг илэрхийлэх төлөөлөх гэх зорилгоос гажсан зүйл юм.
Миний бие тодорхой хэдэн туслан гүйцэтгэгч компаниудын надад хандсан ажилчидыг төлөөлж, тэдгээрийн асуудалд хуулийн багтай хамтардаг. Энэ үйл ажиллагаа маань нийт Оюу толгойн орд газарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон нийт ажилчидын эрх ашгийг хамгаалахад хангалттай бус байна. Энэ удаагийн хурлаар цалингийн асуудлыг хөндөж гаргаж байгаа ч цаашлаад иргэд олон нийтээс нуусан олон асуудлууд бий. Тэдгээрийг ил гаргаж, ажилчидын эрх ашгийг хамгаалахад ажилчид, үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд тууштай хамтраасай хэмээн хүсэж байна" гэв.
Эх сурвалж: www.zms.mn