П.АМГАЛАНБАЯР

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-ОХУ-аас мах авахгүй нэг хэсэг боллоо. Энэ хооронд монголын махны компаниуд БНХАУ-руу мах экспортолж эхэлсэн. Мөн энэ жил урьд хожид байхгүйгээр үнэ унасан. Дээрээс нь нэгхэн компани гэхэд  40 том машин мах гаргачихаад  нэгийг нь ч зарж чадахгүй одоо хүртэл байж байна. Бараг хоёр сар гаруй болж байна.  Энэ жил нилээн  цас, зудтай байх шинжтэй  малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж  байна. Би сая  Өмнөговь суманд очоод ирсэн. Тэгэхэд 500 малтай айлын ихэнх нь 300  малаа  нядалчихсан байна. Энэ  нь гар аргаар нядалсан мах их байна гэсэн үг.  Нөхцөл байдал ийм байгаад ямар асуудал тулгараад байгаа юм бэ гэхээр  Х.Болорчулуун сайд дээр байгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, дарга нарын компанийг урагшаа явуулчихаад жирийн  компаниудыг явуулдаггүй.  БНХАУ-руу мах экспортлох зөвшөөрөлтэй 15-16 л  компани байдаг.  Тэд нар  нэг кг махан дээр гурван юаны төлбөр төлдөг.  Энэ нь 1500 төгрөг.  Тэгэхээр 20 кг мах гэхэд 30 мянган төгрөг  малчдын малын ханшийг унагаах замаар  мөнгөө тэр компани төлдөг. Тийм учраас БНХАУ-руу материалаа өгсөн  компаниудыг дарчихдаг. Энэ мэт асуудлууд байна. Тиймээс тээг болоод байгаа нөхдүүд дээр анхаарал  тавиач гэж хэлмээр байна.

 Хоёрдугаарт, Танай яамныханд хэлье. Ер нь ОХУ-тай хийж байгаа гадаад  худалдаанд ахиц гарч байгаа. Би танай яамнаас  огт мэдээлэл авч чадахгүй байгаа.  ОХУ-ын талаас авч байгаа. Та  ОХУ-д очоод  манай улсад 30 хэдэн жилийн турш хориг тавьсан гэж миний олон удаа  индэр дээрээс хэлсэн үгийг  эрх баригч нарт хэлсэн байсан. Энэ бол зөв. Түүний үр дүнд 200 гаруй бараа бүтээгдэхүүн ОХУ-руу  татвар багатайгаар гарах гадаад худалдаа, ялангуяа Евро Азийн гаалийн түншлэлийн  хэлэлцээрт орох  зүйл сайн явж байгаа юм байна. Үүнийгээ илүү сайн идэвхжүүлэх хэрэгтэй. 

Махны холбоо хэдэн тонн мах гаргасан. Гэтэл хоорондын зөвшөөрөл зэрэг асуудлаас болоод буцаад ирж байгаа  тохиолдол байна. Үхэр, хонины мах гаргах зөвшөөрлийг  ойрын хугацаанд авч чадна. Ийм тохиолдолд бид нар  нэг алхам  урагшилж БНХАУ-руу 4-5 хан бараа бүтээгдэхүүн экспортолдогоо 200 төрөл болгож чадвал  гадаад худалдаанд амжилт гаргах боломж  бидэнд байна.

Гэтэл Х.Болорчулуун сайд, төмөр замаар  орж ирэх гурилыг хаачихсан.  Нэг талын яам нь зөвшөөрөл хүсээд, нөгөө тал нь хориг тавьдаг,  гадаад харилцаан дээр асуудалтай. Ийм зүйл Засгийн газарт байна, энэ дээр бодолтой, нэг толгойтой  байгаарай гэж хэлмээр байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-ОХУ-руу Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлыг бид нар 2022 оны  арваннэгдүгээр сард  тус улсад очихдоо хэлж, ярьж эхэлсэн.  ОХУ-тай хийж байгаа гадаад худалдааг аваад үзвэл 97 хувь ОХУ, гурван хувь нь манай улсын экспорт байна.  Ийм  тэнцвэргүй худалдаа хийж болохгүй гэдэг асуудлыг ОХУ-ын холбогдох албан тушаалтан, өндөр түвшинд нь ч хэлсэн. Ингээд энэ чиглэлээр ажлууд эрчим явагдаж байгаа гэдгийг хэлье. Одоо манай ОХУ-тай ид яриа, хэлцэлүүд  хийж байна.  Энэ нэг, хоёр сард уулзалтууд хийнэ. Үүний дараа нилээн боломж нээгдэх байх. Мөн БНХАУ-тай ч гэсэн энэ төрлийн гэрээ, хэлцэл хийх  ёстой. Мөн БНСУ-тай  гэрээ, хэлцэл хийж байна. Япон улстай хийсэн. Ийм гэрээнүүд хийж байж улс оронд хөрөнгө оруулалт нэмэгдэх болов уу гэж хэлж байгаа  Б.Пүрэвдорж гишүүнтэй санал нэг байна.

Эх сурвалж:www.polit.mn