П.АМГАЛАНБАЯР

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Ямар ч хүн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчийг мэдээж дэмжинэ. Гэхдээ энэ оруулж ирж байгаа хууль бол үнэхээр учиртай дутагдалтай байна аа Эдийн засгийн хөгжлийн яамныхаан, Ч.Хүрэлбаатар сайд аа.  Аливаа хөрөнгө оруулалт хийхдээ улс орнууд босгыг зааж өгсөн байдаг.  Манай  улсын хуульд ч байсан. 2013 оны хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулга яригдаж байхад 100 мянган доллараас дээш хөрөнгө оруулбал хөрөнгө оруулагч гэж  хэлнэ.  Үүнийг 50 мянган болгох гэж  маргаан болж 100 мянган доллараар нь үлдсэн юм. Гэтэл энэ шинэчилсэн найруулгад 100 мянган долларын босго байхгүй байна. Энэ нь өөрөө аюул дагуулна. Хөрөнгө оруулагчийн дүрээр, нэрээр цагаач иргэд нөмрөх вий гэсэн  болгоомжлол төрүүлж байна.   Барилга, байшин,машин, механиз оруулж ирээд энэ хуулиар хөрөнгө оруулагч болох юм байна.  Энэ бол хүний хэрэглээний юм шүү дээ. Энийг хөрөнгө оруулагч гэж хэлэхгүй. Босго байх ёстой. Энэ хуульд хөрөнгө оруулагчийн босго байхгүй байна. Босгыг нь авч хаяснаараа аюул дагуулж байна. Энэ байдлаараа  40-50 жилийн дараа биш арван жилийн дараа магадгүй  монгол үндэстэн цөөнх болоод явж байхад үгүйсгэх арга байхгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна.

Хоёрдугаарт, тогтворжилтын  гэрчилгээг олгодог жишиг байдаг. Гэхдээ хэтэрхий бага байна. Арван тэрбум хөрөнгө оруулахад  арван жилийн татварын тогтворжуулалт  хэрэглэнэ. Түүнээс дээш бол 20 жилийн  хүртэлх тогтворжуулалт хэрэглэнэ гэсэн байна.  Арван тэрбум гэдэг бол бага тоо.  Энэ тооны ажил, үйлчилгээ, бизнес гэдэг бол бага байна гэсэн үг. Тэгэхээр гадныхан гээд монгол хүнээс илүү татварын тогтворжуулалт,  хөнгөлөлт эдлээд байх нь  зохисгүй.  100 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийж байвал тогтворжуулалтын гэрчилгээг бичиж болох юм. Татвар гэдэг бол нийгмийн хөгжил,  цаг үетэйгээ  тохируулга болгон  хэрэглэгддэг зүйл. Ер нь улс  орныг одоо зэвсэгийн хүчээр эзлэхээ больсон. Хуулиар нь дамжуулж улс орныг хохирооно, баялгыг булаана, хараат болгох эрсдэлтэй. Би энэ хуулиас тийм болгоомжлолыг харж байна. Тийм  учраас ийм байдалтай орж ирж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжихгүй.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Дэлхийн  бүх улс орон өндөр босготой гоё яваад байгаа гэдгийг ярьж байна.  Хэдүүлээ цээжний пангаар ярьмааргүй байна. Дүргүй зүйлээ болохоор үлгэр зохиогоод ярьчихдаг. Бодит байдлаа харж ярьмаар байна аа Х.Болорчулуун сайд аа. НҮБ-ын худалдаа хөгжлийн бага хурлын хөрөнгө оруулалтын  мэдээллийн санд байгаа 136 орноос  24  улс л хөрөнгө оруулалтын босготой.  Энэ улс орныг хөгжүүлмээр байна аа Х.Болорчулуун сайд аа. Танай хариуцсан салбар  найман хувиар  буурсан байгаа.  Энэ асуудлуудыг өөрсдөө санаачилж ярьж байх ёстой. Гадны  цагаач иргэд орж ирдэг зүйл хөрөнгө оруулалтын хуулиар шийдэгдэхгүй. Гадаадын  иргэдийн иргэдийн эрх зүйн орчныг   тодорхойлдог хуулиараа шийдээд явна. Тэрүүгээр та бүгдийг нь хорьчхож болно. Энэ бол хөрөнгө оруулалтын тухай хууль. Та заавал хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байх ямар шаардлага байгаа юм. Та бид хоёр нэг засагт хамт сууж байгаа гэж ойлгож байгаа.

Дараагийнх нь тогтворжуулалтын гэрчилгээ. Тогтворжуулалтын гэрчилгээ одоо хуулинд байгаа.  Үүн дээр бид нар  цахимаар олгодог болгоё гэж байгаа юм.   Одоо байгаа ААН-үд тогтворжуулалтын гэрээгээ  аваад явж байгаа тийм л зүйл.

ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Монгол Улс  хоёр том улсын дунд оршдог, бага хүн амтай улс. Үүгээрээ ч онцлог. Энэ хэмжээгээр дархлаа бага гэсэн үг. Тэгэхээр Монгол гэсэн дархлаа тусгаар тогтнолоо  авч байхын тулд хэтэрхий  бүсээ тйалаад  бүхий юм дэлгээд  хаяж болохгүй байх. Босгогүй байна гэдэг чинь аюул дагуулж байна.  Түүнээс биш хэн ч хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Энэ босгын талаар би дахиад хариулъя. Компани нээх гэхээр 100 мянган доллар байрлуул гээд шаардчихдаг. Тэр мөнгийг нь шилжүүлэх гэхээр банкууд  данс нээж өгдөггүй байхгүй юу.  Өмнө эвийг нь олж байгаад түр данс гэдэг зүйл нээж байсан. Гэтэл  тэрийг нь   авилга, терроризм, мөнгө угаахтай тэмцэж буй хууль эрх зүйн орчнуудаар түр  дансыг нь бүр мөсөн хаалгаад хаячихсан. Би тэрийг зөв гэж үзэж байгаа. Тэгэхээр компани байгуулаагүй  байж яаж тэр хүмүүс мөнгө шилжүүлэх вэ. Ингээд бид нар Монгол Улсад орж ирэх  бүх хөрөнгө оруулалтыг хаачихсан  байгаа байхгүй юу.  Тэгэхээр тэр босгыг л бид аваад хаячихъя. Мөнгөө оруулж ирээд үлдсэнг нь хууль, журмын дагуу хийгээд явна гэдгийг удаа дараа хэлээд байгаа юм. Энийг хийхдээ  дээшээ харж  хэвтэж байгаа оруулж ирээгүй.  Хуулийг  оруулж ирэхийн тулд  олон удаагийн хэлэлцүүлгийг хийсэн. Тэгэхээр хөрөнгө оруулах сонирхолтой ААН-үүд энэ заалтаас болоод бидэнд хүндрэл учраад байна, мөнгө шилжүүлэх ямар ч боломжгүй болчихоод байна гэдгийг ярьдаг. Тиймээс бид энэ зүйлийг авсан гэсэн үг. Үндсэндээ босго тогтоосноос хойш  5500 ААН-үүд чинь гараад явж байгаа ш дээ. Бид нар хөрөнгө оруулалтыг өрсөлдөж байж татаж авч байгаа, авч ирэх ёстой. Тийм учраас энэ зүйлийг яриад байгаа шүү гэдгийг дахин дахин хэлээд байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn