П.АМГАЛАН

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

Н.Анхбаяр, С.Сүхболд, Г.Байгалмаа, Ц.Мөнх-Өлзий нарыг элчин сайдад дэмжив

 

Хуралдаанаар томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дөрвөн ч улсын элчин сайд нарыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн барихаар болов. Тухайлбал,  Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Сүхболдыг томилохыг дэмжлээ. Тэрбээр өмнө нь буюу 2020 оны арванхоёрдугаар сараас ГХЯ-ны олон улсын гэрээ, эрхзүйн газрын захиралаар ажиллаж байсан юм. 

Өмнө нь БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогос ажиллаж байсан юм. Тэрбээр 2022 онд тус улсад суух Элчин сайдаар томилогдон, мөн оны долоодугаар сард тус улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байв. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 26-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Э.Сарантогосыг эргүүлэн татаж, Канад улсад суух Элчин сайдаар томилох шийдвэр гаргасан юм. Ер нь Үндсэн хууль болон Дипломат албаны тухай хуульд зааснаар, хэрэв Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь өөр дипломат алба давхар хаших бол Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр томилж эсвэл эргүүлэн татдаг. Харин үүнээс бусад тохиолдолд Засгийн газар томилж, эргүүлэн татна гэж заасан. Энэ асуудал улс төрийн хүрээнд нилээд анхаарал татаж, яригдаж байсан юм. Ийнхүү өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тус улсад  суух  Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар С.Сүхболдыг дэмжих шийдэлд хүрэв.

Харин Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Г.Байгалмааг  томилохоор дэмжив.

Засгийн газраас дэмжсэн дараагийн томилгоо нь Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Мөнх-Өлзийг томилохыг дэмжлээ.  Тэрбээр 2021 оны  аравдугаар сараас Дипломат ёслолын газрын захирал ажиллаж байсан юм. Харин Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг томилуулах саналыг  санал дэвшүүлэв. Н.Анхбаяр нь 2020 оны долоодугаар сараас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Тэрбээр сүүлийн жилүүдэд ГХЯ-ны  Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал, Төрийн захиргааны удирдлагын газрын захиралын алба хашиж байсан туршлагатай нэгэн.

 

Дэд сайд нарыг томилов

 

Мөн Засгийн газрын хуралдаанаар  хоёр  дэд сайд томилов. Соёлын дэд сайдын албаас М.Батбаярыг чөлөөлж, түүний оронд "ТВ9" телевизийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Баттөрийг томиллоо.

Соёлын дэд сайд  М.Батбаярыг Нийслэлийн ерөнхий архиктектураар  томилох асуудал яригдаж байсан ч түүнийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилсон юм.

Мөн Засгийн газрын хуралдаанаар УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэнг чөлөөлж, түүний оронд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын зөвлөх Б.Уянгыг томиллоо. Тэрбээр  УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байв.

 

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болсон юм. Энэ нь  Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилготой гэдгийг тодотгосон юм. Тиймээс төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 2 (7246)