Т.БАТСАЙХАН

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ.  Хэлэлцээрийн хүрээнд 110 сая ам.долларыг автозамын дэд бүтцийг сэргээн сайжруулахад зарцуулна.

 

Булган, Хавирга, Цагааннуурын боомтын үйл ажиллагааг сайжруулна

 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Энэ зээлээр Улаанбаатар-Арвайхээр, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамуудын ээлжит болон их засварын ажил, Улаанбаатар-Өндөрхаан, Булган-Мөрөн, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн автозамын засварын ажил болон төмөр бетонон гүүрийн засварын ажлыг  хийхээр төлөвлөсөн.  Мөн жишиг логистикийн төв байгуулах, боомтын нэвтрэх чадварыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх хүрээнд автомашины жин хэмжүүр, ариутгал хэсгийг байгуулна.  Мөн Булган, Хавирга, Цагааннуурын боомтын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд дэд бүтцийн ажлыг хийнэ. 

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан:

-Байнгын хорооноос нийт есөн асуудлаар чиглэл өгсөн. Энэ асуудлууд засагдсан уу?

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Есөн асуудал дээр тодруулга  ирүүл гэсэн. Холбогдох сайд нартайгаа зөвшилцөөд Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцээд, шийдэгдсэн гэж хэлж болно. 

 

“311 км автозамын засварыг хийнэ гэчихээд 50 км зам нэмээд оруулаад иржээ”

 

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан:

-Танилцуулгад 311 км автозамын засварыг хийнэ гэсэн.  Харин хөрөнгө оруулалтын хуваарь дээр 361 гээд 50 км зам нэмж орж ирсэн байна.  Энэ ямар учиртай юм бэ?

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-311 гэсэн зам яагаад 361 болсон гэхээр Өвөрхангай аймагт жишиг логистик төв байгуулахаар төлөвлөсөн байсан. Эдийн засгийн үр ашиг муутай, хувийн хэвшил хийх боломжтой гэж үзсэн тул хассан. Түүний оронд хамгийн том тулгамдсан асуудал болсон Дорнод-Хэнтий аймгийн дунд байдаг “Тамын 50” гэж нэрлэгдсэн 50 км зам, цаашлаад 27 км замыг засахад дээрх зээлээс санхүүжүүлэх нь зүйтэй юм гэж үзсэн. Мөн улсын чанартай автозам, гүүрүүдийн өртгийг гаргасан байгаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-2024 оны төсөв хэлэлцэх үеэр Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн автозамд их засвар хийнэ гээд Зам тээврийн яамнаас мэдэгдэж байсан. Энэ зам хаягдав уу, аль эсвэл шийдэхээр болсон уу?

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Энэ бас их чухал зам. Даланзадгадаас-Мандалговь- Төв аймагт чиглүүлэн тавьсан зам дээгүүр даац хэтрүүлэн мидлинг тээвэрлэж, шатахуун тээвэрлэснээс их эвдэрсэн. Энэ замыг засах гээд хөрөнгийн эх үүсвэр хайж байгаа. Өмнөговь, Дундговь аймагт Ерөнхий сайд ажиллах үеэрээ тус замыг засна гэж хэлсэн байгаа. Сангийн яамтай ярилцсан.  Дэлхийн банктай санал солилцож байгаа. Зээлийн хэлэлцээрийг баталсны дараа тодорхой зохицуулалт хийж энэ зам руу хувараалилт хийж болох юм гээд ажиллаж байна. 2024 оны төсөв батлах үеэр хөрөнгө тавъя гэж байгаад зээлийн хэлэлцээр баталсны дараа дотор нь гүйлгэж шийднэ. Гарцаа байхгүй засах ёстой зам.

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан:

-Энэ чиглэлийн замд  2018 онд 7.4 тэрбумаар, 2019 онд 9.7 тэрбум төгрөгөөр засвар хийсэн юм билээ. Мидлинг зөөх Засгийн газрын тогтоолтой. Тэрнээс шалтгаалж эвдрээд байгаа. Зам тээврийн яамны үе үеийн сайд нар хоёр дахь гарцыг гаргая гэж Тавантолгой-Чойр чиглэлийн замыг улсын чанартай зам болгосон. Эхний ээлжинд энэ замыг концессээр барих гээд цуцлагдсан.  Одоо энэ асуудалд санхүүжилт авчихвал хоёр чиглэлээр зорчих боломжтой юм билээ. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Энэ төсөл дээр ямар ч гэсэн Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн замыг тусгуулах саналтай байна. Эх үүсвэрийг нь Зам, тээвэр хөгжлийн сайд шийднэ гэсэн учраас. Болохгүй бол хасчина биз.

УИХ-ын гишүүн  Н.Энхболд:

-Хэлэлцээрийг дэмжиж байна. Урьд нь бид гадны зээл авахад байнгын хороогоор хэлэлцээд ийм зүйлийг засч янзална шүү, батлахад хэцүү болно гээд чиглэл өгөөд явуулахаар өөрчлөлт ордоггүй байсан. Энэ удаад өгсөн чиглэлээр анхаарлаа хандуулж, зээл олгогч талтайгаа ярилцан засаад иржээ. Зөв хандлага явж байна уу гэж харлаа. Монгол Улсын байр суурь ийм байгаа гээд  өөрчлөөд оруулаад ирж байгааг том ахиц гэж үзэж байна. Байнгын хорооноос чиглэл өгсөн бол засдаг байх ёстой.  Болохгүй бол зээлийг авахгүй ч байж болно шүү дээ.

 

“Монгол Улсын далбаатай онгоцыг барьцаалж, 10 сая ам.доллар нэхэж байсан”

 

Үргэлжлүүлэн хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Монгол Улсын далбаатай хэдэн онгоц байна вэ, хэдэн далайчин байна вэ.  Конвенцид гишүүн улс бүр далайчны хөдөлмөрийн гэрээг түүний хүчинтэй хугацаа дууссаныг харгалзахгүйгээр ямар нэг халдлагад өртсөн бол хүчинтэй байхыг шаардана гэж байгаа. Бид шаардаж болно, хариуцлагыг хэн хүлээх вэ.  Урьд нь манай далбаатай онгоц далайн дээрэмчний халдлагад өртсөн тохиолдол бий юу. Манай далбааг хэрэглээд ашиглаж байсан улс нь хариуцлага хүлээж байсан уу, эсвэл хөлөг онгоц эзэмшигч хариуцлага хүлээдэг үү. Зүүн өмнөд азийн хэсэгт Судан, Сомали хавиар далайн дээрэмчин ихтэй, идэвхтэй байдаг. Барьцаалаад мөнгө нэхсэн тохиолдолд хэн төлөх вэ. Далбаагаа ашиглуулж байгаа манай улс төлөх үү, манай далбааг ашиглаж байгаа улс төлөх үү.

Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн:

-26 улсын 281 хөлөг онгоц Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй, их далайд хөвж байна. Нийт 651 орчим далайчин манай байгууллагаас гэрчилгээ аваад ажиллаж байна. БНСУ-ын Хон Сон Сун гэдэг хөлөг онгоц  2010 оны дөрөвдүгээр сард Оманы эрэг орчмоор явж байхдаа дээрэмчдэд барьцаалагдаад 2011 оны нэгдүгээр сар хүртэл барьцаанд байж байгаад чөлөөлөгдсөн.  Барьцаалагчид БНСУ-ын эзэмшигч компаниас 10 сая ам.доллар нэхэж, БНСУ-ын талаас дөрвөн сая ам.долларт төлж, хөлөг онгоцоо чөлөөлж авсан байдаг. Хөлөг онгоц дээр дээрэмтэй холбоотой эцсийн хариуцлагыг хөлөг онгоц эзэмшигч хариуцахаар конвенцид заасан байдаг.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Хөлөг онгоцноос юуг нь хариуцдаг юм, манай улсын халаасанд ордог юм байна уу. Далайн захиргааны байгууллага хэчнээн орон тоотой, хэр төсөвтэй вэ. Энэ байгууллага улсын төсөвт хэр хэмжээний орлого оруулдаг юм. Хөлөг онгоцыг бүртгэж аваад хэр хэмжээний орлого олдог юм бэ?

-Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн:

-2021 оны гуравдугаар сараас хойш Улаанбатаар хотод хөлөг онгоцны бүртгэлийг хийж байгаа. Өнгөрсөн онд нэг сая орчим ам.долларын орлого олсон бол өнөө жилийн байдлаар хөлөг онгоцны бүртгэлээс 1.2 сая ам.долларын орлого олсон. Нийтдээ 250 сая төгрөг төсөвт төвлөрүүлсэн бол ирэх жил 300 сая төгрөг төсөвт төвлөрүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 248 (7233)