П.АМГАЛАНБАЯР

 

"Jenesys"  хөтөлбөрт Япон улсын талаар таньж мэдэх боломжийг олгосон  сонирхолтой зүйлсийг багтаасан байв. Ийнхүү түм түжигнэж, бум бужигнасан Токио хот дахь бидний хоёр дахь өдрийн сонирхолтой аялал эхэлсэн юм. Токио хотын Сүмида дүүрэгт  байрлах гар урлалын  жижиг  үйлдвэр,  Сумида Хокусай музей, Японы шинжлэх ухааны ирээдүйн музейтэй танилцлаа. Бид явсаар зорьсон газраа ирсэн нь гар урлал  (Byobu)-ын мастер  Kafaoka Kyoich хэмээх эрхмийн урлан байв. Дотогш ороход  төрөл бүрийн  загвар, зураг бүхий олон сонирхолтой бүтээл дэлгэсэн байлаа.  Kafaoka Kyoich  мастер, гэргийн хамт биднийг найрсагаар угтан авсан юм. Бидэнд тэрбээр мэргэжил болон дүүргийнхээ онцлогийн талаар танилцууллаа. Сүмида дүүрэг нь Токиогийн зүүн хэсэгт байрладаг.  Дээр үед тариалан эрхэлдэг мөн  жанжид зугаалдаг газар байжээ. Хүн ам ихээр төвлөрч байсан хэдий ч  их хэмжээний түймэр дэгдсэний улмаас дүүргийн бүтээн байгуулалтын 97 хувь нь түймэрт өртсөн байна. Үүнээс хойш сэргээн босголтын ажил явагдаж, олон чиглэлийн алдартай том компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

МЭӨ 710 оны үед хийсэн  наамал (byobu) урланд хадгалаастай байв.

Гэвч дэлхийн ll дайны улмаас бөмбөгт өртөж дахин дүүргийн 90 хувь  сүйрчээ. Ийнхүү хоёр ч удаа  маш том эрсдэлтэй нүүр тулсан хэдий ч дахин  томоохон бүтээн байгуулалтууд бий болж хөгжиж эхэлсэн байна. Төрөл бүрийн чиглэлийн цех ч  үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Гэвч гар урлалыг цааш үргэлжлүүлэх  залуу үе ховордож байгаа нь  тулгамдаж буй асуудлын нэг болсон байна. Үүнээс болж зарим цехийн үйл ажиллагаа  зогсжээ. Тиймээс гар урлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд тус дүүргийн туршлагатай хүмүүс нь дээд тал нь арван хүнд жилийн хугацаатай сургалт явуулдаг байна. Мөн Сүмида дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жижиг бизнес эрхлэгчид Токиогийн  тансаг зэрэглэлийн газарт мөн  үзэсгэлэнд оролцдог байна. Үзэсгэлэнд оролцоход өртөг өндөр байдаг  аж. Харин тус дүүргийн онцлог давуу тал нь  жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж, үзэсгэлэнд оролцох зардлын талыг нь төлдөг байна. Арванхоёрдугаар сарын 17-25-ныг хүртэл үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар Kafaoka Kyoich " Бид үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлээрээ дамжуулан дүүргээ сурталчлахаас гадна бүтээлээ хэрхэн хийдэг талаараа ч мөн танилцуулдаг. Өөрөөр хэлбэл, дэлгүүр, цех хоёр  хамт ажлуулдагаараа онцлог. Үзэсгэлэнд гар урлал төдийгүй өөр олон сонирхолтой  бүтээл дэлгэж үзэгчдэд үнэгүй хүргэдэг.Үзэсгэлэнд манайх бас бүтээлээ тавьсан" гэлээ.Сүмида дүүрэгт олон жил ажилласан туршлагатай хүмүүсээ  мастер хэмээн хүндэтгэн дууддаг байна.

Манай эриний өмнөх  710 оны үед хийж байсан наамал мөн тус  цехэд хадгалаастай байв.Ийнхүү гар урлалын урланд зочилсон "Jenesys"  хөтөлбөрийн оролцогчид гар урлалын мастер Kafaoka Kyoich  заавраар өөрсдөө наамал хийсэн юм. Ийнхүү сонирхолтой, үр бүтээлтэй цагийг өнгөрүүлсэн хөтөлбөрийн нэг хэсэг өндөрлөсөн юм.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 247 (7232)