Б.ТУУЛ

 

Энэ сарын 18-нд буюу өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн 5-ны өлзийт сайн өдөр Монголын бурханы шашны түүхэнд нэгэн онцлох үйл явдал боллоо. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг сэнтийд нь хүндэтгэн залах ёслол “Батцагаан” цогчэн дуганд болов. Мөн энэ үеэр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбын албыг 31 жил авч явсан, Хамба Номун Хан, Буддын шашны нэрт зүтгэлтэн Дэмбэрэлийн Чойжамц шинэ үеийн төлөөлөл залуу хамба Номун Ханд тамгаа шилжүүлэн үүрэгт албаа ёслол төгөлдөр хүлээлгэн өгч, номын шавь нар нь түүнийг хүндэтгэл дүүрэн үдэх ёслол болов.

 Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид өглөөний 07:40 минутад хүрэлцэн ирсэн байлаа. Тухайлбал, Гандантэгчинлэн хийдийн “Батцагаан” дуганы их танхимд XXX Хамба Номун Хан Д.Жавзандорж, номын шавь нарын хамт хүрэлцэн ирсэн байв. Мөн Цорж лам гавж Цоожилсүрэн, ловон лам Авидын Гэрэл, унзад, гэсгүй нар, дацан хийдүүдийн удирдлагууд, Монголын 21 аймаг есөн дүүргийн хамба лам нар, ОХУ-ын Тува улсын бурхны шашны тэргүүн хамба ламтан, Буриадын буддын шашны нийгэмлэгийн төлөөлөл, хамба лам нар, Алтайн хязгаарын “Амарсанаа” хийдийн төлөөлөл, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төр засгийн удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-даас ирсэн төлөөлөл, сайд дарга нар  хүрэлцэн  ирсэн байв.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба Номун Хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц лам үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тиймээс  шинэ хамбаар тодроод буй Лхаарамба Д.Жавзандоржийг сэнтийд нь хүндэтгэн залах ёслолын ажиллагаа түүнд тамга гардуулан өгөх ёслолоор эхэлсэн юм. 

Монголын 29 дэхь их Хамба Номун Хан Д.Чойжамц лам 1992 оны наймдугаар сарын 20-нд Монголын бурхан шашинтны төв  Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс эдүгээг хүртэл 31 жил Монголын бурхны шашинд хичээл зүтгэлээр дүүрэн тогтвортой ажилласаар иржээ. Ийнхүү энэ өдөр шинэ үеийн төлөөлөл залуу хамбад тамгаа ёслол төгөлдөр шилжүүлэн өгч буй нь энэ юм. Үүний дараа XXX Хамба Номун Хан Монгол түмний их шүтээн Очир дарь шүтээнд хадаг өргөж, суудалдаа залрав.

 

Монгол багш” хэмээн хүндлэгдсэн Д.Жавзандорж ламын тухайд

 

Буддын шашинтай монгол түмний дунд “Монгол багш” хэмээн хүндлэгдсэн Д.Жавзандорж ламын тухайд товч мэдээлэл дуулгахад, тэрээр  Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 оноос Эрдэнэ-Мандал хийд,  1993 оноос Дашчойлин хийдэд тус тус шавилан сууж байжээ. Тэгээд 1995 оноос Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэллин дацанд буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн байна. 1998 оноос Энэтхэгийн Гомон дацанд буддын гүн ухааны шаталсан сургуулиудад шамдан суралцаж, 2017 онд буддын гүн ухааны дээд зэрэг болох Лхаарамба цолыг хамгаалжээ.  Энэ нь Монгол Улсад ардчиллаас хойш анх удаа монгол хүн Лхаарамба цолыг хүртсэн түүхэн үйл явдлаар тэмдэглэгдэн үлдсэн байна.  Тэрээр  2019 онд Монголдоо эргэн ирж, буян номын үйлд гар бие оролцож яваа юм байна. Үүний зэрэгцээ Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд давхар багшилдаг гэдгийг номын нөхөд нь хэлж байлаа.  

 

Дээрхийн гэгээн XIV Далай багш баяр хүргэв

 

Монголын бурхны шашны түүхэнд тохиосон  энэхүү онцлох үйл явдалд сүсэгтэн олон өргөн дэлгэр хүрэлцэн ирсэн байлаа. Хот, хөдөөгөөс ах дүүс, аав ээжийгээ дагуулан ирсэн хүмүүс ч олон байв. Мөн энэ өдрийн чухал үйл явдалд Дээрхийн гэгээнтэн  XIV Далай багш баяр хүргэж мэндчилсэн байна. Тэрээр албан ёсны цахим хуудсандаа   Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандоржид баярын мэндчилгээ илгээхийн зэрэгцээ XXIX Хамба номун хан, гавж Д.Чойжамцыг дурсан бид олон жилийн барилдлагатай номын садан байсан хэмээн айлджээ. 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж ламыг сэнтийд залах ёслол хүндэтгэлийн үеэр алба солигдож буй хоёр хамба хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон сүсэгтэн олонд хандаж, айлдвар сургаалиа хэлсэн юм.


Буддын шашны нэрт зүтгэлтэн Дэмбэрэлийн Чойжамц:Бүгдийг нь энэрэн хайрлаж, бурхны шашнаа хөгжүүлээрэй

 

 

-Энэ билэг дэмбэрэлтэй сайхан өдөр шинэ хамбын ёсолгоо, хуучин хамба байсан надад хүндэтгэл үзүүлж байгаа энэ ёслолд хүрэлцэн ирсэн та бүгдэд баярласнаа илэрхийлье. Миний явж ирсэн замнал бол хүнд хэцүү бэрх үеийг туулсан 1937 оны хэлмэгдүүлэлтийн дараа 1944 оныг хүртэл долоон жил хаагдаад, дахин сэргэсэн Гандантэгчинлэн хийд. Энэ цагаас хойш хуучин гавж, гэвш нар гээд 100-аад лам хурдаг ийм ганцхан хийд Монголд ажиллаж байсан. 1990 он болоход 200 гаруй хийд нээгдэж, шинэ цаг эхэлсэн. Шашны эрх чөлөө, шүтэх бишрэх эрх чөлөөгөө олж авсан үе юм. Энэ цагаас эхлээд олон сайхан хамба залгамжлуулж явсан.

Хуучин уламжлалт өвгөн гавж, гэвш, лам нараасаа хэлбэр дүрс, хээ хэлбэр, ном эрдмийг нь суралцах бололцоо надад олдсон. Ийм их хувь заяатай хүн байгаа юм. Үндсэндээ 1992 онд уламжлалт лам гуай нар бол 80, 90 хүрчихсэн, ажил хөдөлмөр эрхлэхэд бэрх ийм үе юм. 1990 онд хувьсгалын дараа шинэ эрх чөлөөгөө олсон маш олон жижиг хүүхэд буюу 13-аас доош насны хүүхдүүд лам болсон. Түүний дараа шашны дээд сургууль төгссөн хэдхэн хүн үлдэж, тэр дотроос намайг сонгож хамба болгосон. Өвгөн лам нар маань надад их зүйлийг зааж сургасан. Гандантэгчинлэн хийдээ дээш нь татаарай гэж надад захисан. Тэр захиасын дагуу хийдээ сайн сайхан болгох юмсан гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн явсан. Энэ олон жилийн явдлыг би дотроо бодддог. Энэ бол нэг их гайхамшиг биш. Тэр жоохон хүүхдүүд өсч өндийж, эрдэм боловсролтой болох, өвгөчүүл нь таалал төгсөөд явчихсан завсрын үед яах аргагүй би үйлийн үрээр 31, 32 жил болжээ. Дэд хамба дөрвөн жил, Да лам албанд нэг жил, ингээд 36, 37 жил гандан хийдийнхээ төлөө явжээ.

Энэ ажлыг ганц хүн хийнэ гэж байхгүй. Шашны захиргаа, энэ олон хуврагууд, сүсэгтэн олон, засаг төр, гадаад дотоодын дэмжлэг туслалцаатай хийсэн.  Тэгэхээр шинэ хамба маань ажлаа сайхан хийнэ гэж бодож байна. Шашин номын үйлсдээ сайхан зүтгээрэй, үнэнч байгаарай. Сүсэг бишрэл лугаа төгөлдөр байгаарай. Энэ ард олон, лам хуврагуудтайгаа хэнийг нь ялгалгүй тэгш байж, бүгдийг нь энэрэн хайрлаж, бурхны шашнаа хөгжүүлэн дэвшүүлээрэй гэсэн юм.


ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж: XXIX хамба номун хан Д.Чойжамц таны буян номын үйлс арвидан дэлгэрэх болтугай

 

 

-Авралт багш гурван эрдэнэ дор бишрэнгүйгээр мөргөе. Өнөөдрийн ёслолд морилон саатсан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн засгийн гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, бурхан шашны хутагт хувилгаад, гэвш лхаарамба, гавж, хийдүүдийн хамба ламууд, гадаад орны Элчин сайдууд, хүндэт зочид төлөөлөгч, сүсэгтэн олон та бүхэндээ 17 дугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба, ХХХ Хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо. Эрхэм хүндэт та бүхэнтэй хамтран уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Энэхүү албанд итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, XXIX хамба номун хан Д.Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас, буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая гэв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)