Б.ДАМДИН-ОЧИР
“...Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ” гэж Д.Сэнгээ найрагч шүлгээрээ яг хэлсэн байгаа юм. Баялаг бол байна. Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт, Цагаан суварга, Асгат, Салхит, Төмөртэй гээд л үргэлжилнэ. Эднийгээ ашиглаад л байдаг. “Эзэд” нь харин таг хоосон хэвээрээ л байна. “...Баялагтаа эзэн Монгол” гээд л байсан. Хүн амынх нь ердөө ганцхан хувь хамаг баялгийнх нь эзэн болчихсон. Судалгаа ингэж хэлдэг. Судалгаагүй ч мэдэгддэг. Халаасаа ухаад үз, тэгээд л ойлгогдоно. Харамсалтай гэхээсээ эмгэнэлтэй юм даа, бид. Хажуугаар нь “...Төрийн” хэмээх компаниуд эрх мэдэлд хүрсэн улстөрчдийн хувийн өмч болчихдог гашуун “хууль” манайд байна. Хүн улс төр рүү дайрдгийн цорын ганц шалтгаан энэ юм л даа. Гэхдээ өөрийн юм шиг идэж, уусан нь эхнээсээ дэлбэ үсэрч байна. Тэгвэл нэг хэсэг нь төрийн буюу орон нутгийн өмчтэй, үлдсэн нь хувьд байдаг компаниудад ийм асуудал байдаг. Хэтрэх тал руугаа ороод эхэллээ.
Том жишээ нь жижиг “Тавантолгой” ХК юм. Тус компани Тавантолгойн нүүрсний орд дээр ашиглалтын 287А тусгай зөвшөөрөлд хамрагдах 169 га-д үйл ажиллагаа явуулдаг Гурван том хувьцаа эзэмшигчтэй. Өмнөговь аймгийн ИТХ нь 26 859 252 ширхэг хувьцаа буюу 51 хувийг эзэмшдэг. Хувийн хоёр компани дээр 19 328 128 ширхэг хувьцаа буюу 36.04 хувь нь байдаг. Энэ нь нийт хувьцааны 87.04 хувь болно. Үлдсэн 6 827 250 ширхэг хувьцаа буюу 12.96 хувь нь 3206 “жижиг” хувьцаа эзэмшигч дээр байдаг. “Тавантолгой” ХК-ийн нийт хөрөнгө нь 386 700 013 850.02 төгрөгөөр, эргэлтийн хөрөнгө нь 367 760 480 549.73 төгрөгөөр үнэлэгддэг. 2023 он гарсаар өнөөдрийг хүртэл 36 083 562 199.87 төгрөгийн цэвэр борлуулалттай ажилласан. Үүнээс 12 439 544 026.79 төгрөгийн цэвэр ашиг олжээ. Харин тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хилийн зурваст хууль бусаар олборлолт явуулсан. “...Хэдэн жилийн өмнө мөргөцөг хулгайлсан” асуудалд холбогдсон. Энэ хохирлыг барагдуулахаар хоёр компани 2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцсон байдаг. Тодруулбал, “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70.127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн. Энэ нь дуусаагүй байсан юм. Түүнээс болж эзэмшигчид, удирдлагууд нь хууль хяналтынханд шалгуулж байна. Хамгийн гол нь энэ үйл явдал “Тавантолгой” ХК-д тун хүнд тусаад байгаа юм. Дээрхтэй холбоотойгоор Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд тус компанид БЭТ томилсон. БЭТ нь 20 хоног ажиллаад “Тавантолгой” ХК-ийн данснаас 19.9 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 48 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” руу шилжүүлчихээд яваад өгсөн.
Эндээс нэг харамсалтай зүйл харагдаж байгаа юм. “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудын арваад жилийн өмнөх үйл ажиллагаанаас болоод өнөөдөр данснаасаа 48 тэрбум төгрөгийг нэг дор өрөнд өгч байна. Энэ мэдээж компанийн үйл ажиллагаанд шууд нөлөөтэй “зарлага юм. Болж буй үйл явц, хууль хяналтынхны буруутгаж буй хүмүүсийг харвал үүний хохирогч нь Өмнөговь аймгийн ИТХ болон “жижиг” хувьцаа эзэмшигчид болж таарахаар байна. Гэхдээ төрийг төлөөлж буй дарга нар толгой дохиогүй бол хувийн компаниуд нь дур мэдээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хил дотор мөргөцөг ухна гэж байхгүй л дээ. Тэгэхээр Өмнөговийнхны өмчит хувьцаа хүчгүйдэж, өгөөж нь үнэгүйдэж байгаа юм.
Өмнөговийн жижиг “Тавантолгой” дээр ийм эргэлзээтэй асуудал үүсээд нэгмөр шийдэгдээгүй байтал Өвөрхангайн “Баянтээг”-тэй холбоотой ноцтой мэдээллүүд яригдах боллоо. Баянтээгийн нүүрсний орд бол Өвөрхангай аймгийн баруун өмнө хэсэгт Нарийнтээл сумын нутагт оршдог. Уурхай нь 1961 онд байгуулагдсан. 1995 оны есдүгээр сараас Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу “Баянтээг” ХК болж өөрчлөгдсөн. Баянтээгийн нүүрсний орд газарт MV-000367 дугаартай, 581.74 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өнөөдөр тус компанийн 176 825 ширхэг хувьцаа бүхий 70 хувийг Өвөрхангай аймгийн ИТХ, 59 452 ширхэг хувьцаатай 23.54 хувийг нэр бүхий хувийн компани, үлдсэн 16 331 ширхэг хувьцаатай 6.46 хувийг 240 хүн эзэмшдэг байна. “Баянтээг” ХК-ийн нийт хөрөнгө 17 144 977 479.00 төгрөг, эргэлтийн хөрөнгө нь 11 239 926 134.00 төгрөг аж. Энэ жилийн цэвэр борлуулалт одоогоор 5 715 298 387.00 төгрөг, үүнээс цэвэр ашиг нь 2 380 229 424.00 төгрөг болжээ. Гэвч энэ мэт нь нэлээд дарагдсан “тоо” байх магадлалтай байна. Учир нь “Баянтээг” ХК-ийг энэ нутгийн үе үеийн улстөрчид “саалийн үнээ” болгож иржээ. Тэр нь хэрээс хэтэрч, иргэд нь өөр хоорондоо ярьсаар хэдэн жилийн нүүрийг үзсэн. Одоо энэ нь савнаасаа хальж, зөвхөн Өвөрхангайнхан бус улс даяараа ярьдаг болов. Их олон асуудал байна. Аудитын байгууллага бараг жил бүр “...Ноцтой байна шүү” гэдэг анхааруулдаг. Тоодоггүй. Тэр бүрийг тоочин бичихэд уртаас урт жагсаалт болно. Ерөөсөө л энэ компанид хууль хийгээд санхүүгийн хатуу чанад хяналт хэрэгтэй болсон байгаа юм. Нэг үгээр хэлбэл, 70 хувийг нь эзэмшдэг Өвөрхангайн ИТХ буюу иргэдээс далдуур их олон хууль бус гэж болох үйл ажиллагаа өрнөдөг. Ганцхан жишээ дурдахад л, Өвөрхангайгаас төвийн хэдэн аймгийг Улаанбаатартай хамт дамжаад урагш хил давдаг авто зам дагуух “Баянтээг”-ийн нүүрсний ханган нийлүүлэлтэд тулгалт хийхэд нэлээд “но” илрэхээр байна. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайн “Баянтээг” Өмнөговийн “Тавантолгой” шиг болох магадлал бий болчихоод байгаа бололтой. Тэр утгаараа, энэ бол орхиж болохооргүй “сэдэв” юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)