Б.ТУУЛ 

Улсын хэмжээнд зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж эхлээд байгаа билээ.  Мөн томуугийн халдвараар бага насны хүүхэд гэлтгүй томчууд хүртэл  өвдөж, өвчлөл хүндрэх тохиолдол байдаг учраас эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубын сэтгүүлчдэд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн дараах сургалт мэдээллийг өгсөн юм.   

Чингэлтэй дүүргийн хувьд томуугийн вакцинд хамрагдалт 73.3 хувьтай байна

-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн:

-Хүйтний улирал эхэлж, томуугийн идэвхжил нэмэгдэхээс өмнө эрүүл мэндийн байгууллагууд холбогдох бэлтгэл ажлуудыг хийдэг. Ингэхдээ иргэдэд томуу томуу төст өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна хүүхдийн байгууллагуудад зориулсан халдвар хамгаалалтыг сайжруулах, дүүргийн эмнэлгүүд тасаг нэгжээ бэлтгэх зэрэг бэлэн байдлаа хангаж ажилладаг. Энэ хүрээнд хийгддэг хамгийн чухал ажлуудын нэг нь иргэдийг томуугийн дархлаажуулалтын вакцинд хамруулах юм.

 Томуу бол вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд хүн амын эрүүл мэнд, амь нас, цаашлаад нийгэмд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг халдварт өвчин. Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг хийж эхлээд байна.

Тодруулбал, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65 болон  түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг үнэ төлбөргүй вакцинд хамруулж байна.

Бидэнд ирсэн мэдээллээр, нийслэлийн хэмжээнд 138.400 тун вакцин хуваарилагдсан байна. Үүнээс Чингэлтэй дүүрэгт 12.460 хүн тун вакцинаар дархлаажуулалт хийгдэнэ.

Дархлаажуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сарын 15-наас шат шатны байгууллагуудаар дамжуулан хийж байна.

Ингэхдээ бид хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг өгсний үндсэн дээр хүүхдүүдэд хийдэг. Мөн тухайн хүүхэд сургууль цэцэрлэгт хамрагддаг эсэхээс хамааран хүүхдийн байгууллагаар энэ талаарх мэдээллийг мөн дамжуулан өгч, эцэг эхийн зөвшөөрөлийн хуудсанд гарын үсэг зуруулж вакцинжуулж байна.

Тиймээс эцэг, эхчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу дархлаажуулалтад хамрагдах нь чухал юм. Томуугийн вакциныг хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн турш дархлаа үргэлжилдэг. 

Ялангуяа, томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулахыг зөвлөмж болгодог.

Улирлын томуугийн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрcдэлийг бууруулдаг.   Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакцинд хамрагдсанаар ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа зургаан сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг. 

 Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?

Эмчийн үзлэгт орох, дулаан хувцаслах, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх ёстой. Харин вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх. Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх. Ямар нэгэн эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх хэрэгтэйг анхаарууллаа.

Эх сурвалж: www.zms.mn