Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх тухай НҮБ-ын конвенцыг боловсруулах Тусгай хорооны хүрээнд явагдсан яриа хэлэлцээний үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн орлогч дарга, ОХУ-ын ГХЯ-ны Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Чернухины бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Хүн төрөлхтөн виртуал орчинд шилжиж буйтай холбоотойгоор төр, нийгэм, хувийн хэвшил хоорондын харилцан үйлчлэлийн механизмын үйл ажиллагааны талаарх олон хэвшмэл ойлголт өөрчлөгдөж байгаа нь эргээд улс орнуудын аюулгүй байдлыг хангахын тулд шинэ контурыг тохируулах, бий болгохыг шаардаж байна.

Үүний зэрэгцээ дэлхийн мэдээллийн орон зай дахь дэг журам өөрчлөгдөж буйтай холбоотойгоор олон өөрчлөлт явагдаж байна. Тухайлбал, мэдээллийн орон зайг удирдах загвар нь улс төрийн нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох дүрэм журамд бус олон төвт, хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх ёстой хэм хэмжээн дээр суурилсан байх ёстой. Гэтэл аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч гүрнүүд мэдээллийн орон зайд ноёрхлоо хадгалахын тулд шинэ загварт шилжих явцыг удаашруулахыг хичээж байна.

Энэ салбарт төрөлжсөн олон улсын эрх зүйн гэрээ хэлэлцээрүүд байхгүй байгаа нь мэдээллийн орон зайд гэмт хэрэг асар ихээр гарч, улс орнуудын эдийн засгийн үйл ажиллагаа, сая сая хүмүүсийн сайн сайхан байдалд ноцтой хохирол учруулахад хүргэж байна. Олон улсын хараат бус шинжээчдийн тооцоолсноор зөвхөн Европын холбооны орнуудын мэдээллийн орон зайд үйлдсэн гэмт хэргүүд нь жилд 5.5 их наяд орчим еврогийн хохирол учруулж байна.

Энэ бүхэнтэй холбоотойгоор «Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх тухай» олон улсын иж бүрэн конвенц боловсруулах НҮБ-ын Засгийн газар хоорондын тусгай хорооны ажил ид өрнөж байна Энэхүү хэлэлцээрийн механизмыг ОХУ-аас санаачилсан ба НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74/247 тоот тогтоолын үндсэн дээр үүсгэн байгуулж, 46 улс хамтран зохиогчоор оролцож, 87 улс дэмжсэн. Гол зорилго нь дэлхийн хамтын нийгэмлэг мэдээллийн орон зайд гэмт хэрэгтэй тэмцэх түүхэн анхны бүх нийтийн, хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулан батлах явдал юм.

Өнөөгийн улс төрийн бодит нөхцөл байдалд хачирхалтай мэт санагдаж болох ч МХХТ-ийн салбарт үйлдэгдэж буй гэмт хэргүүд нь хил дамнасан шинж чанартай болж байгаагийн улмаас Тусгай хорооны ажил улам тулгамдсан, дэлхийн ихэнх улс орнуудад маш их эрэлт хэрэгцээтэй болж байна. Чуулганы үйл ажиллагаанд 160 гаруй улс орон болон 200 гаруй төрийн бус байгууллага, улс төр, хууль сахиулах байгууллагууд, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны хүрээний болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

Орос улс нь Тусгай хороо үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн энэхүү аюул заналхийлэлтэй тэмцэх олон улсын үр дүнтэй, ил тод хамтын ажиллагааны үндэс суурийг тавих иж бүрэн гэрээ байгуулахыг дэмжиж ирсэн бөгөөд өдгөө ч энэхүү байр сууринаасаа ухраагүй байна. НҮБ-ын ивээл дор боловсруулсан МХХТ-ийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх тухай конвенц нь дэлхийн бүх улс орны ашиг сонирхлыг харгалзсан, мөн улс орнуудын бүрэн эрхт байдал, тэгш эрх, дотоодын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмуудад суурилсан байх ёстой.

Үүний зэрэгцээ АНУ, ЕХ болон тэдний холбоотнууд хэлэлцүүлгийн бүх үе шатанд НҮБ-ын ийм төрөлжсөн байгууллага үүсгэн байгуулах, конвенц боловсруулахыг эрс эсэргүүцэж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Тусгай хороо байгуулахын эсрэг санал өгсөн. Тэд албан ёсоор «Дэлхий ертөнц ийм конвенцод хараахан бэлэн биш байна» гэх мэтээр байр сууриа тайлбарлав.

НҮБ-ын гэрээ байгуулах санааг үгүйсгэсэн далд боловч жинхэнэ шалтгаан нь АНУ-ын санаачилгаар боловсруулсан «Компьютерын гэмт хэргийн тухай» 2001 оны Европын Зөвлөлийн конвенц (хүмүүс илүү «Будапештын конвенц» гэх нэршлээр нь мэднэ) бөгөөд уг олон улсын гэрээнийхээ тусламжтайгаар Вашингтон улс орнуудын бүрэн эрхт байдалд халдан, гишүүн орнуудынхаа мэдээллийн орон зайг хянадаг. Учир нь НҮБ-ын гишүүн орнуудын батлах гэж буй гэрээ нь Будапештын конвенцтой шууд өрсөлдөж, технологийн хувьд хөгжингүй орнуудын «шилмэл» байр суурь болон амбицид цэг тавих чадвартай билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар хөгжиж буй улс орнуудын «оюун санаа, зүрх сэтгэл»-ийн төлөөх санал хураалтад ялагдсаныхаа дараа АНУ болон түүний холбоотнууд арга барилаа өөрчилж, «Дэлхий ертөнцөд ийм конвенц хэрэгтэй юм байна» гэж мэдэгдэв. Тэд хандлагаа огцом өөрчилж, НҮБ-ын конвенцыг боловсруулах үйл явцыг удирдахыг хичээсэн. Ийнхүү Вашингтон болон түүний холбоотнууд конвенцын санааг шууд үгүйсгэхээ больж, оронд нь далд хорлон сүйтгэх ажиллагаанд шилжиж, олон улсын гэрээний агуулгыг дотроос нь гажуудуулахаар ажиллаж байна.

Оростой сөргөлдөхийн тулд Вашингтон нь НҮБ болон Будапештын конвенцуудыг дээд зэргээр уялдуулан холилдуулахын төлөө байна. Үүний тулд Барууны орнууд Тусгай хорооны бүрэн эрхэд заасан иж бүрэн цогц арга барилыг ашиглахын оронд гэрээг гэмт хэргийн шинж чанар, эрүүгийн хариуцлага гэх мэт явцуу хүрээнд байгуулж, харин хүйсийн эрх тэгш болон хүний эрхийн асуудлыг нэмэлтээр оруулах хэрэгтэй хэмээн тулгаж байна. Ийнхүү АНУ 20 гаруй жилийн өмнө бичигдсэн ба аль хэдийн бүрэн хуучирсан, хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байгаа Европын Зөвлөлийн бүс нутгийн баримт бичигт амь оруулахыг хичээж байна. Дэлхий нийтэд ийм гэрээ хэрэгтэй гэж үү? Үгүй л болов уу.

Нэмж дурдахад, Тусгай хорооны үйл ажиллагааг АНУ-ын хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд «конвенцын тусламжтайгаар Орос болон Хятад дэлхий дахиныг хянах гэж байна», «конвенц нь авторитар дэглэмүүдийг дэмжих ноцтой жишиг бий болгоно» гэх мэтээр маш түрэмгийгээр гажуудуулж байна. Үүнээс улбаалж, «Тэгвэл интернэт болон дэлхийн мэдээллийн орон зайг одоо хэн хянаж байна вэ?» гэсэн риторик асуулт гарч ирнэ.

Үүнээс үүдэн бид НҮБ-ын ивээл дор байгуулах гэж буй уг иж бүрэн конвенцоос өөр хувилбар байхгүй гэсэн дүгнэлтийг хийж болно. Орос улс нь цаашдаа ч гэсэн улс орнуудын бүрэн эрхт байдлыг хамгаалах, дэлхийн мэдээллийн орон зай дахь неоколоничлолын аливаа илрэлийг үгүйсгэх зарчмын үндсэн дээр тусламж хэрэгтэй байгаа улс орнуудад техникийн туслалцаа үзүүлсээр байх болно.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 226, 227 (7211, 7212)