Т.САЙХАН

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулсан. Тус байгууллага орон даяар болон хилийн чанадад “ХурДан” цэгүүдийг байгуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд операторын горимоор төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж эхлээд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. “Хурдан” цэгийг төрийн анхан шатны нэгжүүд буюу хороо, сумын үйл ажиллагааны бүтцэд оруулж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах талаар УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд байнгын хорооны дарга Э.Батшугар Төрийн албаны зөвлөл, ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын удирдлагууд, нийслэл, дүүргийн, орон нутгийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан хаагчидтай уулзалт,  хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар “ХурДан” цэгийг нийт 504 байршилд байгуулахаас 140 -ийг нь нээж төрийн 39 байгууллагын 461 үйлчилгээг үзүүлж байгаа. Энэ ондоо багтан үйлчилгээний хамрах хүрээг 56 байгууллагын 785 үйлчилгээ болгон өргөтгөх аж. “ХурДан” цэгүүд байгуулагдсанаар өмнө нь Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээс хоёр үйлчилгээ авахад зарцуулдаг байсан хоёр цагийг 10-15 минут хүртэл багасгаж, үүнийг дагаад эдийн засгийн хэмнэлт нь 80 хувьтай болж байгаа гэсэн мэдээллийг ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар өглөө.

Мөн “ХурДан” цэгээр дамжуулан иргэдэд гар утсаараа төрийн үйлчилгээг цахимаар авах зөвлөгөө мэдээллийг хүргэснээр “E-Mongolia” төрийн үйлчилгээний платформыг хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа юм байна. Тиймээс цаашид цахим шилжилтийг илүү эрчимжүүлэх, бусад байгууллагын ачааллыг бууруулахад төрийн анхан шатны нэгжүүдэд тус цэгүүдийг байгуулах нь үр дүнтэй гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 218 (7203)