Дэлхий даяарх нийт бизнес эрхлэгчдийн 39.9%-ийг эмэгтэйчүүд, 60.1%-ийг эрэгтэйчүүд бүрдүүлж байна. Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсын нийт бизнес эрхлэгчдийн 37%-ийг, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн тоо гарчээ. Энэ тоо жил бүр өсөхийн хэрээр эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх нь тэднийг цаашид илүү тогтвортой үйл ажиллагаа явуулж, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулахад нь чухал нөлөө үзүүлэх юм. 

Харин Монгол Улс эмэгтэйчүүдэд зориулсан бизнесийн таатай орчныг бүрдүүлэх шатандаа явж буй бөгөөд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж буй нийтлэг асуудлууд цөөнгүй байгаа юм. Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн Санхүүгийн зах зээлийн сургалт судалгааны хүрээлэнгээс “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой санхүүжилтийг дэмжих замаар банкнуудын оролцоог нэмэгдүүлэх боломж”-ийн судалгааг хийсэн бөгөөд судалгаанд оролцсон эмэгтэй бизнес эрхлэгч нарын хариултаас харахад үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагаа эрхэлсэн хугацаа, ажилтны тоо, борлуулалтын орлого зэргээс үл хамааран дараах бэрхшээлүүд тэдэнд нийтлэг тулгарч байна.

 

Үүнд:

  • Санхүүжилт авах боломжгүй, зээл хөрөнгө оруулалтын хүртээмжгүй;
  • Хөрөнгө, барьцаа хөрөнгийн дутагдал;
  • Бизнес хөгжүүлэх менежментийн чиглэлээр ур чадвар дутмаг;
  • Нийгмийн болон бизнес дэх жендерийн, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт;
  • Төр засгийн зүгээс хууль эрх зүй, хөрөнгө оруулалт дутмаг, дэмжлэг байхгүй гэжээ.

 

Дэлхий дахинд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” гэх нэр томьёог хуулиар баталснаар үндэсний стратегидаа оруулж, бодлогын түвшинд мөрдлөг болгон дэмжлэг үзүүлж буй нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулах цогц орчныг бүрдүүлж өгч байна. Үүнээс эмэгтэй бизнес эрхлэгчийг тодорхойлж, тэдний ялгарлыг бүрдүүлэх нь бизнесийн таатай орчныг бий болгоход ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг харж болно. Манай орны хувьд хараахан эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн бэ гэдгийг хуулиар тодорхойлж, тусгаагүй боловч энэ чиглэлд төр, олон улсын байгууллагын хамтарсан хуулийн төсөл хэрэгжих шатандаа явж буй юм.

Харин Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлахыг зорилгоо болгон “Women Owned” тохирлын тэмдгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Энэхүү тэмдгийг олгож эхэлснээр бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлох, таних замаар тухайн бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэж байна.

Ийнхүү Голомт банк “Women Owned” бизнес эрхлэгч эмэгтэй тохирлын тэмдгээр дамжуулан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг ханган ажиллах бодлогынхоо хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулж байна. Мөн цаашид жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк

#WomenOwned