Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээндиргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг боловсрууллаа.  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарснаас цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ноогдуулах боломжтой болж татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж зөв голдрилд нь оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж хүлээж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. 

УИХ-ын дарга З.Энхболд:

-Хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү танилцуулна.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү:

-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2015 оны наймдугаар сарын 4-нд хэлэлцлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс санал гараагүй. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.    

УИХ-ын дарга З.Энхболд:

-Ажлын хэсгийг танилцуулъя. Д.Дорлигжав -Хууль зүйн сайд, Т.Бат-Өлзий -Хууль яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга, Л.Мөнхцэцэг -мөн яамны мөн газрын ахлах мэргэжилтэн, Э.Батбаяр -Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга, Б.Ариунсан -Татварын ерөнхий газрын дарга, Б.Бадрал -мөн газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулттай гишүүдийн нэрийг авъя. С.Дэмбэрэл гишүүнээр асуулт тасаллаа. Ц.Даваасүрэн гишүүн асууя.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Би энэ хуулийг гайхаад л байгаа юм. Хэдий хэмжээний гадаадад байршсан мөнгө төгрөг орж ирнэ гэдэг ч юм уу, эдийн засагт эергээр нөлөөлнө гэж үзээд байгаа юм бэ. Шударгаар ажилласан хүмүүсийг хохироосон тийм болж байна шүү дээ. Шударгаар татвараа төлөөд байвал хохирдог. Иймэрхүү буруу жишиг тогтож эхлэх гэж байна. Ер нь манай нийгэм сүүлийн 20-иод жилд гаднын аль бүтэхгүй зүйлийг туулдаг юм гэсээр байгаад л авч хэрэглээд байна шүү дээ. Манай хөрс дээр бүх муухай юм ургаж болж байна. Тэгэхээр энэ зүйл дээр би зайлшгүй энэ хууль гарах ёстой гэдэг шаардлагыг л сонсмоор байна, хууль санаачлагчаас.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-Жил шахмын өмнө УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. Тэгээд түрүүчийн Засгийн газрын үед боловсруулагдаад, өргөн баригдсан байсан хууль. Энэ Засгийн газар хуулийн төслийг дахин авч хэлэлцээд УИХ-ын шийдвэрийн дагуу өргөн мэдүүлж байгааг нэгдүгээрт хэлэх ёстой. Хоёрдугаарт гишүүний хэлж байгаа эмзэглэл, болгоомжлол нэг талаас байгаа боловч, нэгэнт нийгэмд байгаа юмыг далд чигээр нь байлгаад байх нь эдийн засгийн утгаараа бол буруу юм. Ингэж л үзсэн.

УИХ-ын гишүүн Л.Цог:

-Үүнийг чинь бид нар буцаасан үү дээ. УИХ хэлэлцэхгүй гээд. Тэгээд л дахин, дахин чирч ороод байгаагийн цаана нөгөө далд санаа нь явж байгаа шүү дээ. Ер нь ээлжит бусыг хийсэн нэг шалтгаан чинь энд яваа гэж би аминдаа бодож байна. Монгол орон татвар дээр тогтож байгаа шүү дээ. Төсөв өөрөө бүхэлдээ. Үүнийг авч эдийн засгаа өөд нь татахын оронд шударгаар татвараа өгсөн нь хожигддог. Төлөөгүй нь хождог ийм юм чирээд байж болохгүй шүү дээ. Яагаад дахин, дахин оруулж ирж байгаа шалтгаанаа надад хэлж өгөөч. Хамгийн буруу жишиг бид нар тогтоож байгаа. 2007 онд энэ нэрийн дор бас ингээд өршөөсөн шүү дээ. Өгөөж нь хаана байгаа юм бэ. Татвар төлдөг чинь хэдхэн том улс төрийн нөлөөнд байдаг компаниуд байдаг байна шүү дээ. Үүнийг бид нар бодож хийхгүй бол болохгүй, бодлогын том алдаа хийх гэж байна. Хоёрдугаарт энэ дунд чинь Эрүүгийн хариуцлагын тухай асуудал байж байна. Хууль зүйн байнгын хороо үүнийг чинь яагаад авч хэлэлцэхгүй байдаг байсан юм бэ. Тэр бол хоёрдогч юм байж магадгүй. УИХ хэлэлцэхгүй гээд буцаасан юмыг дахин, дахин ингэж чирээд байгаа юм гэдэгт хариулж өгөхгүй юу.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-Түрүүний орж ирсэн төсөл ямар үндэслэлээр буцсаныг бид нар мэдэхгүй. Гэхдээ УИХ-ын  34 дүгээр тогтоолыг хүчингүй болгоогүй, буцаагаагүй. Энэ өгсөн үүргийн дагуу л Засгийн газар төслийг боловсруулж оруулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Цог:

-34-тэй ч хамаагүй л дээ. УИХ хэлэлцээд одоо шаардлагагүй гээд буцаасан юмыг дахин ингэж байгаа нь сонин байна. Үүнийг хариулж өгөхгүй юу.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-34 дүгээр тогтоол хэлж байна л даа. Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах эдийн засгийн идэвхжил ил тод байдлыг бий болгох чиглэлээр одоо бодлого боловсруулж УИХ-д оруулж ир гэж, тэр бодлогыг хүрээнд л орж ирж байгаа асуудал.

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Энэ хууль маань батлагдлаа. Яг үйлчлэх баталгаа хэр зэрэг байна вэ. Нөгөө талаар энэ хууль дээр бол бас судалгаа байна уу, үгүй юу?

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-Энэ хууль одоо батлагдвал энэ арванхоёрдугаар сарын 31-нээс гэдгийг цаашаа тавих шаардлага гарах байх гэж бодож байна. Тодорхой судалгааны талаар Татварын ерөнхий газар хариулна.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:

-Ил тодын хуулийг гаргая гээд байгаа нь энэ эдийн засгийн хямралд компаниудын чадавх суларч байгаа энэ цаг үе дээр л нэлээн яриад байгаа шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн 5, 6 жил асар хүчтэй орж ирээд тэр эрчээрээ буцаад гарсан. Маш их аж ахуйн нэгжүүд өрийн сүлжээнд орсон. Хоёрдугаарт чадавх нь хоёр жил тэр дэмжлэгээр явж байгаад өнөөдөр үндсэндээ унаад дуусаж байна. Өөр нэг гол үзүүлэлт хэлээд байгаа зүйл бол шилжилтийн үед гарсан хуулиуд дотор маань компаниудыг сулруулах чиглэлийн зүйл асар их байсан. Тийм учраас өнөөдөр нэг талдаа өрийн сүлжээ яваад байна. 2007 оны Өршөөлийн хуулийн үед бол 44 мянган аж ахуйн нэгж байгаад бүртгэлд ороод, тэр хуулийн хэрэгжилтэд хамрагдаж байсан. Өнөөдрийн байдлаар 105 мянган татвар төлөгч аж ахуйн нэгж байгаа учраас нийт хямралын хэмжээнд орж байгаа сүлжээгээр бол маш том болоод байна шүү дээ. Хэдэн том компани л өрөө цайруулах гэж байна гэж ярьж болохгүй л дээ. Хэдэн том компани чинь Монголын өнөөдрийн хямралыг давахын төлөө үнэхээр нуруугаа автлаа зүтгэж байгааг бид нар анзаарч байна. Тийм учраас энэ Ил тод байдлын хууль маань хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Б.Ариунсан дарга миний асуултад яг онож хариулахгүй л байна. Яг хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан, тэгээд сайн дураараа өөрийгөө илчлэх хувь хүн, аж ахуйн нэгжийн тооны талаар судалгаа байна уу. Багцаагаар гэж би тодорхой асуугаад байгаа шүү дээ?

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:

-Яг өнөөдрийн байдлаар ийм хэмжээний далд татвар руу орох орлого байна гэдгийг тодорхойлсон юм бид нарт алга.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Түрүүний хуулиар хэдэн хүн юмаа илчилж ирсэн юм бэ. Тэр статистикаа хэлэх байх. Энэ удаа байхгүй бол түрүүнийхээс бас нэг баримжаа авъя л даа. Татварын ерөнхий газар хариул.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:

-Тухайн үед бол аж ахуйн нэгж, иргэн нийлээд 40-өөд мянган л хүн хамрагдаж бүх тайлан энэ тэрэндээ засвар оруулж байсан. Засвар оруулаад улсын хэмжээнд 4 их наяд орчим төгрөг орж байсан. Тухайн үед бид нар хэдэн хэчнээн тэрбумын төсөвтэй байлаа. Тэгэхээр бол энэ том үзүүлэлт л байсан. Том өөрчлөлт л байсан.

УИХ-ын дарга З.Энхболд:

-4 их наядын орлого ороогүй. 4 их наядын хөрөнгийг ил болгосон. Компаниудын тайлан баланс дээр 4 их  наяд нэмэгдсэн. Тэр нь бол дараа дараагийн үр дагаврыг л авчирсан байх л даа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Энэ эдийн засгийн хүндрэлтэй үед энэ арга хэмжээг зайлшгүй авах ёстой. Далд эдийн засгийг одоо болгох дээр бас чухал алхам болно. Тэгэхээр бид нарт энэ статистик тоог урьдчилаад уг нь жаахан тараасан бол зүгээр байсан юм. Сая манай гишүүд асуугаад тодорхой хариулт авч чадахгүй байна шүү дээ. Ер нь энэ аж ахуйн нэгжүүд чинь яг ямар шалтгаанаар энэ татварын өрүүд нь овоорсон юм бэ.  Яагаад ил тод мэдүүлээгүй юм бэ. Ер нь голдуу ямар салбарынх байна вэ. Ийм урьдчилсан одоо статистик судалгаа байна уу?

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-УИХ-д Өршөөлийн хууль гээд нэг хуулийн төсөл өргөн барьсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих гэдэг энэ хоёр бодлогын хүрээнд гишүүний саяын асуугаад байгаа асуудлуудыг иж бүрэн шийдэх оролдлого хийж байгаа. Үүнд хариуцлагаас чөлөөлөх, бусад эрх зүйн хариуцлагаас чөлөөлөх зөвхөн энэ хэсэг энэ хуульд багтаж байгаа.  Хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан. Татварын асуудлаас болоод Эрүүгийн болоод бусад хуулийн үр дагавартай байгаа компани, хүмүүсийн тухайд бол бид нар Өршөөлийн хуульд тодорхой хэсгээр бас авч үзсэн.

Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр:

-2008 онд гарсан Ил тод болон Өршөөлийн хуулийн үр дүнг асууж байна. Энэ аж ахуйн нэгжүүдийн 49.1 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид байсан. Боловсруулах аж үйлдвэрт 14.6, барилга 13.9, уул уурхайн салбар 7.0 орчим хувийг нь эзэлж байсан. Энэ хуулийн хүрээнд бол 4600 гаруй татвар төлөгч 8145 тайлан ирүүлж байсан. Татвар төлөгчөөр нийтдээ 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлсэн. Тэгээд 4.5 орчим их наяд төгрөгийн орлого, хөрөнгө бол ил тод болж байсан юм байна. Үүнээс ил тод болсноос үүдэлтэйгээр дараа дараагийн жилүүдэд нь төсвийн орлого тодорхой хувиудаар нэмэгдсэн. Тийм статистик судалгаа байгаа.

 

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 202 (7187)