Б.Дамдин-Очир

Сайн сенсаац сарын настай байсан үе бий. Одоо өдөр, бараг цагаар хэмжигддэг болжээ. Сошиалын буян юм даа, энэ. Хэд хоногийн өмнө нэг том даргын тухай ноцтой бөгөөд томоохон нийтэл гадаадын сайтад хэвлэгдэв. Монголын амьдралын талаар маш нарийн судалгаатай, монголчуудын мэдэхгүй зүйлсийг бичжээ. Манайхан л болсон хойно “...Арай үгүй байлгүй дээ. Юу болчихов оо. Яасан бэ” гээд бужигналдсан. Гэвч маргааш нь үүнийг мартав. Шалтгаан нь тодорхой. Шинэ сэдэв гарч ирлээ. Автобусны дуулиан дэгдэв. Жинхнээсээ “...Арай ч дээ” гэмээр авлигын хэрэг байх нь тэр. Хүүхдүүдийн эвлүүлдэг тоглоом “лего” шиг автобус оруулж ирсэн нь ил болов. Тоо бодож, тооцоо хийдэг ажиглагч нар “...Энэ автобусны худалдан авалтаас даруй 300 тэрбумыг унагажээ” гэж байна.

 

Энэ хэрэг улам ноцтой болж байна. Ер нь нийслэлийн нийтийн тээвэр гээд олон жилийн турш ийм л автобусаар иргэдэд үйлчилдэг ирсэн байж магадгүй болоод явчихлаа. Сүүлийн энэ “лего” шиг эвлүүлсэн автобусны хэргээр шалгуулж эхэлсэн Нийтийн тээврийн газрын дарга нь мөрдөн байцаагдаж эхлээд л өөрийгөө егүүтгэхийг оролджээ. Эмнэлэгт хүргэгдсэн байна. Хуулийн байгууллагад, тэр дундаа цагдаад ажиллаж байсан хурандаа цолтой хүн л дээ. Тэр учраа мэднэ. Юу хийчихээд, юутай тулснаа ойлгосон хэрэг биз. Товчхондоо, энэ нь автобусны хэрэг маш ноцтой гэдгийг л хэлээд байгаа юм. 

 

Нөгөө талаар автобусны хэрэг эрх баригч намыг хөдөлгөөнд оруулчихлаа. Магадгүй, Хотын дарга, Хот хариуцсан сайд хоёрыг сольж сэлгэснээр асуудал дуусахгүй нь бололтой. Хуучин дарга нар явахдаа нэг том даргаа “...Автобустай холбоотой” гэсэн. Гэтэл тэр дарга нь “...Би даргынхаа үгээр уулзалт хийсэн. Дарханы гишүүд дэмждэг шүү” гэчихэв. Нөгөөх автобусны хэрэг улс төрийн хувьд ингээд заваараад явчихлаа. 

Гэж байтал өчигдөр уржигдраас допингийн дуулиан автобусыг залган гарч ирэв. Допингийг “...Боолыг хатан, хатныг ноён дардаг” шиг л суга татаад шидэв. Харамсалтай нь энэ дээр хэлмэгдүүлэлт явчихлаа. Ойлгоход маш энгийн дүрэм журамтай олон улсын байгууллагын салбарыг улс төрийн бантанд хутгачихав. Манай улс аль 2007 онд Сэргээшийн эсрэг коавенцид нэгдсэн. Тийм учраас манай төр сэргэээш буюу допингийн эсрэг дэлхийн үйл ажиллагаанд нийцсэн дүрэм журмыг гаргаж өгөх үүрэгтэй болчихсон. Гэтэл Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмээр ажилладаг Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагад ажиллаж ирсэн эмчийг сошиалаар яллаж, “гурван үсэгтэй газар”-аар хүртэл шалгуулаад эхэлжээ.

 

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн салбарууд бүх улсад байдаг. Орост хүртэл Русада гээд байж л байна. Гол нь тухайн улсынхаа улс төр, хов живэнд хутгалдахыг хориглодог байгаа юм. Тэр нь МОНАДА-г удирддаг эмч элдэв байдлаар мэдэгдэл тайлбар хийх хориотой гэсэн үг. Гэвч “...Хуулийн байгууллагын шалгалтаар гэрээс нь ч юм уу, эмнэлгээс нь эмийн бодис гарч ирлээ” гээд сэвж өгч байна. Тэр эмчийг бараг л социализмын үеэс тан барьсан гэдгийг хотлоороо мэднэ дээ, уг нь. Олон ч хүний амийг аварч, эмчилгээг зөөллөж ирсэн байдаг юм. Харамсалтай, эсвэл эмгэнэлтэй гэмээр ийм л явдал боллоо. Хамгийн гол нь ганцхан өдрийн настай сенсаац үүсгэхийн тулд хэлмэгдүүлэлт хийгээд байна.

 

Засаг төр нь учир начрыг гэхээсээ сошиал шуургыг анзаараад байгаа нь бас л харамсалтай юм. Цаашлаад энэ нь улсаа ч хорлосон үйлдэл болж буй бөгөөд удахгүй болох олимпод цагаан тугийн дор оролцох дээрээ тулаад байгааг мартах учиргүй юм сан. Өөрөөр хэлбэл, “...Тоглож болохгүй тоглоом” гэдэг шиг допингийн сэдэв бол сенсаацыг дардаг сенсаац байж болмоогүй байгаа юм. Тэгээд ч допингийн дуулиан бол англиар гарсан нийтлэл, автобус хоёрыг дарж чадахгүй. Тэр хоёроос огт өөр агуулгатай, үр дагавартай юм.

 

Эх сурвалж: polit.mn