Хушин ойн 40 хувь доройтолд оржээ. Энэ ноцтой мэдээлэл яригдаад, бичигдээд жил тойрч байна. Гэтэл манайд 600 гаруйхан мянган га хушин ой бий. Энэ нь дэлхийн хушны ердөө 1.8 хувь нь болдог. Харин Монголынхоо нийт ойн нөөцийн 9.4 хувийг эзэлдэг.
Уг нь хушны самар нь, иргэд, аж ахуйн нэгжүүд зөв хэрэглээд явбал улс оронд эдийн засгийн ач холбогдолтой. Гэтэл “Үрийг нь аваад эхийг нь, алтыг нь аваад авдрыг нь хаях” хэмээсэн зүйр үг лүгээ самрыг нь унагаахдаа модыг нь мөхөөгөөд орхидог. Мэдээж энэ нь хушны самрын хууль бус бэлтгэлтэй шууд холбоотой. Тиймээс манайд зөв зохистой бэлтгэх, дагаад хушин ойг хамгаалах, сэргээх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Ингэхдээ, эхэнд хэлсэн “Хушин ойн 40 хувь доройтолд оржээ” гэдгийг тоохгүй өнгөрч болохгүй юм. Тэгвэл энэ жилийн тухайд хушны самрын ургац “Бага” гэсэн дүн гарчээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран боловсруулсан “Сибирь хушин ойн самрын биологийн ургац тогтоох аргачлал боловсруулах” аргачлалаар газар дээр нь очиж ажиллаад энэ оны хуш модны самрын ургацын үнэлгээг хийсэн байна.
Тодруулбал, Ойн газрын хоёр ажлын хэсэг хушин ойтой Архангай аймгийн зургаан сум, Өвөрхангай аймгийн таван сум, Хөвсгөл аймгийн хоёр сум, Булган аймгийн нэг сум, Хэнтий аймгийн гурван сум, Төв аймгийн дөрвөн сум, Сэлэнгэ аймгийн зургаан сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богд хаан уулын Дархан цаазат газарт хяналтын тооллого явуулжээ. Эндээс дээрх дүгнэлт гарсан байгаа юм.
Тиймээс ойн мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудаас ийм бага ургацтай жилийг ашиглаад экспортыг хориглох замаар хушин ойг “амраах” боломж байгааг хэлж байна.
Ийм шийдвэрийг Засгийн газар, БОАЖЯ гаргах учиртай болж байна.
Уг нь монгол хүний ухамсар самрыг зүй зохистой бэлтгээд байдагсан бол хушин ойг хамгаалахын тулд төрийн оролцоо, шийдвэрийг нэхэх учиргүй л дээ. Жишвэл “Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй, түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан эд” гэж Аристотель хэлсэнтэй яг дүйж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өвөл хаврын заагаар хууль бус самрын бизнес эрхэлдэг гадаадын иргэд, нутгийнхан голдуу самар бэлтгэх хүмүүст урьдчилаад мөнгө тараачихдаг. Мөнгийг нь авчихсан манайхан наадамтай зэрэгцээд ой руу орчихно. Тэгээд самар нь түүхий хуш модыг мунаар балбадаг. Ийм л үйл ажиллагаа ойд явагддаг. Хушны боргоцойг ингэж модон мунаар түншиж унагаах нь модны холтос болон модлогийг гэмтээх, улмаар өвчлөх, хортон шавжинд нэрвэгдэх нөхцөлд хүргэдэг. Дээрээс нь, болц гүйцээгүй боргоцой нь давирхай ихтэй байдаг тул дээрх байдлаар модны мунаар цохиж самрыг унагааж байгаа нь гол ишийг гэмтээдэг. Улмаар физиологийн хаталт өгөх, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих зэрэг олон сөрөг үр дагавруудыг бий болгодог байна. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбараас хоёр жилийн өмнө гүйцэтгэсэн нийслэл хотын ногоон бүсийн хушин ойн моддын төлөв байдлын үнэлгээнээс үзэхэд, ойн моддын 60 гаруй хувь нь өсөлт саарч буй, 30 гаруй хувь нь өсөлт нь зогсож доройтож буй моддын ангилалд хамаарагдаж байна. Харамсалтай нь энэ бүхэн тухайн самрыг бэлтгэж буй хүмүүс, захиалан авч буй гадныхан голдуу нөхдөд хамаагүй. Тэднээс хушин ойг, хуш модыг хайрлах, хамгаалах талаар ёс суртахууны араншин хүлээгээд нэмэргүй. Тиймээс л төрийн оролцоо, тодорхой хэлбэл, Засгийн газрын шийдвэр хэрэгтэй болчихоод байгаа юм.
Ер нь бол хушин ойг хамгаалах зайлшгүй шаардлага үүссэн. Ингэж бага ургацтай жилд нь экспортлохыг хориглохоос гадна үрээр тарьж ургуулах зэргээр нөхөн сэргээх хэрэгтэй болжээ. Дэлхий дээр Сибирь, Солонгос гэх хоёр зүйлийн хуш мод байдаг. Эдгээр нь зөвхөн Орос, Монголын газар нутагт л тархан ургадаг байна. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг. Хуш мод нь цилиндр хэлбэрийн титэмтэй, нас гүйцсэн нь 30-40 метр өндөр, нэг метрээс дээш диаметртэй, 400 хүртэл жил насалдаг, 25-45 наснаасаа эхлэн үр өгч эхэлдэг, үрийн жил нь 5-7 жил тутамд давтагддаг.
Хуш модны эдийн засгийн ач холбогдлыг бүгд мэднэ. Чухамдаа тэр ач холбогдол нь өнөөдөр хушин ойг доройтолд хүргээд байгаа юм. Тэгвэл экологийн талаасаа чухал ач холбогдолтой шилмүүст мод аж. Хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц болохоос гадна хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг. Энэ нь ойн чийгшлийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчныг бүрдүүлдэг. Ерөнхийдөө хушин ой нь бактер устгах чадвартай юм байна. Фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг цэвэршүүлдэг. Тиймээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашигладаг байна. Хушны үрийн жил хэдэн жилийн зайтай тохиолддог боловч үрийн жил давтагдах яг тогтсон хугацаа байдаггүй. Модлог ургамал үр их гарсан жил эсийн пластид (хлоропласт, хромопласт, лейкопласт) ихээхэн хэмжээний шим тэжээлийн бодисыг үр үүсэхэд зарцуулсан байдаг. Зарцуулсан шим тэжээлийн бодисоо нөхөж авахад ургамалд тодорхой хугацаа шаардлагатай. Иймээс модны үр өгөлтийн давтамж нь ургамал шим тэжээлийн бодисоо нөхөж авахтай холбоотой биологийн нарийн үйл явц гэж үзэж болно. Модны үрийн ургац, давтагдах хугацаа нь зөвхөн модлог ургамлын биологийн онцлог төдийгүй, нарны идэвхжилийн үечлэл, ургах орчны нөхцөл, тухайн жилийн цаг агаарын нөлөө (, хөнөөлт шавжийн олшрол, хүний нөлөө зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Энэ мэтээр хуш ямар хэрэгтэй вэ гээд жагсаавал дуусахгүй.
Харин бид энэ чигээрээ яваад байвал байгалиас заяагдсан хушин ой хэмээх баялгийг хайр найргүй сүйтгэснээр юу ч үгүй устгах аюул энүүхэнд байна. Тийм жишээнүүд хаа сайгүй. Зарим оронд байгалийн ойгоо юуч үгүй устгаж түүнийхээ сөрөг нөлөөллийг мэдэрч таримал ойн аж ахуйг хөгжүүлж байх жишээтэй. Манай өмнөд хөрш Хятад л гэхэд таримал ойгоогоороо алдартай болсон. Хятадад хүний гар хүрээгүй газар орон ер нь цөөхөн. Тэд нэгэн цаг үед үед газар тариалан эрхлэхийн тулд ой модоо тайрч устгаж байсан. Харин одоо газар бүхэнд мод тариж ойжуулах ажил хийдэг болсон. Эндээс үүдэлтэйгээр хятадууд “Хэн нэгийгээ баян болгьё гэвэл нэг атга модны үр өг” гэдэг ам дамжсан хэлцтэй хүртэл болчихоод байгаа аж. Ордост л гэхэд алтны олборлолтыг зогсоож, оронд ой “тариад” эхэлжээ.
Манайд ч чадаж байвал ийм арга хэмжээ авах цаг нь нэгэнт болсон. Гэхдээ нэн түрүүнд яг ийм бага ургацтай үед экспортыг хориглох шийдэл хамгийн зөв гарц болохоор байна. Тодруулбал, хушны самрыг их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэж байгаа нь ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөхөд хүргэжээ. Тиймээс л тухайн жилийн самрын ургацаас хамаарч, бага, дунд ургацтай жилүүдэд ойн зэрлэг амьтдын тэжээлийн хэрэгцээг алдагдуулахгүй байх, хушин ойн байгалийн аясаар нөхөн ургах хэвийн нөхцөлийг хангах шаардлагатай болж байна. Энэ нь шулуухан хэлэхэд, хушин ойн хувь заяа Засгийн газрын гарт байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин: 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 196 (7181)
Өдрийн сонин: 2023.10.03 Мягмар №185 (7305)
Өнөөдөр сонин: 2023.10.03 Мягмар №193 (7752)