С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.02/ хуралдаж, Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд худалдан авах үйл ажиллагаанд үүссэн асуудалд холбогдуулж, Засгийн газрын гишүүн, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын мэдээллийг сонслоо. Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ж.Сүхбаатар сайдын мэдээлэлтэй холбогдуулж, гишүүд асуулт асууж, хариулт авсан. Сайд түгжрэлийн эсрэг идэвхтэй ажиллаж байсан. Харамсалтай нь худалдан авах ажиллагаанд алдаа гарсан учраас өөрөө өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудалтай холбогдуулж бүлгээс хоёр шийдвэр гаргаж байна. Нэгдүгээрт, Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд худалдан авах ажиллагаанд үүссэн асуудалтай холбоотойгоор ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгч, УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтлоо. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд тодорхой санал гаргасан. Нийслэлийн нийтийн тээврийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаас гадна нийслэлийн газар олголт, түгжрэлтэй холбоотой авлигын асуудалд Засгийн газар шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлага байна. Иймд, дээрх асуудалд бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг онцолсон. Ерөнхий сайдын гаргасан саналын дагуу санал хураалт явуулж, бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхий сайдын саналыг дэмжлээ. Цаашид Засгийн газраас нийслэлд  авлигатай тэмцэх чиглэлд томоохон арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн. Ногоон автобустай холбоотой асуудлаар Ерөнхий сайд чиглэл өгсний дагуу АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Засгийн газрын хуралдаанд лхагва гаригт танилцуулна. Үүний дараа Ерөнхий сайд холбогдох хүмүүст хариуцлага тооцно” гэв.

Эх сурвалж: www.polit.mn