ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монгол Улс ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү тэргүүлсэн бол ХБНГУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн бүс нутгийг хариуцсан дарга Яннис Неофитоу ахалсан юм. Германы хоёр талт хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсыг НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн хүртээмжтэй нийгмийг бий болгох. Ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн шинэчлэлийн үйл явцыг дэмжихэд оршино. Хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ онцлон тэмдэглэхийн тулд ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээний түүхэнд хамгийн өндөр буюу 78 сая еврогийн санхүүжилт олгохоор тохиролцлоо. Санхүүжилтийн хүрээнд 29 сая хүртэлх еврогийн зээлийг үндэсний хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хөрвүүлж, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангаар дамжуулан эрүүл мэндийн салбарт зарцуулах юм байна. Монгол Улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Герман улс Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн. ХБНГУ-аас 500 гаруй сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосон нь Монгол Улсын хөгжил дэвшил, тогтвортой хөгжлийг хангахад том хувь нэмэр оруулсан. 

Эх сурвалж www.polit.mn