ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монголчууд согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100 мянган хүнд дэлхийн 35 байхад Монгол Улсад 123.2 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилд 4000-4500 хүн эндэж байна. Мөн гарч буй гэмт хэргийн 60-70, нийт гэмтлийн 10-12 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэжээ. Үүнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 тоот зарлиг гарсан. Энэ зарлигийн хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-аар 2022 оны долдугаар сард "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай", Онцгой албан татварын тухай хууль, Засгийн газрын сангийн тухай хууль гэсэн дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулснаар энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байна. Ерөнхийлөгчийн 43 тоот зарлиг, дагалдах хуулиудад орсон өөрчлөлтийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЕТГ-аас танилцууллаа. 

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний нийгмийн сөрөг нөлөөг харуулах үзүүлэлтүүд, тоон мэдээллийн талаар НЦУГ-ын дэд дарга, дэд хурандаа О.Оюутболд тавилцуулсан юм. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг судалгаанд суурилж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хэрэгжилтийн явцыг үнэлэн, бодит өөрчлөлтийг тодорхойлон дараагийн хийх ажлууд, анхаарах чиглэлээ тодорхойлон ажиллаж байна. Согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын өөрчлөлт, хуулийн шинэчлэлээс гадна өнгөрсөн хугацаанд холбогдох талуудтай хамтран олон талт арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал, ЦЕГ хамтран "Намайг алгас", БТСУХ-той хамтран "Цаг гарга" мөн цаг үетэй нь уялдуулан "Сахараа багасгая", "Цагаан сар ба эрүүл мэнд" арга хэмжээг хэрэгжүүлснээс гадна оюутан, залуусын дундах эрүүл зан үйлийн судалгаа, зургаан настай хүүхдүүдийн дунд зүрхний эмгэг илрүүлэх судалгаа, амны хөндийн эмгэгийн судалгааг хийгээд байна" гэсэн юм.

Ерөнхийлөгчийн 43 тоот зарлиг, дагалдах хуулийн өөрчлөлтүүд, түүний үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан танилцууллаа.

Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр "Согтууруулах ундаанд ялангуяа, хатуулгаас хамааран ногдуулах онцгой албан татварын хэмжээ нэмэгдэж байхаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан, Онцгой албан татвар болон борлуулалтын орлогын эхний зургаан сарын мэдээгээр татварын хэмжээ 13 тэрбум, борлуулалтын орлого 8.5 тэрбумаар өссөн. Мөн импортоор орж ирсэн согтууруулах ундааны онцгой албан татварын хэмжээ 2021 онтой харьцуулахад 9.7, 2022 онтой харьцуулахад 4.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн гарсан" гэв.

Согтууруулах ундааны эрүүл мэндийн нөлөө, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЕТГ, "Эрүүл Монгол хүн" төөсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн "ЦЕГ-аас статистикт тулгуурлан согтууруулах ундааны хэрэглээнээс үүдсэн гэмт хэргийн улмаас 70 орчим хувийг эзэлж буй 18-39 насны залуус руу чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, Та татгалз нөлөөллийн ажлыг ЦЕГ ахлан хэрэгжүүлж байна. Согтууруулах ундаанаас татгалзах чиглэлээр 21 аймаг, нийслэлийг хамруулан ирэх сарын 13-нд "Эерэг хандлага-Эрүүл оюутан" наадмыг зохион байгуулна. Мөн донтох эмгэгтэй, эрсдэлтэй болон хэтрүүлэн хэрэглэгч иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхэд СЭМҮТ, аддиктологийн төв, ЦЕГ хамтран 900 гаруй иргэнийг эмчилгээнд хамруулах ажил эхэлж байна. Эрүүл мэндийн боловсролыг багаас нь системтэй, оновчтой олгохын тулд сургуулийн эрүүл мэндийн багийг чадавхжуулах ажлыг төлөвлөж байна" гэлээ. 

Эх сурвалж www.polit.mn