Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
Түрүүч нь
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө 100 хувь бүрэн эзэмших боломж байна
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Би хоёр асуулт асуусан. Ерөнхий сайдын Энержи ресурс, Ухаа худгийн оролцооны асуудал. Энэ эргэлзээг арилгах үүднээс үүнийг асууж, үүнийг тодруулах шаардлагатай. Хоёрдугаарт өнөөдөр, Тавантолгойн гэрээний асуудал дээр болгоомжтой хандах ёстой шүү дээ. Бид нар Оюу толгойн гэрээн дээр хичнээн сайхан ярьж байгаад баталлаа. Эргээд өнөөдөр Оюу толгой дээр ойлгомжгүй асуудал олон үүсчихээд байна шүү дээ. Тавантолгойн ордын 10 хувийг ард түмэнд хувьцаа болгоод тараах юм шиг юм яриад байна. Өнөөдөр Эрдэнэс МГЛ компани дээр стратегийн 15 ордын төрд ногдох хэсэг тэр чигээрээ төвлөрөх ёстой. Тэгтэл өнөөдөр Эрдэнэс МГЛ дээр хоёр ордын л асуудал байна. Оюу толгойн 34 хувь, тэгээд одоо энэ Таван толгойн хувьцааны асуудал л байж байна. Цаана тэр 13 стратегийн орд хааччихав аа. Энэ 13 стратегийн ордын төрд ногдох хэсгүүд хаана яваад байгаа юм бэ. Үүнийгээ тэр хувьцаа олгож өгөх юм уу? өгөхгүй юм уу?
Ерөнхий сайд Сү.Батболд:
-Эрдэнэ гишүүний асуултад хариулъя. Зөвөө зөв. Ер нь бол ярьж байгаа зарчим бол зөв. Тийм учраас энэ дээр би санал нэг байна. Тийм учраас зохих ёсны асуудал тавигдсан учраас үүнийг зохих ёсны хариулт, зохих ёсоор нь хүлээж аваад хариулагдах ёстой гэдэг энэ зарчмаар хандаж байгаа гэдгийг бас гишүүнд хэлье.
Хоёрдугаарх нь, тэр Эрдэнэс МГЛ-той холбоотой асуудлыг бид нар бүхэлд нь авч үзэж ярих ёстой гэдэг дээр санал нэг байна. Оюутолгой дээр гарсан сургамж, мөн Оюу толгой дээр бий болж байгаа асуудлаар бид нар ярилцах, эндээс сургамж авахын зэрэгцээ мөн ярилцах асуудлууд нээлттэй байж байгаа гэж бодож байна. Нэг зарчмын зүйл нь бид нар Оюу толгойг хөдөлгөсөн нь өөрөө их чухал гэж бодож байгаа. 6 жил ярьж байгаад ямар ч байсан хөдөлгөлөө. Одоо 3 жилийн дараа эхэлж ажилд ороод, 5 жилийн дараа бүрэн хүчээрээ орд газар ажиллах ёстой. Тэгэх юм бол бид нар энэ орд газрыг цаг хугацаанд нь ашиглалтанд нь оруулах нөхцөлийг нь бүрдүүлэх юм бол Монгол Улсын татварт орох ёстой орлогууд нь зохих журмаараа явах ёстой. Эрдэнэс МГЛ дээр дараагийн 1З орд газар магадгүй түүний “Б” хавсралт, өөр ч олон орд газар “Б” газар стратегид орох ёстой 30-40 юм байгаа. Ямар ч байсан тэр 30-40 орохоос өмнө 13 орд газрын асуудал байж байгаа. Үүнийг ярих ёстой гэдэг дээр санал нэг байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Энэ өргөн төмөр зам гэдэг асуудлыгаа эргэж Засгийн газар харж үзэхгүй юм уу. Хэрвээ тэгэхгүй бол энэ цаашдаа ноцтой асуудал болно шүү. Монгол Улс, ОХУ хоёроос өөр өргөн төмөр замтай улс дэлхийд цаашдаа үлдэхгүй нь л дээ. Тийм учраас өргөн төмөр зам нэг хэсэг нь байж байг, нарийн төмөр замыг тавих ёстой гэдэг дээр энэ концепцийг эргэж харж үзэх ёстой юм биш үү гэж би Байнгын хороооны даргаас энэ талаар яригдсан уу? эсхүл салбар хариуцсан сайд энэ дээр дахиж миний асуултад хариулж өгөөч. Хоёрдугаарт, Утаагүй Улаанбаатар чухал төсөл. Үнэхээрийн хүний нүдэнд харагдахаар зүйл хийсэн байна. Концепцийн хувьд утаагүй гэдэг үг нь байж л байгаа юм бол эхлээд утаагаа арилгах ёстой болохоос биш, барилгын ажил эхлэхгүй. Барилгын ажил зэрэгцэж эхэлнэ, тийм учраас утаанд байгаа хороо багасгах ёстой гэж ингэж үзэж байгаа. Ийм учраас энэ хоёр асуудлыг салбар хариуцсан сайд нь юу гэж үзэж байна вэ? Байнгын хороон дээр энэ асуудлаар ярьсан уу? Би дахиад хэлж байхад Үндсэн чиглэл, УИХ-ын тогтоолыг зөрчсөн шүү гэдгийг хэлмээр байна. Ерөнхий сайдаас асуухад цаашдаа энэ Тавантолгой гэж том газар том бүтээн байгуулалт болох нь ээ. Сая зөөлөн технологи, зөөлөн стандарт гэж явуулна гэж байна. Тэгэхээр сая Оюу толгой дээр ярьж байхад бид нар овоо дэвшилттэй байсан. Тэгэхдээ одоо ч гэсэн Ханбогд суманд газрын наймаа хэвээрээ, тэнд ямар нэгэн урьдчилсан том төлөвлөлт хийхгүй байна. Тавантолгой дээр үүнийг Засгийн газраас гадна олон улсын зөвлөх гэдэг юм уу, дэлхий нийтэд ийм том том төслүүдэд зөвлөөд байж байгаа аливаа нэгэн буруу үйлдэл хийх юм бол дор нь зогсоодог иймэрхүү ажиглагч, хянагч, зөвлөгч компаниудыг сонгох уу?
ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан:
-Ер нь Байнгын хороон дээр яригдах үед үнэхээр Тавантолгойг том хэмжээгээр ашиглаж, энэ орд газрын ашиглалттай холбоотойгоор урьдчилгаа төлбөрүүд дээр нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж оролцуулах, иргэд аж ахуйн нэгжүүдийг тэгш хэмжээгээр хувьцаа, ашгийг эзэмшүүлэх гэсэн энэ асуудлыг харилцан уялдаатайгаар шийдэхгүй бол бид нар эхлээд төмөр замын үндсэн чиглэл гээд баталчихдаг, гэтэл нөгөө орд газрыг ашиглах гэж байгаа хөрөнгө оруулагчид өөр тийшээ зөөх ийм тооцоо, эдийн засгийн үндэслэл ярих юм бол дахиад бодлогодоо өөрчлөлт оруулах уу гэсэн ийм асуудал гарч болзошгүй л юм шиг байна билээ. Тийм учраас ойролцоодуухан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэл бид ажлын хэсэг гаргаад, Засгийн газар, холбогдох яамдын бодлогын асуудал хариуцсан сайд нартайгаа ярилцаад, энэ З төслийг нэлээн уялдаатай шийдчих ийм бололцоо бүрдэх байх гэж бодож байна. Мэдээж орж ирсэн төслөөр бол төмөр замын хувьд цариг өргөн байхаар байгаа. Өнөөдөр манайд өргөн цариг байж байгаа. Ялангуяа транзит энэ гол чиглэлийн замтайгаа холбосон тэр чиглэлээ өргөн царигтай байх нь зүйтэй гэсэн дээр гишүүд нэлээн саналаа илэрхийлж байгаа юм. Харин зайлшгүй овор ихтэй энэ ачааг бид төмөр замаар тээвэрлэх үү? Авто замаар тээвэрлэх үү? Одоогийнх шигээ байгаль орчин, иргэдийн амьдрахад хүндрэл учирч байгаа авто тээврийн байдлаараа тээгээд байх уу гэдэг дээр хариулт нэхэж байгаа, шийдэл нэхэж байгаа ийм зүйлүүд бий. Тийм учраас овор ихтэй энэ нунтаг ачааг бид нар олон дахин буулгахгүйгээр шууд тээвэрлэдэг ийм юмаа сонгож авах нь зүйтэй байхаа.
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга:
-Төмөр замын төрөөс баримтлах бодлого дээр уг нь их тодорхой юмнуудаа оруулдаг. Ажлын хэсэг үндсэндээ маш хойрго байгаа. Манай яамнаас төмөр замаа хариуцсан дарга нар орж суугаад агентлагийн дарга нар зөндөө суусан. Бас тэгж ярьж болохгүй л дээ. Энэ царигийн асуудал ерөнхийдөө далайн гарц гэдэг юм руу гол анхаарлаа хандуулаад гаргаж ирсэн ийм л бүтэц шүү дээ. Тэгээд 40 жил, 20 жилээр хоцорсон гээд л яриад байх юм. Өнөөдөр өргөн царигаар хичнээн оронд ямар юм явж байгаа вэ гээд зураг гишүүдэд тараасан. Тэр тэрийг сайн үз л дээ, Тэрбишдагва. Тэр Утаагүй Улаанбаатар гээд утаагаа арилга гэдэг маань орон сууцжуулах юм. Энэ олон гэр хороолол чинь яах юм бэ, орон сууцанд орох ёстой шүү дээ. Тийм концепциор хийсэн юм. Бид нар 90 оноос өмнө Оросын түүхий эдийн бааз орон байсан. 90 оноос хойш Хятадын түүхий эдийн бааз орон байж болохгүй шүү дээ. Амархан шийдье гэвэл урагшаа нарийн цариг татаад энэ түүхий эдээ зараад хэдэн төгрөг олъё гэж бодож байгаа. Тэгэх юм бол Их Хурал гэж байгаад яадаг юм бэ? хэдхэн компаний лобби орж ирээд ингээд л явъя л даа. Ард түмэн ядуу байна, 20 жил ард түмэн гэж ярилаа. Энэ ард түмнийг орон сууцжуулъя, хөрөнгөжүүлье л дээ. Ийм л юм Засгийн газар цогцоор нь бариад оруулчихсан шүү дээ.
Ерөнхий сайд Сү.Батболд:
-Би нэг зүйл нэмээд хэлье. Ер нь бол Засгийн газраас Монголчууд маань дэвшүүлж байгаа гол зүйл бол иргэдээ ажилтай болгоё гэж байгаа. Иргэдээ ажилтай болгохгүй бол бидний өмнө байгаа ядуурал, ажилгүйдэл гэдэг энэ сэдэв ерөөсөө алга болохгүй. Тэгээд энэ улс төрийг тойрсон энэ туйлшрал гэдэг юм уу? бэрхшээлтэй амьдрал үргэлжлээд байна л даа. Бидний энэ том төслүүдээ түшиглээд бүтээн байгуулалтын төслүүдээ цогцоор нь оруулаад шийдье гэсэн ийм саналтай байгаа юм. Тийм учраас Их Хурлын гишүүддээ хандаж хэлэхэд, Тавантолгойн орд газар, Утаагүй Улаанбаатар төслөө бид магадгүй нэрийг нь ч юм уу өөрчлөх бол зарчмын асуудал биш л дээ. Гэхдээ энэ бүтээн байгуулалтын, орон сууцны, мөн бүс нутгийн хөгжлийн энэ бүс хооронд аймгуудыг холбосон зам гээд бид олон асуудлуудыг энд тусгаж байгаа шүү дээ, ер нь үндсэн дэд бүтэц, орон сууц. Ийм асуудлуудаа хамтад нь шийдье, төмөр замын асуудлаа хамтад нь шийдье гэж байгаа. Тэр цаг хугацааны хувьд бид ярьж байгаад ямар ч байсан ажлаа эхлүүлэх нь бол бүхэлдээ асуудлыг хөдөлгөж байгаа, шийдэж байгаа ийм зарчим. Магадгүй зөрүүтэй байр сууриуд байгаа. Бид нар үүнийг үе шаттайгаар шийдээд явъя гэдэг ийм зарчмыг хэлж байгаа шүү дээ.
Тийм учраас гишүүддээ хандаж хэлэхэд энэ хэдэн төслийг бид энэ хаврын чуулгандаа багтаагаад энэ гурвантөслийг цогцоор нь гаргах асуудал зарчмын хувьд их ач холбогдолтой. Засгийн газрын зүгээс цогцоор нь тавьж байгаа асуудал шүү гэдгийг дахин хэлье. Баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 191 (7176)