С.САРУУЛ

Цахим хөгжил харилцаа холбооны яам хамгийн эрэлттэй 10 төрлийн бизнесийн зөвшөөрлийг цахимжуулсан талаараа мэдээлэл хийлээ. Ингэснээр иргэд зөвшөөрөл авахын тулд төрийн байгууллагын үүд сахих, хэн нэг албан тушаалтад авлига өгөх, хүнд сурталтай нүүр тулах шаардлагагүй болж байгаа юм. Тухайлбал, хүнсний дэлгүүр, ресторан, ая тухтай дэлгүүр, мини маркет, бар караоке, цайны газар, супермаркет, хүнсний мухлаг, хүнсний зах, худалдааны төв, зочид буудал эрхлэх бизнесийн зөвшөөрлийг "E-Mongolia" болон "E-Business" платформоос цахимаар авах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, та ямар ч төрийн байгууллагад очиж, хэн нэгэн албан тушаалтантай нүүрэлдэх шаардлагагүйгээр цахимаар зөвшөөрлийн маягт, хүсэлтээ бөглөж, зөвшөөрлөө 30 хоногийн дотор цахимаар авч, хадгалах боломж нээгдэж байна. ЦХХХЯ цаашид нийт 360 зөвшөөрлийг үе шаттайгаар цахимжуулж, "E-Mongolia" болон "E-Business" платформд нэгтгэх аж.

Технологийн тусламжтай авлигатай хийх тэмцэл хий хоосон яриа бус бодит үр дүнд хүрч байна ЦХХХ-ны сайд Н.Учрал "Бизнесийн энэхүү 10 зөвшөөрлийг цахимжуулж байгаа үйл явдал нь авлигын хөрс болсон хүнд суртлыг халах эхний алхам юм. Шилэн, ил тод, нээлттэй байдал ийнхүү хий хоосон яриа биш амьдрал дээр биеллээ олж, авлигыг бууруулах бодит үр дүнд хүрч байна. Авлигатай тэмцэх хамгийн зөв шийдэл бол технологи юм. Авлига нийгмийн хорт хавдар болтлоо бүрэлдэн бий болсон. Хорт хавдрын оношилгоо эмчилгээнд нарийн технологийг ашигладагтай адилаар авлигыг бууруулахад технологийг ашиглах зайлшгүй шаардлага үүсэж байна. Технологийн давуу тал нь зөвшөөрөл хүсэж байгаа иргэнээс танил тал, авлига нэхэхгүй. Муухай аашилж, хүнд суртал гаргахгүй. Чөлөө авч ажил цалгардуулахгүй, утсаа салгаж алга болдоггүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn