“Зууны мэдээ”сонины тоймч Базарбямбын Нямсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаас мэдээлж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн зэрэгцээ хэд хэдэн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн байгууллагын 54 дэх дээд хэмжээний уулзалт, Олон улсын шүүхийн, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалтууд болж байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.
- Та салбарын сайдын хувьд энэ удаагийн Ассамблейн гол онцлогийг дүгнэж хэлэхгүй юу?
- Энэ удаагийн хурлын гол онцлог бол цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл болон геополитикийн амаргүй нөхцөл байдлыг илүү анхаарч онцгойлон ярьж байна. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерришийн илтгэлд хөндөгдсөн гол санаа бол “Бид өнөөгийн амаргүй, зөрчил маргаантай цаг үеийг хурдан дуусгах хэрэгтэй. Ийм цаг үед эв нэгдлийг илүү чухалчилж, тулгараад байгаа сорилтыг богино хугацаанд яаж даван туулах вэ гэдэг дээр шинэлэг арга барилаар цаг үе нөхцөл байдалдаа таарсан шийдэл гаргах зайлшгүй хэрэгтэй. Мөн энэ амаргүй нөхцөлд хэн нэгнийг буруутгаж болохгүй. Нөгөөтэйгүүр хэн нэг нь түрүүлж буулт хийхийг хүлээхгүйгээр эв нэгдэлтэй асуудлаа шийдээд явъя гэж дэлхий дахинд уриалсан.
Дэлхийн II дайны дараах бас л ийм зөрчил маргаантай хүнд хэцүү үед НҮБ анх байгуулагдаж байсан. Түүн шиг НҮБ-ын үйл ажиллагаанд шинэчлэл хийх цаг болж, цаг үедээ нийцүүлж бодитойгоор асуудалд хандъя гэдэг гол мэссэжийг дэлхий дахинд өглөө.
-Тогтвортой хөгжлийн зорилго, Цаг уурын өөрчлөлт зэрэг тулгамдсан асуудлууд энэ удаагийн Ассамблейн гол сэдвийн нэг байлаа. Энэхүү уур амьсгал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой нэн яаралтай асуудлуудыг шийдвэрлэх гарц хайсан дээд хэмжээний уулзалтууд бас болж байна. Энэ талаар та ямар дүгнэлттэй байна вэ?
-Дэлхийн бүх оронд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж байгаа сөрөг нөлөөллүүдийг хэрхэн цаг алдалгүй хурдтай шийдэх вэ гэж гарц хайж байна. Ингэхийн тулд НҮБ ялангуяа хөгжиж байгаа орнуудтай хамтарч ажиллах, боломж бололцоог бий болгох нь зүйтэй гэсэн санааг өглөө. Мөн НҮБ-ын чуулганы үеэр өмнө нь дурдагдаж байгаагүй шинэ санаа гарч ирсэн нь хиймэл оюун ухааныг судалж хөгжүүлж байгаа байгууллагууд нэгдэх ёстой. Мэдээлэл солилцох, энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд НҮБ бүх талаар нээлттэй гэдгээ мөн илэрхийллээ. Энэ бол нэлээд шинэ сэдэв гэж харагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын дээд хэмжээний чуулганд гурав дахь удаа оролцож байна. Жил болгон бид нэлээд цаг үеийн мэдрэмжтэй, шинэлэг, манай Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үүрэг болоод амлалтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар тодорхой саналуудыг ярьдаг. Геополитикийн хувьд НҮБ-ын 78 дугаар чуулганы гол ярилцаж байгаа сэдэв болох Тогтвортой хөгжлийн зорилтууыг нэлээн тайлбарлаж ярьсан.
Онцлох 12 зорилгын хувьд бүхий л улс оронд биелэлт хангалтгүй, үлдсэн хугацаанд зорилтдоо хүрч чадах уу гэдэг нь өөрөө энэ зорилгын хамгийн том сорилт бэрхшээл болоод байгаа. Тэгэхээр яаж Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд санхүүжилтийн механизмыг оновчтой зөв байлгах вэ. Энэ дээр улс орнууд яаж хамтарч ажиллах вэ. Хөгжиж байгаа орнуудыг яаж илүү сайн дэмжлэг үзүүлэх вэ. Дараагийн долоон жилийн хугацаанд эрч хүчтэй, хурдтай, цаг үедээ нийцсэн бодит арга хэмжээнүүдийг авч Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө уриалсан уур амьсгалтай хурал боллоо. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд, бид бүс нутагтаа аюулгүй байдал, энх тайвны чиглэлээр ямар үр дүнд хүрч байгаагаа багагүй онцолсон. Тухайлбал, жилээс жилд өргөжиж байгаа “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бол үүний хамгийн том жишээ юм. Нөгөө талаар олон том хэмжээний айлчлалуудаар ямар үнэлэлт дүгнэлт өгч байна, дэлхий Монголыг яаж харж байгааг мөн хэлсэн үгэндээ онцолж байна. Мөн өнгөрсөн зургадугаар сард эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Монголд анх удаа зохион байгуулсан. Мөн ирэх жил манай улсад болох Дэлхийн эмэгтэйчүүдийн форумын талаар индэр дээрээс хэлсэн нь дэлхийн энх тайван аюулгүй байдал, уур амьсгал, жендерийн эрх тэгш байдал, хүнсний хангамж зэрэг дээр олон салбарт эмэгтэйчүүдийн, эмэгтэй лидерүүдийн дуу хоолойгоо нэгтгэж Олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмэр оруулах чиглэлд санаачлага гаргаж байгаагаа илэрхийлсэн.
-Та дээд хэмжээний уулзалтуудад оролцож, хэд хэдэн улсын Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийж байгаа гэсэн. Эдгээр уулзалтын үр дүнгээс хуваалцвал?
-Гадаад хэргийн сайдын хувьд маш олон салбар хуралдаан, хоёр талын уулзалтууд хийж байна. НҮБ-ын чуулганд бүх улс орны Гадаад хэргийн сайд нар ирдэг. Тиймээс НҮБ-ын чуулганы үеэр бид олуулаа уулзах, богино хугацаанд ч болов мэдээлэл солилцох, харилцаагаа өргөжүүлэх боломж байдаг. Миний хувьд өнөөдөр хоёр талын найман уулзалт хийлээ. Тэдний олонх нь урьд нь уулзаж байгаагүй сайд нар байлаа. Тийм учраас шинэ боломж бололцоо юу байна, шинээр хамтын ажиллагаа хөгжүүлэх, улсаа сурталчлах, ямар чиглэлээр хамтарч ажиллах боломж байна гэдэгт багагүй анхаарч байгаа. Мөн он дуустал хугацаанд болох өндөр дээд хэмжээний айлчлалын бэлтгэлийн хүрээнд ажлууд хийж байгаа. НҮБ-ын 193 орны 40 гаруй нь эмэгтэй Гадаад харилцааны сайдтай. Тэднийг оролцуулсан Феминист гадаад бодлогын групп гэж бий. Маш идэвхтэй ажилладаг. Тиймээс энэ чиглэлээр удахгүй томоохон арга хэмжээнд манай улсад болно. Энэ үеэр саяхан болсон эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын анхдугаар форумын үр дүнгээ танилцуулна. Мөн эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалт дээр хамтын ажиллагааныхаа талаар ярина.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 190 (7175)