“Зууны мэдээ”сонины тоймч Базарбямбын Нямсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаас мэдээлж байна.
Тогтвортой хөгжлийн зорилтын дээд хэмжээний чуулганаар үүдээ нээсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йоркийн цагаар мягмар гаригт эхэллээ. Ерөнхий санал шүүмжлэлд 140 гаруй улс орны төлөөлөл хүрэлцэн ирсний 100 орчим нь төрийн тэргүүний хувиар оролцож байгаа юм. Энэхүү Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байгаа улс орны төрийн тэргүүнүүд 15 минутын хугацаанд багтаж үгээ хэлж олон улсын сонорт дуулгах боломж олддог. Энэ утгаараа Ерөнхий санал шүүмжлэл нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн онцгой ач холбогдолтой чухал хэсэг юм.
Ерөнхий ассамблейд оролцож байгаа гэхээс илүү оролцоогүй улс орнуудын талаарх “жиг жуг” багагүй анхаарал татаж байгаа. Учир нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд багтдаг БНХАУ, ОХУ, Их Британи, Францын төрийн тэргүүн оролцоогүй “түүхэнд байгаагүй” НҮБ-ын хурал үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, Ши Жиньпин, В.Путин, Э.Макрон, Р.Сунакгүй Ерөнхий Ассамблей болж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамлейн хамгийн чухал буюу улс төрийн дээд хэмжээний уулзалт болдог учир Ерөнхий санал шүүмжлэлд дэлхий нийтэд онцгой ач холбогдол өгдөг. Өчигдөр эхэлсэн Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш нээж үг хэлсэн бөгөөд түүний дараа Бразил, АНУ, Герман, Япон, Колумб, Турк, Украин, Казахстан, Польш, Чех, Словени, Португаль, Йордан зэрэг орны төрийн тэргүүн, төлөөлөгчид үг хэлсэн юм.
Бид дэлхийн улс орнуудын зарим удирдагчдын хэлсэн үгсийг тоймлон хүргэж байна.
Гутерриш: НҮБ-ын гишүүдээ, Аюулгүйн дүрмээ санаарай
Ерөнхий санал шүүмжлэлийг нээж хэлсэн үгэндээ Антонио Гутерриш Ерөнхий нарийн бичгийн дарга Тогтвортой хөгжлийн зорилтод аюул сорилт тулгарч байгааг дурдахын зэрэгцээ олон улсын харилцааны ээдрээт асуудал, геополитикийн хуваагдал цаашид дэлхий дахинд ямар хортой уур амьсгал авчраад байгаа сөрөг үр дагаврыг илүүтэй хөндөж анхаарууллаа. Ялангуяа НҮБ-ын дүрэмд захирагдах ёстой улс орнууд үүргээ биелүүлж, энх тайванч байх ёстойг санууллаа. Мэдээж дэлхий нийтийн эдийн засаг санхүүгийн хямралд ч энэ бүхэн голлох буруутан болоод байгааг цохон тэмдэглээд “Энэ их хуваагдал эцэстээ эдийн засаг санхүүгийн асар том хямралыг л бий болгож байгааг бид харж байна” хэмээн хэд хэдэн удаа анхааруулав.
Бразилын ерөнхийлөгч Лула Да Силва: Тогтвортой хөгжлийн 18 дахь зорилго нь арьс өнгөний үзлийг халахын төлөө байгаасай
Жил бүрийн Ерөнхий санал шүүмжлэлээр Бразилийн төрийн тэргүүнүүд хамгийн эхэнд үг хэлдэг бичигдээгүй “хууль” байдаг. Энэ жишгийн дагуу Бразилийн Ерөнхийлөгч Лула Да Силва эхэнд үг хэллээ.
Тэрбээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарах шаардлагатай байгаатай санал нэгдэхийн зэрэгцээ 18 дахь зорилтыг дэвшүүлэв.
•Уур амьсгалын өөрчлөлтийн энэ их хямрал "бидний хаалгыг тогшиж, ахан дүүс, тэр дундаа нэн ядууст илүү их хохирол учруулж байна.
•Дэлхий улам бүр тэгш бус болж байна. Хамгийн баян 10 тэрбумтан хамгийн ядуу 40 улсаас илүү хөрөнгөтэй байна."
•Би Бразилийн Ерөнхийлөгчийн нэр хүндтэй албан тушаалыг хашиж байгаа минь ардчиллын ач тус юм.
•Бразил Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх амлалтаа хэрэгжүүлэхийг хичээж байна.
•Тогтвортой хөгжлийн 18 дахь зорилго нь арьс өнгөний тэгш байдлыг хангахын төлөө байгаасай гэж хүсч байна.
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден: Хиймэл оюун ухааны ололт амжилтаас гадна сөрөг нөлөөг анхаарах хэрэгтэй байна
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орноос АНУ төрийн тэргүүний хувиар оролцож байгаа бол манай хоёр хөршөөс гадна Их Британи, Францын хувьд Гадаад харилцааны сайд нар оролцож байгаа нь энэ удаагийн Ерөнхий санал шүүмжлэлийн бас нэгэн онцлог болон бичигдэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден:
•Ямар ч улс үндэстэн өнөөгийн адармаатай цаг үед ганцаараа тэмцэх учиргүй.
•Дэлхий дахинд байсаар байгаа ядуурал, хоол хүнсний асуудал, улс төрийн нөхцөл байдал зэрэг нь шийдэж болохгүй асуудал ерөөсөө ч биш бөгөөд үүний төлөө бид хамтдаа зогсох ёстой.
•Хиймэл оюун ухааны ололт амжилт асар их хэдий ч хор хөнөөл, сөрөг тал нь ч багагүй гэдгийг бид харж байна. НҮБ энх тайвныг сахин хамгаалж, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ шинээр гарч ирж буй технологи, түүний дотор хиймэл оюун ухааны ашиг тус, сөрөг нөлөө аль алиныг зохицуулах ёстой.
•Уур амьсгалын өөрчлөлт гэдэг бодитой бөгөөд анхаарахгүй байж болохгүй чухал асуудал гэдгийг бид Ливид болж байгаа үеийн гамшгаас тод харж байна. Тиймээс “Парисын гэрээ”-гээр хүлээсэн 100 тэрбум ам.доллар босгох үүргээ биелүүлэхийн төлөө энэ жил илүү сайн хичээл зүтгэл гаргах шаардлагатай байна.
•Хүний эрхийн түгээмэл тунхаглал одоогоос 75 жилийн өмнө батлагдсан ч ялгаварлан гадуурхалттай тэмцэх шаардлагатай хэвээр байсаар байна.
Украины ерөнхийлөгч В.Зеленский: ОХУ-ын үйлдлийг би “геноцид” гэж нэрлэнэ
•Орос улс хүнс, эрчим хүч зэрэг хүний үндсэн хэрэглээгээр “зөвхөн манай улсын эсрэг төдийгүй бүх улсын эсрэг” зэвсэглэж байна.
•ОХУ цөмийн зэвсгээр айлгаж байна. Сирид хэрэглэсэн химийн зэвсэг ОХУ-аас гэдэг нь гарцаагүй гэдэг нь ойлгомжтой.
•ОХУ-ын террорист групп хүүхдүүдэд аюул заналхийлэл учруулахдаа ч юман чинээ бодохгүй байна. Олон гэм зэмгүй хүмүүс, хүүхдүүд Оросоос болж хохирч байна. Тэд хүүхдийг хулгайлж байна. Гэр бүл энэ дайнаас болж салж, Орост хулгайлагдсан гэм зэмгүй хүүхдүүд гэр бүлээсээ хол өсч байна. Тэд украйнуудыг үзэн ядаж өсч байна. Нэг үндэстэн бие биенээ үзэн ядах болсон энэ бүхнийг би геноцид гэж би нэрлэнэ.
•Олон улсын бүх дүрэм журмыг ОХУ зөрчиж байна.
Туркийн ерөнхийлөгч Р.Эрдагон: Дайнд ялагч байдаггүй
•Хоёр улстай аль алинтай нь энх тайванч харилцаатайн хувьд ОХУ, Украиныг эвлэрлийн ширээний ард суулгахыг хүсч байна.
• Дайнд ялагч гэж байдаггүй, дайныг зогсооход ялагдагч гэж байхгүй юм.
•Бид Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын үндсэн дээр дипломат харилцаа, яриа хэлэлцээ хийх замаар дайныг зогсоох хүчин чармайлтаа эрчимжүүлэх болно” гэжээ.
•НҮБ-ын Аюулгүйн зөвлөл таван гишүүнтэй ч дэлхий таван улсаас илүү том гэдгийг бид мартаж болохгүй.
•Европын холбоо Туркийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Европын холбоонд Туркийг элсүүлэх асуудлыг ойрын үед шийднэ гэж хүлээж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 188 (7173)