Н.ЖАРГАЛМАА

 

Есдүгээр сарын 20-ны өдөр МҮХАҮТ-ын 21 дэх удаагийн ээлжит их хурал зохион байгуулагдана. Танхимын Хяналтын зөвлөлөөс өнгөрсөн дөрвөн жилд танхимаас гаргасан шийдвэр тушаалууд алдаа дутагдлыг дүгнэж цаашдын авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд анхаарах зүйлтэй холбоотой санал бодлыг илэрхийллээ.

 

МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн гишүүн Г.Хонгор:

-МҮХАҮТ бол төрийн хуультай Монголын хамгийн том төрийн бус байгууллага. Хувийн хэвшлүүдийн төлөөлөл болсон энэ байгууллагын үйл ажиллагаа хангалтгүй байна. Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлууд дээр тодорхой байр сууринаас авч хэрэгжүүлсэн бодлого дутдаг. Танхим өөрөө худалдаа, аж үйлдвэрлэл эрхлэгчидтай хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай. Гэтэл танхимаас гарч хэрэгжүүлж байгаа бодлого зохицуулалтад ЖДҮ эрхлэгчид хамрагдаж чадахгүй байна.

Тухайлбал, самрын экспортын гарал үүслийн гэрчилгээ нэрэн дор танхимын удирдлагууд оролцсон. Гэтэл өнөөдөр юу болоод өнгөрсөн нь тодорхойгүй. Монголын хөрсөн дээр ургаж боловсруулагдаж байгаа самрын экспортыг Хятадын тал цуцалсан гэх бичиг өгсөн. Энэ бол маш харамсалтай асуудал. Махны экспортын асуудал мөн адил, малчид ААН-үүд хамтран үйл ажиллагаа хэрэгжүүлж экспортлохоор зорьж байна. Гэтэл зуучлагчийн үүрэг бүхий танхим маш хариуцлагагүй оролцож байна. Танхим ердөө томоохон компаниудад ашигтай байдлаар ажиллах болсон гэх хардлага төрж байна. Энэ мэтчилэн асуудлууд байна үүнийг энэ удаагийн сонгууль авч хэлэлцээсэй анхаарч алдаа дутагдлаа засаасай хэмээн хүсэж байна” гэлээ.

МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баянмөнх:

-МҮХАҮТ-ын удирдах зөвлөл ээлжит болон ээлжит бус аль ч хуралдаанд биднийг оролцуулаагүй өнөөдрийг хүрлээ. Олон улсын хэмжээний уулзалт томилолт танилцуулдаггүй. Ийм учраас холбогдох дүрэм журмыг өөрчлөх саналыг хүргэлээ. Өнөөдрийн байдлаар дотоод аудитаар ажилах нөхцлийг бүрдүүлээгүй. Танхимын хаалга бидэнд хаалттай. Шаардлагатай албан бичгийг үүднээс нь хүлээлцэж өгдөг ийм нөхцөл байдалтай ажилласаар ирсэн.

МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Отгонбаяр:

-Хяналтын зөвлөлийн гишүүд их хуралд тайлангаа тавих ёстой. Гэтэл хуралд биднийг оруулах эсэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)