Базарбямбын НЯМСҮРЭН

 

Бороо шивэрсэн Нью-Йоркийн өглөө. Зочид буудлын хаалгаар гарч, газар доорх галт тэрэгний буудал руу дөхөх тусам хаа нэг тийш яаран зөрөх хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Нью-Йоркийн хамгийн хөл ихтэй хэсэг болох Манхэттэн дүүргээс холгүй НҮБ-ын Төв байр бий.

42 дугаар гудамж, хоёрдугаар өргөн чөлөөний уулзвараас эхлэн зам хааж цагдаагийн машинууд эгнэн, буутай цагдаа нар хамгаалалтад гарчээ. Мэдээж дэлхийн улс орнуудын удирдагчид, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирж байгаа учир өндөр зэрэглэлийн хамгаалалттай байгаа нь уугуул хотынхонд байдаг л зүйл юм. “Есдүгээр сар ийм л байдаг юм” гэж зочид буудлын үүдний хүлээн авагч эмэгтэйн хэлснийг санан “Нээрээ л бүх дэлхийн удирдагчид цуглаж чуулдаг болохоор аргагүй биз” хэмээн бодсоор шүхрээ дэлгэн НҮБ-ын байр руу алхлаа.

Есдүгээр сарын энэ өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган болдог учир завгүй энэ хотынхныг улам их хөдөлгөөнд оруулдаг. Үүн дээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо өргөж байгаа жагсагчдын эсэргүүцэл ч багагүй “хувь нэмэр” болж байгаа нь илт.

Хаа сайгүй, байгаль дэлхийгээ аварч, хайрлаж үр хойчдоо үлдээхийн чухлыг илэрхийлсэн уриа лоозон барьсан жагсагчид гудамжаар алхах аж.

Дэлхийн 193 орныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын Төв байрны гадаах талбайд гишүүн орнуудын далбааг хүндэтгэлтэйгээр залсан нь салхинд найган угтав.

Олон улсын аль ч том арга хэмжээнүүдээс илүүтэйгээр жил бүр болдог НҮБ-ын Ерөнхий Ассамблейн болон Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтыг газар дээрээс нь мэдээлнэ гэхээс битүүхэндээ догдолсоор “Хэвлэл” гэсэн хаягтай цагаан асрын хаалгыг татлаа.

Хэвлэлийнхэнд зориулсан хэд хэдэн түр павилионыг урьдчилан бэлтгэжээ. Тэнд байх олон дэлгэцээр өөрийн сонирхсон хэлэлцүүлэг, хурлуудаас сонгож мэдээллээ авахаас гадна зарим үед хэвлэлийн хуралд орох нь нээлттэй. Бусдаар НҮБ-ын байранд дуртай газраа хүссэн хүнээ дуудаж авчираад “байцаана” гэж үгүй.

Хаа сайгүй албаны хувцастай ажил хэрэгч хүмүүс дуу тусгаарлагч хавтангаар тусгаарлан тусгайлан зассан жижиг павилионуудад албан уулзалт хийж байв.

Сонирхуулахад, Ерөнхий Ассамблейг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаггүй. Жил бүрийн чуулганыг даргалах Ерөнхийлөгчийг улс орны байнгын төлөөлөгчдөөс сонгодог журамтай. Энэ жил Тринидад ба Тобаго улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Дэннис Францис Ерөнхий Ассамблейг удирдахаар сонгогджээ. Тэрбээр Тогтвортой хөгжлийн зорилтын дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “2022 оны байдлаар дэлхий дээр 1.2 тэрбум хүн ядуу, тэр дундаа 680 сая хүн өлсгөлөнгийн байдалд байна” гэсэн харамсалтай тоо баримтыг дуулгалаа.

78 дахь Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Дэннис Францисын дараа бидний “эчнээ” танил, өнгөрсөн жил манай улсад айлчилсан Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутерриш Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уузалтад зориулсан нээлтийн үгээ хэлэв.

“Тогтвортой хөгжлийн зорилгыг баталснаас хойш амлалт өгсөн цаг хугацаа талдаа ороод байгаа ч биелэлт нь дөнгөж 15 хувьтай байна. Бид үүнийг хурдасгахын төлөө улс орон төдийгүй, иргэн бүр үйлдэл хийх хэрэгтэй байна” хэмээн тэрбээр дэлхий нийтэд уриаллаа. Мөн "Тогтвортой хөгжлийн зорилт бол зүгээр нэг зорилгын жагсаалт биш. Энэ бол дэлхий дээрх хүн бүрийн итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, тэдний хүн байх эрхийг агуулсан цогц ойлголт юм. Энэ жил Хүний Эрхийн Түгээмэл тунхаглалын 75 жилийн ой тохиож байна. Тогтвортой хөгжлийн зорилт бол Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг биелүүлэхэд биднийг хамгийн сайн чиглүүлж өгөх зам юм. Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилгыг аврах дэлхий нийтийн төлөвлөгөө хэрэгтэй байна” гэлээ.

2030 он хүртэл дэлхий нийтээр хамтдаа, тогтвортойгоор хөгжихөө амлаж байсан 2015 оноос хойш хэдий найман жил өнгөрсөн ч Тогтвортой хөгжлийн зорилго хангалттай хэмжээнд биелээгүй байна. Олон улс оронд зорилтууд хүрч байсан үр дүнгээсээ ухарсан үзүүлэлттэй байгаа юм. Мэдээж үүнд дэлхий дахинд нүүрлэсэн цар тахал, эдийн засгийн сорилт, инфляцын өсөлт, олон улсын геополитикийн амаргүй нөхцөл зэрэг нөлөөлөх хүчин зүйл мундахгүй их. Гэвч эдгээрийг “шалтаг” болгон тоочсоор байх уу эсвэл үйлдэл болгож урагшлуулах уу гэдгээ хэлэлцэх ёстой хэмээн НҮБ-ын тэргүүн үзэж байна. Тиймээс ч энэ жилийн Ерөнхий Ассамблейн чуулганаар дээрх 17 хөгжлийн асуудлыг онцгойлон хэлэлцэж, дээд хэмжээний чуулган зохион байгуулж байгаа нь энэ.  Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ядуурлыг бууруулах, ардчиллыг бэхжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, хүйсийн тэнцвэргүй байдлыг арилгах зэрэг 17 зорилгыг хэрэгжүүлэхийг хурдасгах зорилготой НҮБ-ын тунхаглалыг Ерөнхий Ассамблейн дараа эцэслэн батлах нь зүйтэй гэсэн саналыг ч А.Гутерриш Ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ-ын индрээс санаачлав.

 

“Үйлдэл хийцгээе”

 

Тогтвортой хөгжлийн зорилгын дээд хэмжээний уулзалтын нэгэн гол уриа нь “Үйлдэл хийцгээе”. Заримдаа эдгээр зорилгыг хэрэгжүүлэх нь зөвхөн НҮБ түүний харьяа байгууллага, улс орнуудын Засгийн газар зэрэг “албаныхны” ажил гэж өрөөсгөлөөр ойлгох тал бий. Тэгвэл энэ нь эсрэгээрээ хүн бүрийн үүрэх ёстой хариуцлага юм гэдгийг аль ч салбарын оролцогчид дахин дахин хэлж байлаа. Тиймээс ч нийгмийн сайн сайханд уриалсан иргэний нийгмийн төлөөллүүд, амжилттай түүхийн эзэд, сайн дурынхан, уран бүтээлчид урлаг соёлынхон ч Тогтвортой хөгжлийн чуулганы эхний өдөр олноор цуглажээ.

Бидний сайн мэдэх жүжигчин Натали Портман тэдний нэг нь болж өөрийн түүхээсээ хуваалцсан юм. Тэрбээр хөлбөмбөгийн эмэгтэй багийг санаачлан байгуулжээ. “Миний хүү нэг өдөр зурагт үзсэнийхээ дараа эмэгтэйчүүд ч бас хөлбөмбөг тоглож чадна биз дээ” гэж асуусан нь надад жендэрийн мэдрэмжтэй ажиллахад хамгийн том түлхэц болсон. Тэр асуултын дараа би эмэгтэй хөлбөмбөгийн баг байгуулж яагаад болохгүй гэж бодож эхэлсэн” хэмээн жүжигчин бүсгүй ярьж байв. Энэ нь эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгыг бодитой ажил болгоход сайн жишээ болсныг салбар хэлэлцүүлгээр сайшааж байлаа.

Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулганд Герман, Швед, Дани, Чех, Казахстан, Доминика зэрэг улс орны удирдагчид хүрэлцэн ирж өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн дүгнэлтийг олон нийтэд танилцууллаа.

 

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно

 

Ерөнхий Ассамблейн хүрээнд жил бүр төрийн тэргүүнүүдийн оролцдог Ерөнхий санал шүүмжлэл зохион байгуулагддаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр эхлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх оролцоно. Төрийн тэргүүн Кубад болсон Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн уулзалтаа дуусгаад АНУ-ыг зорьж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хамгийн гол хэсэг болох улс орны төрийн тэргүүн нарын оролцсон Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр улс орон бүрийн Тогтвортой хөгжлийн тайланг сонсч үнэлэлт дүгнэлт өгөн нэгтгэнэ. Мөн геополитикийн нөхцөл, эдийн засгийн бэрхшээл, сүүлийн үед өрнөөд байгаа олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, улс орны удирдагчид байр сууриа илэрхийлэх учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тогтвортой хөгжлийн зорилгыг Монгол Улсад хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай Үндэсний илтгэлээ санал шүүмжлэлийн хоёр дахь өдөр танилцуулах юм. НҮБ-аас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа үр дүнгээ 2030 он хүртэлх хугацаанд улс орон бүр хоёроос доошгүй удаа танилцуулах үүргийг хүлээсэн байдаг. Манай улс 2019 оны долдугаар сард НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад анхны тайлангаа танилцуулж байсан бол хоёр дахь удаагийнх нь энэ жил тохиож байна.

Ийнхүү дэлхий нийтэд амлалтыг нь сануулж, анхааруулах дохио өгсөн “Тогтвортой хөгжлийн зорилго” чуулганаар Ерөнхий Ассамблей үүдээ нээлээ. Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн оролцохоо мэдэгджээ. Харин одоогоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны хувьд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденаас бусад улс орны төрийн тэргүүн нар оролцохгүй, төлөөлөгчөө илгээх болсон нь багагүй анхаарал татаж эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)