Б.ГАРЬД
Н.Номтойбаяр гэж өөрийн гэсэн ааш аягтай улстөрч байдаг. МАН-ын гишүүн байв. НАМҮХ-ны ерөнхийлөгч ч байлаа. Явсаар УИХ-ын гишүүн болж, ХНХ-ын сайдаар ажилласан. Тэрбээр 2020 оны эхээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Намаасаа ч гарсан. 2020 оны нэгдүгээр сард шиг санаж байна, Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхөөр хэлэлцсэн ч мань эр түрүүлээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөж байв. Тэгэхдээ “...Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Гэхдээ би улс төрөөс гарахгүй" гэж мэдэгдэв.
Мөн “...Өчигдөр МАН-ын удирдлагууд, Хяналтын хорооны дарга намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хөөх тухай шийдвэр гаргаснаа танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын дүрэмд заасан зүйл заалтыг зөрчсөн тул намын гишүүдээсээ уучлалт гуйя гэж саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр би өчигдрөөс МАН-ын гишүүн биш сул гишүүн болсон. Мэдээж би удаа дараа өөрийн биеэр хүлцэл өчсөн. Мөн зөвхөн нам хариуцлага хүлээгээд явах биш хуулиараа хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ дахин хэлье. Сая чуулганаар миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэж байгаад завсарлагаа авсан. Санал хураалт сая нууц явсан. Учир нь арванхоёрдугаар сарын 12-ны өдөр би нэг хэвлэлийн хурал хийсэн. Би та хэдээс зугтааж, гүйдэггүй. Зогсож байгаад л ярьдаг. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал тэр арванхоёрдугаар сарын хэвлэлийн хуралтай шууд холбоотой байх. Учир нь нууц задруулсан, садаа болсон гээд. Гаргасан хоёр шийдвэр нь сая хоорондоо зөрчилдчихсөн буюу тогтоолын төсөлд уначихсан. Аливаа шийдвэр гарна тэрийгээ УИХ-ын дэгийн тухай хуулиар заавал тогтоол гаргаж, хүчин төгөлдөр болгодог. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түрүү барьж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд садаа болж байна гэсэн ойлголтыг олон нийтэд хүргэж байна. Тийм зүйл байхгүй. Иймд миний бие өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барина.
Би ямар нэгэн шахалтад ороогүй. Энэ бол хувь улстөрчийн шийдвэр. Ингэж өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явуулж, харлуулаад буй олон зүйлсийн учир тайлагдана. Чөлөөлөгдөнө гэдэг чинь УИХ-аас явна гэсэн үг. Энэ шийдвэрийг би аль эрт гаргачихсан байсан. Магадгүй миний тэмцэж буйгаа илэрхийлэх нэг хэлбэр” гэж байсан юм.
Хавар нь УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн боловч баривчилж цагдан хорьсон. Тэгээд удалгүй шүүхээр орж шийтгүүлж явсаар 2021 эхээр Дээд шүүхээс нэг жилийн хорих ял шийтгүүлж, нийтийн албанд тохилогдох эрхээ хоёр жилээр хасуулсан. Түүнийг Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаан, ХЭҮЗ-ийн 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, их хэмжээний хохирол учруулсан гэж шийтгэсэн байдаг.
Тэгвэл саяхнаас “...Н.Номтойбаяр улс төрд эргэж ирэх гэж байна” гэсэн мэдээлэл тарах болсон. Ойрынхон нь ч үүнийг нотлов болов. Үнэндээ тэр улс төрд буцаж орж ирээд, удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой. Дээд шүүхийн тусламжтайгаар С.Баярцогтын нээсэн “хаалга” байгаа шүү дээ. Тэгэхээр Н.Номтойбаяр ч гэсэн яагаад болохгүй гэж?!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)