Д.ЦЭРЭННАДМИД

 

Булган аймгийн Тэшиг сум аймгийнхаа хамгийн хойд талынх. Монголынхоо  нутаг орны хэмжээнд газрын чээжинд оршдог гэж хэлж болохоор. Үүнийг  тодруулаад  хэлэх юм бол Сибирийн бүсэд хамаарагдах учир газар зүйн  байршил, уур амьсгалын хувьд онцгой сэрүүн. Тиймдээ ч иргэд, малчид нь  бас өвөрмөц амьдралтай юм. Энэ тухай тодотгохоор тус сумын засаг дарга Ж.Гансүхтэй ярилцлаа.

 

-Цаг үеийн болоод сум орныхоо ажил, амьдралыг ярихын чинь өмнө 2020 оноос хойш удирдлагыг гартаа авч ажиллаж байгаа та бүхний эрхэм зорилго юу вэ гэдэгт анхаарлаа хандуулъя гэж бодлоо?

-Бидний болоод Тэшиг гэдэг нэг цул хамт олны эрхэм зорилго гэвэл нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг орон нутгийнхаа нөөц боломж онцлог болон цаашлаад улс, аймгийн хэмжээний бодлого чиглэлтэй уялдуулан боловсруулж төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, тэгш хүртээмжтэй ханган ажиллана гэсэн бий.

Миний хувьд 2012 оноос 2016 он хүртэлх хугацаанд Засаг даргын албыг хашиж байлаа. Тэгээд дөрвөн жилийн завсарлагатайгаар дараагийн сонгуулиар Ардчилсан нам орон нутагт ялалт авснаар дахин Засаг даргаар ажиллаж байгаа хүн л дээ. Тиймээс өнгөрсөн хугацааны явцад сум, орныхоо ажил амьдрал, хөгжил өөрчлөлтийн өнгө төрхийг гайгүй мэддэг болсон гэж болно.

Энэ дотор сумын удирдлагын гол нэг чиглэл гэвэл иргэн төвтэй үйл ажиллагаа юм. Тэгэхээр ардчилал гэдэг чинь хоёр чиглэлтэй. Шууд ардчилал гэж байна. Тэгвэл бас төлөөллийн ардчилал гэж байдаг. Бидний баримталж байгаа бодлогын мөн чанар шууд ардчилалд хамаарах юм.

Удирдлагын онцлог нь аливаа шийдвэр гаргахад иргэн хүн биечлэн оролцдог байх гол зарчим энд үйлчилдэг гэж болно. Энэ ардчилсан нийгмийн дархлааг бий болгох үнэт зүйл.

Тухайлбал удирдлагын анхан шатны нэгжийн хүрээнд ярьвал багийн иргэдийн хуралдаанаар л тэр багт төр, засгийн шийдвэрт үндэслэн ямар ажил зохион байгуулах вэ гэдгийг иргэд өөрсдөө хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн үг. Багийн даргыг сум орны зүгээс бараг нэр цохоод гаргачихдаг байсан бол одоо малчид өөрсдөө дундаасаа нэр дэвшүүлж хэлэлцээд сонгодог болсон.

Цаашдаа малчдын хашаа хороо, сууцны байшинг барих, засварлах, ажлыг хийхдээ хэнийхээс эхлэхэв гэдгээс аваад багийн хурлаас  дараалал тогтоочихно. Бэлчээрийг хэрхэн ямар хуваарьтай ашиглах вэ гэдгийг ч ярилцаж шийднэ. Энэ л бүх ажил, үйл хэрэгт малчид оролцож байгаа иргэн төвтэй удирдлагын нэг хэлбэр.

Өмнө нь сум, багийн удирдах хүмүүс тэдгээр шийдвэрийг гаргадаг байсан үе бий. Тийм байхад шийдвэрийн дараа хэл үг, маргаан гардаг байв.

Тэгвэл багийн хурлаар малчид өөрсдөө шийдвэр гаргадаг болсноор огт өөр болсон шүү.

-Танай сумынхны эрхэм зорилгод төлөвлөлт, бодлогод нутаг орныхоо ард иргэдийн ажил амьдралын онцлогт түшиглэнэ гэсэн үг нэлээд тод сонсогдлоо. Энэ тухай тодруулна уу?

-Манай сум их онцлогтой л доо. Сум 70 гаруй мянган га газар нутагтай. Түүний 84 хувийг ой эзэлдэг.

Байгалийн унаган өнгө төрх энд бүрэн гэж болно. Үүлс нь дээшээ хаяа тэлсэн, уулс нь дээшээ тэнгэр тулсан гэж шүлэглэдэг дээ.  Тийм л сайхан нутаг. Сүүлийн жилүүдэд манай сумыг зорин ирэгсэд, сонирхогсод нэлээд олширч байна. Уулархаг өндөр газрын оршин суугчид өндөр насалдаг гэдэг. Үүнийг манайхны амьдралаас харж болно. Аймгийнхаа хэмжээнд хамгийн олон өндөр настантай сум манайх.

-Танай суманд буриадууд байдаг. Тэдний ажилсаг, өвөрмөц амьдралын хэв маяг бас онцлог, гэж хэлэх байх л даа. Та...?

-Тэгэлгүй яахав. Тэшигийнхэн ажилсаг гэдэг нь олон талаар харагддаг. Айл бүхэн сүү цагаан идээгээ боловсруулахаас эхлээд өвөрмөц шүү дээ. Малчин өрх бүр сүүний машинтай. Сүүгээ саагаад 20 минутын дараа л масло, цөцгийгөө гаргаад  идчихнэ. Бас буриад айл бүр талхаа барина. Уул ус нь, ургамал ногоо нь тэгш сайхан нутагтай болохоор Эгийн голоор зааглагдаад отор нүүдэл гэж хийх шаардлага байдаггүй. Үүнтэй ч холбоотой байх малын хувьд жинхэнэ эрүүл бүсэд ордог. Тиймээс иргэд маань бүрэн эрүүл хүнс хэрэглэдэг нэг онцлог бий.

Басхүү эдийн засгийн гол салбар мал боловч нийт нутгийн 80 гаруй хувь ой эзэлдэг учир бэлчээр хомсдолтой. Үүний учир малаа өсгөхөд боломж тааруу. Сумын дүнгээр 98 мянган толгой малтай. Сүргийн бүтэц гэвэл үхэр, адуу голлодог. Бог мал цөөн. Түүнийг дагаад мянгат малчин гэхэд олонгүй.

Бид энэ байдалд түшиглээд үхрээ өсгөхөд анхаарч байна. Цаашдаа үхрийн аж ахуйг ямар нэг хэлбэрээр хөгжүүлэх чиглэл барьж байгаа.

Тэгээд ч зургаан тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр сүү, тосны үйлдвэр баригдаад бараг дуусч байна. Ирэх аравдугаар сард үйлдвэрийн барилга ашиглалтад бэлэн болно.

Цаашдаа энэ үйлдвэрээ түшиглэн үхрийн фермтэй болох болов уу.

-Ямар хүчин чадалтай үйлдвэр босч байгаа юм бэ. Тэр чинь?

-Техникийн хүчин чадлын хувьд одоогоор ТЭЦҮ-д нь тодорхой тусгагдаагүй. ОХУ-аас  дотоод машин техникийг авах зорилготой. Үүний дараа л үйлдвэрлэлийн хүчин чадал нь ийм байх юм гэж хэлэх боломж гарч ирнэ байх.Уг нь сумын хэмжээний сааль сүүг бүдүүвчхэн үзэхэд 40-өөд мянган литр сүү өдөрт авах тооцоо байдаг.

Тэгэхээр сүү, тосны үйлдвэр маань өдөрт 20 мянган литр сүү боловсруулдаг байж болох байх гэж төсөөлж байна л даа. Ер нь Тэшигийнхэн сүү, цагаан идээгээр гоц юм шүү. Би дээр манайхан эрүүл хүнс хэрэглэдэг гэж хэлсэн дээ. Үүнтэй холбоотойгоор нэмж хэлэхэд ой хангай нутагт байдаг бүх л төрлийн жимс бий. Түүнийгээ олон талаар хүнсэнд хэрэглэдгийн нэг нь янз бүрийн эмийн ургамал, зарим жимсийг буцалгаад цай, унд болгож хэрэглэнэ. Энэ бас нэг онцлог. Даангүй Эрэн багийн буриадууд тун өвөрмөц амьдралтай даа.

-Буриадууд ажилсаг тэр дотроо хадлан бордоо авахдаа тун гаргуун гэдэг дээ?

-За тиймээ. Хадлангийн хувьд үлгэр жишээч ажиллагаатай л даа. Ямартай ч хадлангийн талбай хайх юм даанч байхгүй. Өвөлжөө, хаваржааныхаа дэргэдээс л хүрэлцээтэй хадлангаа авчихна.

-Газар тариалангийн хувьд...?

-Сумын эдийн засгийн нэг гол салбар бол газар тариалан юм л даа. Сумын дүнгээр 9000 га талбайд 20-иод аж ахуйн нэгж, 18 иргэн газар тариалан эрхэлж байна. Ургац алдана гэж байхгүй ээ. Яагаад гэвэл уулархаг нутгийн хөрс маш сайн. Өндөр уулсын нөмөр нөөлөг их учир салхи шуурганд эрсдэл үүснэ гэж бараг байхгүй нэг онцлог бий.

-Аялал жуулчлал хөгжүүлэхэд  хэр анхаарч байна вэ?

-Сум хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөндөө аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр тодорхой заалтууд тусгасан нь бий. Манай нутгийн байгалийн сайхан гадна, дотны хүмүүсийн анхаарлыг их татдаг шиг байгаа юм.

Энэ байдлыг ухаалгаар ашиглах нь чухал гэж боддог. Сүүлийн хоёр жилд гэхэд 10-аад амралт, жуулчны баазтай болоод байна. Аймгийнхаа хамгийн томд тооцогддог Харгал нуур орчим бол тун үзэсгэлэнтэй газар, зундаа нүүдлийн зүсэн зүйлийн шувууд ирчихнэ. Эргэн тойрны сүрлэг уулс, унаган сайхан ой мод. Тэр бүхэн харахад л алжаал тайлагдам. Энд нэг ирсэн аялагчид, жуулчид дахиад ирэх сэтгэгдэлтэй буцдаг юм билээ.

Харин аялагч, жуулчид олон ирэхтэй уялдаад байгалиа хамгаалах менежмент их чухал.  Тиймээс амрагчдад аятай таатай орчин бий болгох ёстой. Үүний тулд нутгийн иргэдийн оролцоотойгоор отголох цэг хоёрыг барьж тохижуулсан. Яг амралт жуулчны бааз барихад газрыг дуудлага худалдаагаар өгөх болно. Энэ талд нутгийн иргэд хөрөнгөтэй том компанитай өрсөлдөх чадвар сайнгүй учир шалтгаан бас бий. Тиймээс өөр газрын хөрөнгө оруулагчдын царайг харах нэг учир гардаг юм билээ.

-Бүтээн байгуулалтын ажил хэр ахицтай байна вэ?

-Яахав хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шигээр өөрийн бололцоонд түшиглэн хийж бүтээж байгаа юм нэлээд бий.

Бид иргэддээ хүрч үйлчлэхийг чухалд үздэг. Энэ дотор чинь төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхээс эхлээд тэднийхээ хөдөлмөрлөх эрхийг хангах, амьдрал ахуйг дээшлүүлэх бүх зүйл хамаарагдана. Иргэн бүр тохилог аюулгүй орчинд амьдрах бололцоог бүрдүүлэх учиртай. Ийм л зорилгын төлөө бид ажилладаг. Сүү, цагаан идээний үйлдвэр баригдаж байгаа тухай дээр хэлсэн. Аймгийн төсвөөр спортын томоохон заал баригдлаа.

Энэ зааланд болж байгаа анхны арга хэмжээ нь үндэсний бөхийн өсвөр үеийнхний аймгийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Сумын төвийн байгууллагууд нэгдсэн халаалтад хамрагдаад амжсан. Цаашлаад сумын төвдөө хот газрынх шиг тохилог амьдрах нөхцөл бий болгох ажил цаашдаа өргөжинө.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамбын нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургууль, Ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит Эрүүл мэндийн төв, Хүүхдийн “Бялзуухай” цэцэрлэг гээд тогтвортой үйл ажиллагаатай байгууллага олон.

Манай сум аймагтаа жишиг сумын нэг гэж нэрлэгддэг бол хэтийн зорилго маань Улсын тэргүүний сум болохын төлөө ажиллаж байгаа юм.

-Боловсролын түвшинг ахиулах талаар хэр анхаардаг вэ?

-Боловсрол гэдэг бол ирээдүйг бүтээн байгуулах гол хүч. Тиймээс манай аймаг “Шинэ багш-Монголын ирээдүй” гэсэн бодлого дэвшүүлсэн. Энэ нь багшийн хангамжийг хөдөөд нэмэгдүүлэх цаашлаад төгсөгчдийн сурлагын түвшинг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

Сумын хэмжээнд сурлагын түвшин ахисан үзүүлэлттэй яваа. Багшийн хангамж тун гайгүй. Өнөөдрөөр ярихад химийн багш дутагдалтай гэсэн яриа бий. Сумын нэр дээр гадаадад суралцаж байгаа хоёрын зэрэг хүүхэд сонгогдсон. Тэд сургуулиа төгсгөөд нутагтаа ирж ажиллах гэрээтэй юм.

Тэдний сургалтын төлбөрийг аймгийн гадаад хамтын ажиллагааны шугамаар шийдэж байгаа юм билээ.

-Танай сум аймагтаа ажлын түвшингээр хаана нь жагсдаг юм бэ?

-Манай сум 2015 онд аймгийн 16 сумаас гуравт ордог байсан. Тэгвэл өнгөрсөн оныхоо ажлаар мөн гуравдугаар байраа алдаагүй л гарсан. Мөн аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний хэрэгжилтээр хоёрдугаар байр бас тэрбум мод тарих хөдөлгөөн, аялал жуулчлалын ажлын зохион байгуулалтаар гуравдугаар байр эзэлж байлаа.

Энэ нь сумын ажлын, амьдралын түвшин тогтвортой байгаагийн илрэл гэж үзэж болох байхаа.

-Гэрэл цахилгаан жаахан тасрангуй байх юм гэж харагдлаа?

-Эрчим хүчний хувьд жаахан хомсдолтой. Өнөөгийн ашиглаж байгаа шугамын хүчдэл тааруугаас үйлдвэр, үйлчилгээгээ өргөжүүлэхэд учир дутагдал гардаг. Харин одоо улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа 35 кВт-ын өндөр хүчдэлийн шугам ирэх жилээс ашиглалтад орохоор хомсдол арилна байх. Нутаг орон өндөр уул, даваа ихтэй болохоор холбоо харилцааны сүлжээ доголдонгуй талтай. Үүнийг бид сайжруулахад анхаарал хандуулж байна.


Тэшиг сумын эрт, эдүгээгийн үүх түүхийг ярих юм бол бүр эртнээс эхлэх болно. Харин хэд нүүдэллэсний дараа одоо байгаа Жаргалантын бор толгойн энгэрт суурьшсан. Эндээс шинэ үеийн түүхээ дэлгэдэг юм билээ.

Сумын төвийн хойд руу гарахад энэ нутгийн зарим гол бахархлыг мэдэж болох юм. Нэг дэнж дээр нутаг орондоо алдартай Шагдарын хурдан хээр морины, жаахан наашилбал дэнж нь хотойхгүй бол хазайхгүй гэж явсан Дугарын Очир зааны (нутгийнхан босоо аварга гэж нэрийддэг) хөшөөнүүд нүд булаах. Жаргалантын бор толгой дээр хүртэл ан амьтны нэг хаан гэгдэх хандгай биелэн зогсох дүр зураг харагдана. Газар нутгийн хувьд ой хөвч, сүрлэг өндөр уулын хангай. Тэр уулсын ам бүрээс нь булаг шанд, рашаан ус садарсан, Эг, Эрэн, Харлан, Төмрөн, Тарвагатай, Бургастай, Азарган гэх тэргүүтэй олон гол мөрөн, Харгал, Бухт, Ямаат, Хөх нуур гээд 30 гаруй нуур тэндхийн сүр жавхланг харуулж үлгэрийн мэт үзэгддэг. Монголдоо томхонд тооцогдох Харгал нуурын хөвөөгөөр явах зуур дөрөөн дороос хун шувуу дарцаглан, ангир хослон нисээд тэндэхийн зун намар нь таатай гэж.

Уул хашсан голын хөндийг өгсөхөд сүрэг мал нь алаглан тэр зүг дөхөх зуур буриад айлуудын дүнзэн байшин тэвхийж, эднийд буухсан гэх санаа төрүүлнэ. Малчин түмэн тэр дундаа Буриад зон зочломтгой юм. Тэдний намтар түүх хөгжилтэй паян, гэнэн цагаахан яриа нь цаанаа өрөм цөцгий шигээ амттай. Энэ нутгаар зорчих үед уулынхны намар будантай, бороо хуртай ч нэг л амар амгалан сайхан байлаа. Энэ нутагт нэг удаа ирсэн хүн дахиад ирэхгүй байхын аргагүй мэт ээ.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 185 (7170)