Сүрнээгийн УЯНГА
Сүхбаатар аймгийн иргэн газар нутгаа хамгаалж тэмцэхдээ нэгэн даргыг “бэртэгчин” гэж хэлээд цагдаад шалгагдав. Саатуулсан үндэслэл нь албан тушаалтныг доромжилсон гэж. Мөн цахим сүлжээнд төрийн өндөр албан тушаалтныг шоглож бичлэг эвлүүлсэн, хувийн сошиал хуудсандаа шүүмжилж байр сууриа илэрхийлснийхээ төлөө хуулийн байгууллагын хаалга сахидаг, улмаар торгох “ял” эдэлсэн эчнээ танил кейсүүд бий. Түүнчлэн “Утсан хүүхэлдэй” гэсэн сэтгүүлчид гомдохдоо нэр төрд халдлаа гээд цагдаад шалгуулж торгуулсан инээдтэй ч юм шиг тохиолдол гарсан. Уг нь бол эмгэнэлтэй л дээ. Ингэж хууль шүүхийн байгууллагаар дарамтлуулж залхаан цээрлүүлж иргэн, хэвлэл мэдээллийн байгууллагын үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилсон жишээ олныг бичиж болно. Эдгээр кейсүүд сав л хийвэл ардчилсан улс гэж цээжээ дэлддэг Монголын ардчиллын өнөөгийн дүр зураг, Олон улсын ардчиллын өдөрт барьж буй бидний бэлэг юм.
ИРГЭНЭЭ БИШ ЭРХ БАРИГЧДЫГ ӨМГӨӨЛСӨН МОНГОЛЫН АРДЧИЛАЛ
Наанаа монголчууд хэтийдсэн ардчиллыг эдэлж байна гэдэг ч мөн чанар, ардчиллын гол хэмжүүрээр нь авч үзвэл гажуудсан гэсэн дүн гардаг. Маш товчхоноор бол Монголын ардчилалд аюул учирчээ гэдгийг гадна, дотны судалгаанууд харуулж, НҮБ зэрэг байгууллагууд хүний эрхийн зөрчлөөр “хар” тамга дарахдаа тулсан. Economist Intelligence Unit жил бүр ардчиллын индексийг гаргахдаа дэлхийн 167 орныг 10 хүртэлх оноогоор үнэлж, бүрэн, гажуудсан ардчилал, хосолмол, авторитар дэглэм гэсэн ангилалд хуваагдах нэлээн урт жагсаалтаар эрэмбэлдэг. Хамгийн сүүлийн буюу 2022 оны тайлангаас нь үзэхэд 24 улс бүрэн ардчилсан хэмээх ангилалд багтжээ. Энэ индексээр дэлхийн хамгийн ардчилсан 15 орныг Норвеги, Шинэ Зеланд, Финланд, Швед, Исланд, Дани, Ирланд тэргүүлэв. Харин Монгол Улс 6.35 оноогоор 167 орноос 66-дугаарт жагслаа. Энэ нь өмнөх жилийнхээсээ дөрвөн байраар ухарсан үзүүлэлт бөгөөд бүрэн биш, харин гажуудсан ардчилал гэх ангилалд орсон. Бид ардчиллын амин сүнс болох чөлөөт, шударга сонгууль, хууль дээдлэх ёс, иргэний эрх чөлөө, улс төрийн оролцоо зэрэг үзүүлэлтээр “муу” дүн авчээ. Өөрөөр хэлбэл, ардчиллын чухал хэмжүүр бол бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонх, цөөнх байхаас үл хамааран иргэн бүрийн эрх чөлөөг хамгаалах юм. Харин энэ амин сүнсийг дордуулж ардчилалд аюул учруулж байгаа зүйл нь иргэнээ хууль шүүхийн байгууллагаар дарамтлах, айдаст автуулах үйлдэл буюу Эрүүгийн хуулийн төсөлд бичигдэж орж ирээд байгаа доромжлох заалт. Эрх баригчид доромжлох заалтыг хуульд оруулахаар улайрч байгаа нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумьж байгаа. Мөн иргэний нийгмийн зүтгэлтнүүдийг мохоох, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй башир арга гэдгийг хуульчид ярьсаар анхааруулсаар байна.
Иргэдийнхээ шүүмжит сэтгэлгээ, бодитой мэдээлэл авах эрхийг хянаж буй энэ үйлдэлд дэлхий нийтээр манайхыг “Эрх баригчид нь шүүмжлэлийг үл тэвчих хандлага давамгайлж байна” гэж дүгнэсэн нь ч ийм учиртай.
“Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоох үр дагавартай. Доромжлох гэмт хэргийн обьект нь тухайн хүний нэр төр, алдар хүнд байдаг тул хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан аливаа үйлдлийг доромжлох гэмт хэрэгт тооцож болохгүй” гэж хүний эрхийн мэргэшсэн хуульч Л.Галбаатар хэлсэн. Мөн хуульч О.Төрболд “Албан тушаалтнууд нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шүүмжлэлийг намжаах, хаахад урвуулан ашиглагддаг практик цөөнгүй байна. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний нэр төр, алдар хүндийн халдашгүй байх эрхийг хамгаалах, эдлүүлэх үзэл баримтлалаас илт хазайсан байж боломгүй явдал мөн” гэлээ. Тодруулбал,хүн өөрт нь таалагдаагүй тохиолдолд намайг доромжиллоо гээд хандах нөхцөл бий болж байгаа юм биш үү.
НҮБ: ЗАЛУУЧУУД БОЛ АРДЧИЛЛЫН ХАМГААЛАГЧИД
НҮБ төдийгүй, дэлхийн хөгжилтэй орнууд доромжлох, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах нь хэвлэлийн эрх чөлөө, иргэний үзэл бодлоо илэрхийлэхэд хамгийн том аюул заналхийлэл гэж үзэж байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжид “Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” гэж заасан. Үүнийг баталгаажуулж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46/105 тоот тогтоол гарсан.
ЮНЕСКО-гийн “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхийн чиг хандлага”-ын тайланд “гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүжүүлэх замаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах явдал дэлхий даяар нэмэгдэж байна. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус журмаар буюу хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орсон “доромжлох” гэмт хэрэгтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам, Хууль зүйн туслалцааны төв албан бичигтээ “доромжлох” гэмт хэргийн зохицуулалтыг хуулийн төслөөс хасах талаар санал өгч байжээ. Гэвч эдгээр мэргэжлийн байгууллагын саналыг үл хэрэгсэж Засгийн газраас дээрх хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлсэн нь “доромжлох” гэмт хэргээр дамжуулан Үндсэн хуульд баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх явдлыг зориуд хясан боогдуулах санаа, зорилготой гэж үзэхэд хүргэж байна гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж буйгээ илэрхийлсээр буй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн манай ардчиллын дүр зураг бол төрийн албан тушаалтнуудын үг яриа тусгайлан хамгаалагдаж байгаа буюу иргэнээ биш эрх баригчдыг өмгөөлж, хамгаалсан ардчилал болж хувирч байна. Уг нь эрх мэдэлтнүүдийн нэр төрөө хамгаалахыг Иргэний хуулиар шийдвэрлэгдэх ёстойг олон улсын шүүхүүдийн шийдвэрүүд нотолсоор байгаа юм.
Эрүүгийн хуульд гүтгэлэг, доромжлолтой холбоотой зохицуулалтыг оруулах шаардлагагүй. Харин шүүмжлэлт, эрүүл дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах нь зүйтэй байна. Энэ нь бусдыг гүтгэх, доромжлох явдлыг үгүйсгээгүй. Харин ч Иргэний хуулийн зохицуулалтын дагуу иргэний хэргийн шүүхээр болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлүүлэх арга зам нь илүү тохиромжтой болно гэдгийг олон улсын байгууллагууд маш нухацтайгаар анхааруулсаар байна.
Өнөөдөр тохиож буй олон улсын ардчиллын өдрийг “Дараагийн үеэ хүчирхэгжүүлэх” уриан дор тэмдэглэж буйг НҮБ уриалав. Өөрөөр хэлбэл, залуучууд бол ардчиллын өнөөгийн болон ирээдүйн хамгаалагчид. Хүчирхэг ардчилсан нийгмийн гол цөм нь идэвхтэй, өндөр боловсролтой сонгогчид байдаг. Залуучуудад дуу хоолой нь чухал гэдгийг мэдэрдэг орчинг бүрдүүлэх нь маш чухал гэдгийг дурджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 184 (7169)