П.АМГАЛАН

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Унтэй уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллах хугацаанд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож, БНСУ-ын Үндэсний Ассамблейн хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын явцыг судлаж байгаагаа уулзалтын үеэр дурдав. Тэрбээр, УИХ-аас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэх хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдийн тоо болоод хяналт шалгалтын хэм хэмжээ, чиг үүргийг нэмсэн. Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол хийж буй туршлагаас судлаж, Монголд нэвтрүүлж байна. Үндэсний Ассамблейн өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт, хиймэл оюун ухаан чиглэлээр туршлага судалж байна. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа УИХ болон БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь парламентын бүлэг, парламент хоорондын Тамгын газрын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэх сонирхолтойгоо илэрхийлжээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун “БНСУ, Монгол Улс эрт дээр үеэс түүхэн хэлхээ холбоотой, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байна. УИХ-ын даргыг манай хоёр улсын соёл, уламжлал, түүх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллаж, туршлага солилцоход анхаарал хандуулдагт талархал илэрхийлье. Иймд БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол, өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт хийх зэрэг туршлагаасаа хуваалцах, дэмжихэд бэлэн” гэлээ. Түүнчлэн, Үндэсний Ассамблейн дэргэд Хууль зүй, төсвийн хүрээлэн, мөн судалгааны чиглэлээр хэд хэдэн байгууллага ажилладаг. Бид Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, манай хоёр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг танилцуулах болсныг дуулгав. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг илүү ахисан түвшинд хүргэх, бүх талаар дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэв.

Эх сурвалж:www.polit.mn